Найман сартай жирэмсэн бүсгүй өлсгөлөн зарлалаа

Тэрээр энэ жил 23 настай, найман сартай жирэмсэн бөгөөд тус хадгаламж зээлийн хоршоонд гурван сая 500 мянга, Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоонд дөрвөн сая гаруй төгрөг хадгалуулсан байжээ. А.Гантулга нь Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд айлын хөлсний байранд суудгаас гадна нэгэн дээд сургуулийн оюутан аж. Өчигдөр тэрээр төрийн гурван өндөрлөгт өргөдөл өгөх, Монголбанкны захирал О.Чулуунбаттай уулзах гэсэн оролдлого нь бүтэлгүй болсны дараа өөрийн хүсэлтээр ийнхүү өлсгөлөн зарласан байна.
Улаанбаатар хотын түргэний дуудлагын их эмч н.Ариунболд өлсгөлөн зарлагч бүсгүйн биеийн байдлыг үзээд, цус алдах, үр зулбах аюултай байдалд байна. Уг хүн урьд нь шарлаж байсан бөгөөд цусны даралт нь их байгааг ч анхааруулсан юм. Эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж үзсэн ч тэрээр эрс татгалзаж байсан юм.
Ийнхүү зэрэг зэрэг дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын тэмцэл зуны гурван сард ч намжихгүй нь бололтой. Уг эмэгтэйн ард 30 гаруй хүн өлсгөлөн зарлахаар шийдээд байгаагаа ч илэрхийлж байсан юм.
Өлсгөлөн зарлагч бүсгүй Надад өнөөдөр амьдрах орон байр байхгүй, байнгын мөнгөний гачаалд орсон тул өлсгөлөн зарлаж төр, засгаас өгөх хариуг хүлээх л үлдлээ гэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button