Бидний хүч найрамдал нөхөрлөлд байдаг

Цар хүрээгээрээ маш томд тооцогдох энэ баярт буриад ард түмэн зохих хувь нэмэр оруулсан юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан бүх Буриадын Алтаргана-2006 наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-нд Буриадын Бүгд найрамдах улсад боллоо. 2004 онд Дорнод аймагт болсон Алтаргана-2004 наадмын буухиаг Буриад улс залгаж авсан юм. Энэ удаагийн их наадамд ОХУ-ын бүс нутгууд, ТУХН-ийн орнууд, Монгол, Хятадын 4000 гаруй төлөөлөгч оролцлоо. Монголоос Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Дорнод, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгаас хамгийн олон төлөөлөгч иржээ. Буриадад зохион байгуулалттай бүлгээр 437 хүн ирж, тэдний хажуугаар Монголын 1500 орчим иргэн хувиараа ирж наадмыг сонирхсон юм. Баярын бүх арга хэмжээг Монголын үндэсний радио, телевиз, Улаанбаатарын UBS телевизийн зураглаач, сэтгүүлчид сурвалжиллаа.
Янз бүрийн ангиллаар болсон тэмцээн, уралдаан, мэндчилгээ төв цэнгэлдэх, морин тойргуулга, гурван театр, дөрвөн музей болон задгай талбайд болсон юм. Усть-Ордын, Агийн Эрхүүгийн, Читийн, Монголын, Хятадын болон орон нутгийн буриадууд урьд өмнөх наадамтай адил идэвхтэй оролцов. Буриадын урлагийн мастерууд Цыренжаповын нэрэмжит дуурь, балетийн театрт концерт тоглож, зочдодоо бэлэг барилаа.
Мөн баярын сүүлчийн өдөр төв цэнгэлдэхэд гала концерт болсон юм. Yнэнийг хэлэхэд энэ бол Орос, Монгол, Хятад, Австрали болон ТУХН-ийн орнуудад хувь заяаны хүслээр амьдарч буй буриад ард түмний нэгдэл, харилцаа, уралдаан тэмцээний баяр байлаа. Наадам эхлэхийн өмнө, зургадугаар сарын 29-нд буриад ард түмний төлөөлөгчдийн хурал болсон юм. Дэлхийн даяаршлын нөхцөл байдалд буриад үндэстний хөгжлийн арга замыг хайх нь хурлын гол сэдэв байлаа. Хурлаар Бүх Буриадын Соёлын хөгжлийн холбоог олон нийтийн байгууллагаас олон нийтийн хөдөлгөөн болгон зохион байгуулж, эрх зүйн статусыг нь өргөж, шинэ ерөнхийлөгчийг сонгов. Ерөнхийлөгчөөр Монголд танигдсан, Эрдэнэт хотод ОХУ-ын консулаар сууж байсан Геннадий Манжуев сонгогдсон юм.
Бидний үзэж буйгаар Монголын төлөөлөгчдийн хувьд наадмын гол арга хэмжээ нь Монголын олон нийтийн зүтгэлтэн, эрдэмтэн, багш, эмч, соёл, эдийн засгийн ажилтнуудыг Буриадын Бүгд найрамдах улсын төрийн шагналаар шагнасан явдал байв. Орос-Монгоын харилцаанд анх удаа Буриадын Бүгд найрамдах улсын удирдлага төрийн шагналаа Монголын ийм олон иргэнд олгосон юм. Мөн Буриад улсын иргэд Монголын янз бүрийн шагналын эзэн болсон билээ. Монголын буриад зон түүхэн эх орныхоо өндөр шагналыг ихэд хүндэтгэн хүлээн авч байв. Энэ нь ХХ зууны эхээр Монголд очиж суурьшиж, тэдний олонхи нь 30-40 онд хэлмэгдүүлэлтэд өртөж байсныг нэхэн дурссан явдал байлаа. Алтаргана наадмын амьдралыг бататгах хүч нь 90-ээд оны эхээр Хэнтий аймгийн сумдын хооронд орон нутгийн шинж чанартай урлагийн наадам хэлбэрээр зохиогдож байсан энэ баяр аймаг хоорондын наадам болон өргөжиж, улмаар 2002 онд олон улсын, бүх буриадын арга хэмжээ болсонд байгаа юм. Наадмын номинац, уралдаан тэмцээний тоо өссөн нь наадмын хөтөлбөрийг баяжуулсан байна. Алтаргана-2008 наадмын буухиаг Эрхүү муж хүлээн авлаа. Баяр наадмын хөгжил, хувьсал бүх Монголын наадам болон өргөжих чиглэл рүү явж байгаад бид гүнээ итгэж байна. Энэ нь даяаршлын үйл явц, бүс нутаг, хил хоорондын хөгжлийн хандлагад бүрнээ нийцэх нь ойлгомжтой.
Танай сониноор дамжуулан Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн идэвхтнүүд, түүний ерөнхийлөгч, ноён С.Билэгсайхан, мөн Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Баярмагнай, Төв аймгийн ноён Ц.Энхбатад төлөөлөгчдийн бэлтгэл ажил, виз бүрдүүлэх, унаа тээврээр хангах зэрэг олон талаар тусалсанд гүнээ талархъя. Тэдний хичээл зүтгэлээр олон төлөөлөгч анх удаа наадамд ирж, өвөг дээдсийнхээ түүхэн төрөлх газар нутагтай танилцсан билээ. Энэ үйл явдал нь гарцаа байхгүй наадмын чухал үйл явдал байсан юм.

Буриадын бүгд найрамдах улсын Монгол дахь төлөөлөгчдийн газрын тэргүүн Н.Алтанов

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button