МАХН-ын зарим гишүүн хүчтэй Ерөнхий сайдтай болохыг хүсч байгаа гэнэ

Зарим гишүүн нь элдэв далим гарган АН-ын зөвлөлийн хурал руу орох, гарч яваа гишүүдтэй нь үг өдөж сураг сонсох гээд бүх талаар л мэрийцгээнэ.

Харин АН-ынхан хаалттай хуралдаад салдаггүй. Дуу нь нэг өндөрсөж, нэг намсана. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэйгээ өдөржингөө хамтран хуралдсан тэд орой нь намынхаа байранд очиж үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм.

АН-ын гишүүд сөрөг хүчний хувьд энэ хариуцлагагүй, танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа Засгийн газартай хариуцлага тооцох нь зөв гэдэг дээр санал нэгдээд байгаа аж. Гэхдээ гарын үсэг зурагдаад бэлэн болсон Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэзээ өргөн барих талаар шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Үндэслэл, шалтгаанаа тодорхой тогтсон тэдний хувьд хэзээ өргөн барих вэ гэдгээ намын дарга болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэйгээ сайтар ярилцаж байж шийдэх бололтой юм. Эх сурвалжийн мэдээллээр Засгийн газрыг огцруулах асуудлыг намар өргөн барина. Нөхөн сонгуулийн өмнө гаргаж ирж бужигнуулах нь АН-д ашигтай гэж байв. Нөгөө талаас пүрэв гаригт өргөн барьж, энэ долоо хоногт асуудлыг шийднэ. Засгийн газар унах, тогтох нь удахгүй шийдэгдэнэ гэж байлаа.

МАХН-ынхан дотроо гурав хуваагдаад байгаа сураг дуулдав. Нэг хэсэг нь энэ Засгийн газрыг унагасан ч яахав. Ер нь унагаад шинээр хүчтэй Ерөнхий сайдтай болох хэрэгтэй гэж байгаа гэнэ. Тэдний зарим нь АН-аас асуудлыг оруулаад ирвэл шууд дэмжээд өгнө. Намын шийд надад хамаагүй гэж АН-ынхантай хошуу холбож байгаа сурагтай. Удирдлагаасаа айдаг нэг нь утсаа унтраагаад алга болж өгөх гэнэ. Харин нэг хэсэг нь Засгийн газрыг ямар ч байсан цээжээрээ хамгаалаад ирэх сонгууль хүргэх ёстой гэсэн байр суурийг баримталж буй аж. Үлдсэн хэд нь аль нь надад ашигтай байх вэ гэдгийг харзнаж байгаа сураг дуулдана.

Унах аюулд тулсан Засгийн газрын гишүүд зүгээр суухгүй байгаа гэнэ. Ерөнхий сайд нөгөө хэддээ сайдтайгаа үлдье гэж байгаа бол гишүүдтэй тулж ажиллахыг аль наадмын өмнө үүрэгджээ. Сайдууд ч энэ үүргийг наадмын үеэр чамлалтгүй биелүүлж, энд тэнд гишүүдийг аргадаж гуйж явсан гэнэ. Ер нь энэ Засгийн газар огцрохгүйн тулд бүх арга замыг сүвэгчилж байгаа сураг дуулдана. Мөнгө төгрөгийг ч хайр гамгүй цацах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрвээ гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирвэл УИХ тарах ёстой гээд үзэлцэх гэнэ. Өөрсдийг нь огцруулахаар зүтгэж буй намынхаа нэр бүхий гишүүдэд хариуг нь хатуухан барих бололтой. Гэхдээ өөрсдөө бус нөгөө гудамжны гээд цоллоод буй хөдөлгөөнүүдийг мөнгөөр хөлслөн турхирах юм байна. Үүнийгээ хэрэгжүүлэхээр сүүлийн үед төлөөлөгч нь хөдөлгөөний удирдлагуудтай сэм уулзалдаж яваа сурагтай.

М.Батбаатар
(өдрийн сонин 2006-07-20)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button