Хүүхэдтэй гэж гологдсон гэр бүл 500 мянгаа авахаар боллоо

Yүнд болон бусад тэтгэмжийн талаар албан ёсны хариу өгөх мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг нар өчигдөр хийв. Тэд өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр гаргасан шийдвэрийг танилцуулав. Б.Долгор -Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөгийг олгоход бэрхшээл учирч байна. Ерөнхий сайд газар дээр нь очиж хүмүүстэй уулзсан. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд тодорхой шийдвэр гаргалаа. Гэр бүл болсон, бүртгүүлсэн гэсэн хоёр хугацаа гэрлэлтийн гэрчилгээн дээр байдаг. Энэ хоёр хугацааг адил байх ёстой гэж НХХЯ-наас журам гаргасан юм билээ. Энэ нь хуулийг ташаа болгожээ. Иймээс анх гэр бүл болж буй 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн бүх гэр бүлд тэтгэмж өгөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүртгүүлсэн бол өмнө нь хэдийд ч гэрлэсэн, хэдэн ч хүүхэдтэй байсан тэтгэмж авна гэв.
Энэ он гарсаар 5230 хос гэрлэлтээ бүртгүүлсний 3100 нь урьд онд нэг гэрт орж, гэр бүл болсон байжээ. Мөнгөн тэтгэмж олгох болсонтой холбоотойгоор гэр бүлээ батлуулах явдал эрс нэмэгдсэн ч нэгэнт хуулиар баталгаажуулсан учир нэмэлт санхүүжилт шаардагдвал УИХ-д асуудал оруулна гэж Б.Долгор зөвлөх хэлсэн. Тэд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Сүүлийн үед монголчууд их орой гэрлэдэг болсон. Анх удаа гэрлэж буй 40 настай хосод мөнгө өгөх үү?
Б.Долгор -Дээр би тодорхой хэлсэн. Хэрэв анх удаа гэрлэж буй, 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүртгүүлсэн бол 18, 40 настай ч бай тэтгэмж авна.
-Зарим дүүрэгт тэтгэмж олгох материалыг аравдугаар сарын 1-нээс эхлэн олгоно гэж байна. Ер нь тэтгэмжийг ямар хугацаанд олгох вэ?
-Зарим нэг дүүргийнхэн наймдугаар сарын 1-нээс хойш материал авна гэж зар тараасан гэсэн. Одоо байдал маш тодорхой болж буй учир НХХЯ зохион байгуулалтыг сайжруулж, тэтгэмжийг яаралтай олгоход анхаарах ёстой. Хуульд материал хүлээж авснаас хойш 21 хоногийн дотор олгоно гэж заасан.
-Хосуудын гэрийн хаяг заавал нэг байхыг шаардаж байгаа гэсэн. Мөн алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонтой ахмад настай хүнд тэтгэмж олгоно гэхээр 55 нас хүрэхэд ганц, хоёр сар дутуу хүн авч чадахгүй байна?
С.Чинзориг -Хосууд нэг гэрт орсон л бол хаяг нь адил байх ёстой. Иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй 3-5 жил төрдөө дансгүй явж болохгүй шүү дээ. Энэ бол зайлшгүй зүйл.
Б.Долгор -Алдарт эхийн тэтгэмж угаас ахмад настныг тэтгэх зорилготой хууль. Тэтгэхдээ нөхөн үржихүйд оруулсан хувь нэмрийг үнэлж, хөдөлмөрийн чадвар буурсан үед нь тэтгэмж олгох юм. Yүнийг ялгаварлал гэж ойлгож болохгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button