Газар шороо хөдөлгөөн-ийхөн Хятад руу хүдэр гаргахыг эсэргүүцсээр байна

Тэд нийгэмд болохгүй байгаа бүхний эсрэг давшилтад оржээ. Үүний өмнө Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийхөн Ард түмний намтай хамтран Монголд өчүүхэн татвар төлөх мөртлөө хамаг алтыг нь аваад явчихаж буй Бороо гоулд компанийн эсрэг тэмцсэн. Монголчууд гадаадын компанийн үйл ажиллагааг түр ч атугай зогсоож чадахыг харуулж, тус компаниас эмнэлэг бариулах хөрөнгө гаргуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн хятадууд Монголын төмрийн хүдрийг тэр чигээр нь урагш гаргаж байгааг эсэргүүцсэн тэмцлийг өрнүүлж байна. Энэ талаар манай сурвалжлагч газар дээрээс нь сурвалжиллаа.
Дарханаас 60-аад км давхиад Хамар давааг давангуут Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон руу орох дөрвөн замын уулзвар дээр Хятадын хүнд даацын 30 гаруй улаан машин зогсож харагдана. Чанх дээрээс төөнөх шар наранд тэдгээр машины хоёр монгол, бусад хятад жолооч нарын зарим нь гадаа машиныхаа сүүдэрт ногоон дээр, зарим нь кабиндаа хятад дуу чангаар тавин сонсож, хөлөө ачин залхуутай нь аргагүй хэвтэцгээнэ. Тэд одоогоор ажилгүй байгаа нь энэ. Уг нь тэд тэвш дүүрэн ачсан төмрийн хүдрээ тэртээ бараа нь харагдах Дулаанхаан тосгон дахь төмөр замын өртөөн дээр аваачиж буулгах ёстой. Түүнийг нь Дарханаас ирэх зүтгүүрийн галт тэрэгний толгой цааш цааш нь зөөсөөр Монголын урд хилээр гаргах учиртай юм. Гэтэл үүнийг нь Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн хориглоод байна. Тус хөдөлгөөний Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийнхөн болон Төмөртолгой уул, Дулаанхааны хөдөлгөөнийхөн хятадуудын нөгөөх олон машинаас холгүй 1-2 гэр, майхнаа барьж босгосон харагдана. Тэд Дулаанхаан орох замыг хааж сууцгааж байгаа нь тэр. Бас ч болоогүй Ард иргэд болон улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордын үйл ажиллагааг зогсооё!, Ухаж зөөж харийнханд алдсанаас уурхай байгуулж улсаа хөгжүүлье!, Үндэсний үйлдвэрийн түүхий эд үрэлгэн гараар орж, устах ёсгүй. Улсын орд улс даа! гэсэн уриа лоозонгууд барьжээ.
Үүнээс тэдний тэмцлийн зорилго, шаардлагыг төвөггүй олж мэдэхээр. Энэ бол монголчууд эх орныхоо эрдэс баялгийн эзэн нь байхын төлөөх тэмцэл гэж Миний Монголын газар шороо хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар өгүүлж байв. Дулаанхааны орчимд 4,6 сая тонны нөөцтэй Хуст, 230 сая тонны нөөцтэй Төмөртэй, мөн тэнцэхүйц хэмжээний баялаг бүхий Баянгол зэрэг төмрийн хүдрээр арвин баялаг бүлэг орд байдаг аж. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эдгээр ордыг ирээдүйд ашиглана хэмээн түшиглэн барьсан байна. Тиймээс ч эдгээр ордын хайгуулыг тухайн үед улсаас 1,9 тэрбум төгрөг зарцуулан хийж. Гэтэл 1997 оноос хойш эдгээр ордын лиценз Л.Нацагдорж, Л.Туяа, Баярцогт нарын эгч дүү, эхнэр, нөхөр болох хэдхэн хүмүүсийн байгуулсан БЛТ гэсэн нэг толгой бүхий Төмөртэйн хүдэр, Хустайн Ерөө гэсэн гурван компанийн мэдэлд, хувьд хэдийнэ шилжчихэж. Үүнд нь бүр Хятадын хувийн компанийн хувь ч орчихож. Тиймээс урд хөрш рүү нэг тонн нь дэлхийн зах зээлийн жишиг үнээс 1-2 дахин бага, 30-44 ам.