Нөхөн сонгуульд талийгаач О.Энхсайханы эхнэр Д.Энхтуяа солигджээ

УИХ-ын сонгуулийн 46-р тойргийн иргэд элч төлөөлөгчөө хүлээсээр өнчин-хүүхэд шиг болж гүйцлээ. Улс төрийн тогоонд хамт л чанагдаж явсан юм болохоор бүгд бие биеэ сайн мэднэ. Харин сонгогдох эс сонгогдохдоо тулвал хэн нь илүү хэрсүү, сэргэлэнгээ мэдэлцэж арай л амжаагүй ажээ. Нөхөн сонгуулийн чимээ ойртож нохойн дуу дөхөх тусам хэн нь хэн бэ гэдгээ илүү таницгаах юм гэнэ билээ. Тэр чигээрээ нөхөн сонгуулиар амьсгалаад байсан улс төрчдийг талийгаачийн дүү дүрсхийтэл цочроож амжив. Улс төр гэж үгүй мөн хачин тоглоом шүү. Нэг нь ялж нөгөө нь уйлдаг аргагүй л хэн зальтай, хэн сайн PR-дсан нь хождог хойно. Өдгөө аль намаас хэн гэгч гишүүнээ нэр дэвшүүлэх талаар бүгд амандаа ус залгисан мэт дуугүй хэвээр. Энэ хачирхалтай дуулианыг задлаж талийгаачийн дүү өрсөлдөх талаар шуугиан тараад амжсан билээ. Тэрээр аль намаас нүүрээ улалзуулан нэр дэвших нь хэн хүний таах дуртай тааврын нэг нь болон хоцорлоо. Харин Ардчилсан нам хүүхдийн мөнгө, шинээр гэрлэгсдэд олгох мөнгөнийхөө маргаанаар мэтгэлцэж, Хувьсгалт нам өндөглөсөн өндгийг нь дарж, асарч хамгаалж байж энэхүү хуулийг батласан гэх зэргээр хоорондоо шидэлцэх н.ь энүүхэнд. Энэ асуудал үүгээр намжсангүй. УИХ-ын сонгуулийн 46-р тойрогт намынхаа аль л лидер гэсэн гишүүдийг оролцуулах гэж хэрэндээ л мэрийж байгаа юм гэсэн. Нэг хэсэг нөхөөсөнд Ц.Элбэгдорж илгээгдэнэ гэлцэнэ. Тэгээд огцрохдоо хэлж байсныхаа адилаар олуулаа болоод улс төрийнхнийг самраад өгөх нь гэж ч шуугиж үзлээ. Арга ч үгүй биз дээ. Тэрээр Засгийн газрын тэргүүний албыг хашиж байхдаа хүртэл сонгуульд оролцох гэж шунасан ч аз дутсан. Нэг Сумаар хоёр туулай онох гээд чадаагүй. Харин өдгөө 46-р тойрог нийт улс төрийнхний цөөврүүдийн амттайхан хоол биш гэж үү?
Ардчилсан намаас намын тэргүүн Ц.Элбэгдорж гарах уу, Хувьсгалт намаас хэн гарах вэ гээд хоорондоо мөрий тавиад, мөрий нь бүр дээд цэгтээ тулаад байгаа дуулдсан. Энэ удаагийн нөхөн сонгууль хэрхэн явагдаж, ямар аавын хүүгийн азын од гийх нь тодорхой бус хэвээр үлдлээ. Уул нь долдугаар сарын эхээр явуулъя гэж үзтэл хүүхэд хөгшид амарчихсан байх тул хэн нь сонгуульд оролцох вэ? Аягүй бол өөрсдөө өөрсөддөө санал өгөх аюул гарна хэмээн хойшлуулж есдүгээр сарыг угтахаар тогтсон. Эрэгчин эмэгчнээ үзнэ дээ гэж 75 гишүүн маань хэрэндээ л бэлтгэл базааж буй сурагтай. Зарим нь бүр нэг гал болоод хэд хэдэн хүнээ уяж байгаа аж. Эхний гурван сунгаа аль хэдүйн яваад өнгөрсөн агаад одоо сүүлийн ганц сунгаанд хэн сайн давхина тэр нь нөхөн сонгуулийн урт аянд уралдах сурагтай. Ийнхүү намуудын шоуны цаг эхэлж байхад талийгаач О.Энхсайханы эхнэр ч зүгээр суухгүй бололтой. Хөвсгөлийнхөн хуралдаж нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийг гаргах гэнэ билээ. Тэгэхээр цорын ганц амин сүнс нь талийгаачийн дүү О.Отгонсайхан биш болоод явчихлаа шүү. Талийгаачийн эхнэр Д.Энхтуяа гэнэт тодорч олныг ангайлгалаа. Тэрээр МоАХ-ны анхдагчдын нэг ажээ. Ер нь манай улс төрд ах дүү, амраг садан нь залгамж халааг нь залгуулдаг ичмээр ёс тогтоод байгаа билээ. Харин хэн ч халж чадахгүй бололтой. Хэн нэг нь огцрох, нас барах тохиолдолд яаж ийж байгаад л ах нь уу, дүү, эхнэр үү нөхөр нь түүний сэнтийд тун ч чадмагаар сууж орхино гээч. Ард түмэн ч энэ шоунд нь дасч дээ. Энэ сонин ёс журам-ыг хэзээ, хэн халах бол доо.

2006.07.20 Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button