Аргаа өөрчилдөггүй А намынхан

Ардчилсан намын удирдлагын хувьд хамаардаггүй цорын ганц үг энэ юм. Тэдний хувьд цаг үргэлж цагаараа байхын дээр цахилдаг байнга хөхөөрөө үлддэг нь тун сонин зүйл агаад энэ бүгдийг өөрчлөх шинэчлэх гэсэн нэгнийгээ ижил буруутан мэт ад үздэг онцлогтой.
Эдүгээ энэ намын удирдлагын хувьд 16 жилийн турш ажиллах арга барилаа огг хон ч өөрчлөөгүйг олон нийт шагшин гайхах болсон байна. Зөвхөн хурал нь л гэхэд хамгаас түрүүнд намынхаа даргыг хэрхэн огцруулах талаар хэлэлцэхээс эхэлнэ. Бүүр ёс юм шиг. Ялангуяа төр барьж, эсвэл барилцаж байх үедээ зөвхөн энэ талаар л хуралдаж тэмцэлдэнэ. Төр бариагүй үедээ харин намынхаа даргын асуудлыг түр хойш тавьж тухайн үеийн засгийг хэрхэн сэгсрэх вэ гэдгийг хэлэлцэхээс бус тэр улс орны эрх ашиг энэ тэр ёстой нэг падгүй зүйл болно. Заримдаа энэ сэдвээрээ хэдэн шөнө унтахгүй хуралдана. Мөн өнгөрсөн16 жилийн хугацаанд намын дарга болоод Ерөнхий сайдуудыг хэрхэн унагаах талаар гаршсан нөхдүүд тус нам дотор бий болов. Жүжгээр бол зохиолыг нь бичдэг, найруулдаг, тайзан дээр тоглодог гэх зэргээр дор бүрдээ гаршсан байна гэсэн үг л дээ. Ийм зохиолчийн нэгдүгээрт Р.Гончигдорж зүй ёсоор бичигддэг. Харин түүний бичсэн жүжгийн гол найруулагч нь З.Энхболд. Тэд өнгөрсөн хугацаанд олон ч удаа намынхаа дарга нарын маанийг уншихад голлон оролцож, хэд хэдэн Засгийн газрыг огцруулахад тун онцгой гавьяа байгуулсан билээ.
Гэхдээ тэдэнд нэг увайгүй чанар бий. Хэн нэгнийг огцруулахын тулд Ц.Элбэгдоржийн хэлдгээр эхлээд намынхаа нөхдийг тун сайн хошгируулдаг. Заримынх нь элгийг ээртэл хошгируулдаг гэж байгаа. Баруун зүүнгүй даргын суудал амална. Тэгээд хор гүйлгэн зорилгодоо хүрсэн хойноо гэнэт өөрчлөгдөнө. Нөгөө нохойд мод болгон ашигласан намынхаа нөхдүүдийг хуучин намынх нь угшлаар ангилаад эхлэх бөгөөд хошгирсоны чинь хохь хэмээн огтхон ч улайхгүй хэлнэ. Тийм увайгүй загнадаг. Ямар сайндаа л занг нь мэдэх нөхдүүд зайгаа бариад тусдаа хэд хэдэн нам байгуулаад гарчихлаа шүү дээ. ҮШН, АТН, МСДН гэх зэргээр өрх тусгаарласан нь тохиолдлын юм огтхон ч биш. Ердөө л сав л хийвэл хэн нэгнийг хорлох тухай ярих болсон Р.Гончигдорж, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас залхсан хэрэг. Харин тэд болохоор өөрсдийнхөө энэ занг аль хэдийнэ амьдрал битгий хэл улстөрийн хэвшил болгосон тул одоо ч энэ Засгийн газрыг огцруулчих нүх сүв юу байна хэмээн халаас ханцуйг нь яг хулгайч шиг ухаж төнхсөөр л байна. Хамгийн гайхалтай нь дарга сайдыг унагах арга барилаа огтхон ч өөрчилдөггүй нь үнэхээр сонирхол татдаг хэмээн намынх нь нөхөд ярих болсон байна. Тээр жил Орост бичсэн захиа гээд Ж.Наранцацралтыг унагаж асан аргаа энэ удаа л гэхэд Хятадтай хийсэн гэрээ гэх үгээр солиод л энэ Засгийн газрыг ганхуулах гээд үзье гэсэн тэдний төлөвлөгөөг олон хүн гайхаж байна.Одоо чинь бөх л гэхэд нэг наадамд хэрэглэсэн мэхээ дараагийнхад нь давтахаа больчихоод байхад манай хэдэн маанагууд яг нөгөө арга барилаараа л гэрээ, захидал гээд амьсгаадаад явах юм хэмээн гайхах болсон байна. Тэд даацтай мэхийг даамай бодож олоод дархан ганцхан тонгороо болгон ашиглах л чухал гэж үзэж байгаа бололтой. Мөн одоо эд нарыг огцруулаад хэнээр төр бариулах гэсэн юм бол хэмээн гайхах нь ч зүй ёсны зүйл бололтой.Яагаад гэхээр АН маань МАХН-тай хэзээ ч хамтран төр барихгүй гэж дөнгөж өчигдөр ярьчихаад өнөөдөр Засгийн эрх авахаар харайж байгаа нь нэг ёсондоо манай зохиолчид, найруулагчид, жүжигчдийн л албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн байдгийг гэрчилж байгаа хэрэг шүү дээ хэмээн АН-ын дотор гайгүй нэр хүндтэй явдаг хэд хэдэн гишүүн тун харамсангуйгаар өгүүлж байлаа.Тэд цахилдаг байнга хөхөөрөө байгаад дургүйцэх болсны нэг илрэл энэ юм. Мөн аргаа өөрчилдөггүй А намынхан гэсэн үг аль хэдийнэ гарчээ.

2006.07.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button