доллараар шууд ачигдаж байгааг Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн эсэргүүцэж улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн лицензийг хувийн өмчөөс хурааж аван улсын үйлдвэрт нь буюу Монголын цорын ганц металлургийн эх-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эргүүлж олгож төр өмчөө мэдэх, улмаар төмрийн хүдэрт экспортын гаалийн татвар тогтоох, суурь үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй харилцан уялдуулах зэрэг шаардлагыг Засгийн газарт хүртэл тавьж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд энэ бүх байдлыг газар дээр нь ирж үзвэл эх орны баялаг хэрхэн сүйдэж, цөлмөгдөж байгааг ойлгоно доо хэмээн хүдэр ачсан Хятадын машинуудын замыг хаан зогсож буй Д.Мөнхболд, Р.Төмөрбаатар, Б.Цэрэнбадам нарын олон хүн хэлж цааш нь дамжуулж өгөөч! гэцгээж байв. Ямар ч гэмт хэрэг, хэн нэгэнд халдсан явдал гараагүй байхад тэднийг саяхан Сэлэнгэ аймгаас цагдаа нар ирж баривчлан Дархан руу ачиж явжээ. Гэвч тэмцэгчид гандан буурсангүй эргэж ирээд гэр, майхнаа бариад дахиад сууцгаажээ. Энэ үйлдлийг тэд төмрийн ордуудыг эзэмшиж буй Монгол, Хятадын хамтарсан компанийн удирдлага болон Дулаанхаан тосгоны захирагчийн тушаалаар хийгдсэн явдал гэж үзэж байв. Дулаанхаан тосгоны захирагчид компанийн зүгээс 15 сая 300 мянган төгрөг өгсөн аж. Гэх мэтээр олон үйл явдал газар дээр өрнөсөөр байна.
Бид газар дээр нь очсоных, төмрийн хүдрийг урагш ачуулж буй Төмөртэйн хүдэр ХХК-ийн ерөнхий захирлын орлогч Л.Алтангэрэлтэй уулзаж болж буй үйл явдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Төмрийн хүдрийг заавал урагш гаргахгүйгээр дотооддоо Дарханы үйлдвэрт өгч боловсруулах боломж байхгүй юу?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоогоор төмрийн хүдэр хайлуулж боловсруулах боломж, хүчин чадал хараахан байхгүй. Тиймээс өнөөдөр бид үнэ өндөр байгаа дээр том хэрэглэгч зах зээл болох Хятад руу гаргахаас өөр аргагүй. Харин экспортолсны дараа гүнийн олборлолт эхлэх үед уурхай, баяжуулах үйлдвэр, цаашлаад ирээдүйд ган хайлшийн үйлдвэр барих төсөл боловсруулж байна.
-Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн, улсын мэдэлд байх, тэр ч байтугай үйлдвэрийг нь түшиглэсэн ордын лиценз хувьд шилжчихлээ гэдэг дээр хөдөлгөөнийхөн эмзэглэж эсэргүүцээд байгааг юу гэх вэ?
-1997 онд анхлан батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу, эрх зүйн хүрээнд бид эзэмшиж байгаа гэсэн хариуг өгсөн юм. Гэвч дээрх хариуг хөдөлгөөнийхөн Эд аймаг, орон нутгаас зөвшөөрөл авч, бие даасан компани болоогүй, техник, эдийн засгийн үзүүлэлт гаргаагүйгээс гадна Хятад руу гаргаж буй хүдэртээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэрээ хийгээгүй, аж ахуйн нэгж хоорондоо хууль бус гэрээ байгуулан газрын төлбөр төлөлгүй ашиглалт явуулж байна хэмээн эрс эсэргүүцэж байна. Ийм тодорхойлолтыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ч гаргасан байх юм.
Б.Болд
(өдрийн сонин 2006-07-20)