Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч эхний даваагаа давав

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын даргын санал болгосон Д.Баярсайханыг дэмжих эсэхийг шийдлээ. Дашдондовын Баярсайхан 1965 онд төрсөн бөгөөд 24 дүгээр дунд сургууль, ОХУ-ын Эрхүү хотын ПТДС, Шихихутуг дээд сургууль, Шинэ Зеландын Викториа сургуулийг тус тус дүүргэжээ.
Хуралдааны эхэнд М.Зоригт гишүүн шинэ даргын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр УИХ ямар ажил хийхийг сонирхсон. Мөн нэр дэвшигчээс хадгаламж, зээлийн хоршоодын дампуурлаас болж нийгэмд үүссэн байдлыг арилгах жор бий эсэхийг лавлав. Эдгээрт холбогдох хүмүүс ийн хариулсан.
Ц.Нямдорж -Санхүүгийн зохицуулах хорооноос аюулгүй байдлыг хангах талаар асуудал тавибал хуулийн зохицуулалт хийж болно. Шаардлага гарвал Засгийн газар, бусад холбогдох байгууллагуудтай ярилцаж үүнийг зохицуулах боломжтой. Ер нь бол төрийн хүнд хүчир, эрсдэлтэй ажил хариуцаж буй хүмүүс өөрсдөө болгоомжтой, зөв ажиллах нь аюулгүй байдлыг хангах хамгийн зохистой арга юм. Би Д.Баярсайханыг нэр дэвшүүлэхдээ ч хуулийн байгууллагад ажиллаж байсан учир хэнтэй яаж ярих, ямар үг хэлж хурцадмал байдлыг намжаах вэ гэдгийг мэдэх байх гэж бодсон.
Д.Баярсайхан -Хэцүү байдлаас яаж гарах тухай бодсон зүйл бий. Эрсдэлийг багасгах ямар арга зам буйг судалж үзнэ. Нэр дэвшсэнээсээ хойш тодорхой зүйл судалсан. Хоршоо ажиллуулах зөвшөөрлийн хугацааг багасгах, нэгэнт зөвшөөрөл өгвөл хяналт сайн тавих, дампуурлын ирмэгт ирсэн хоршоодын эрсдлийг багасгах тухайд анхаарч ажиллана.
Энэ үед М.Зоригт гишүүн бага хохиролтой хүмүүсийн хохирлыг түрүүлж барагдуулах хэрэгтэй гэсэн санал гаргасан ч үүнийг нь Д.Баярсайхан өрөөсгөл талтай гэж дүгнэсэн. Тэрээр, хадгаламж, зээлийн хоршооны гишүүд хувь тэнцүүхэн хариуцлага хүлээх хуультай учир үүнийг харгалзах хэрэгтэй гэв.
Yүний дараа гишүүд саналаа хэлэхдээ нам, бүлэглэл, улаан, цэнхэр ялгалгүйгээр нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлсэн. Тухайлбал, Л.Пүрэвдорж гишүүн дөрвөн жил хамт ажилласны хувьд хуулийн хүрээнд явцууралгүй, өргөн сэтгэдэг, юунд ч түүртэлгүй ажиллаж чаддаг гэж магтав. Харин М.Зоригт гишүүн, Монголын төрийг хямруулах, үймүүлэх гэсэн улс төрийн хүчин, бүлэглэл байгаа учир алив асуудлыг шийдэхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэж сануулаад бага хохиролтой хүмүүсийн хохирлыг түрүүлж барагдуулбал нийгмийн бухимдлыг багасгана гэж зөвлөлөө. Залуу хүн гэдэг утгаар нь Д.Баярсайханд зөвлөгөө өгөх гишүүн мундсангүй.
Ц.Батаа -Танд хэцүү зүйл их тохиолдоно. Танай хороо дан ганцаараа асуудлыг шийдэж дөнгөхгүй. Иймээс УИХ-тай хамтран ажиллаарай. Хүмүүс томилогдчихоод л алга болчихдог. Өчигдөр намайг сайд болгоод өгөөч гэж байсан хүн өнөөдөр утсаа авахгүй алга болж байна. Ингэж болохгүй. Залуу хүн байна зөв ажиллана биз.
Д.Бат-Эрдэнэ -Гал унтраах маягаар ажиллаж болохгүй. Мөн хохирогчдыг хамгаалах нэрийдлээр зөв ажиллаж буй хоршоодыг хохироож болохгүй шүү.
Г.Батхүү -Уг байгууллагад улс төрийн дарамт үзүүлэхгүй ажлаа хэвийн явуулахад бид анхаарах ёстой. Аль нэг улс төрийн хүчний талд ажиллаж болохгүй. Санхүүгийн зохицуулах хороонд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байгаа шүү. Ажил хийхэд тус болох хүмүүсийг авч, шаардлагатай нэгнийг өөрчлөх хэрэгтэй.
Энэ мэт зөвлөгөөний дараа санал хураахад гишүүд шинэ даргыг 100 хувь дэмжиж гар өргөсөн. Ийнхүү Д.Баярсайхан хариуцлагатай албанд очих эхний даваагаа давав. Түүнийг томилох эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганаар шийднэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button