З.ЭНХБОЛД Гар аргаар алт олборлогчдын ажлын байрыг баталгаажуулна

Нинжа нар хэмээн нэрлэгдээд буй гар аргаар ашигт малтмал олборлогчдод зориулсан энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Хуулийн төслийг санаачлагчдын бүтэц нэлээд өвөрмөц юм. Ашигт малтмалаар баялаг аймгаас сонгогдсон хүмүүс байх шиг?
-Өмнөх парламентын үед ийм хуулийн төсөл явж байсан шүү дээ. Гэхдээ нэр нь одоогийнхоос өөр. Гар аргаар алт болборлох тухай гэж. Энэ төслийг санаачилсан хүн нь өнөөдөр хууль санаачлах эрхгүй субьект болсон. Тиймээс УИХ-ын тухай хуулийн дагуу төсөл буцсан юм. Энэ оны нэгдүгээр сард түрүүчийн Засгийн газар энэ талаархи хуулийн төслийг оруулж ирнэ гэж байсан юм. Гэтэл нэгдүгээр сарын сүүлчээр Засгийн газар огцорч, асуудал хойшилсон. Дараагийн Засгийн газар оруулж ирэхгүй цаг хугацаа их алдсан учраас Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгийн гишүүд нийлээд өргөн барьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ талаар асуудал ихтэй байдаг аймгаас сонгогдсон гишүүд гэсэн үг.

-Одоогоор хэчнээн хүн гар аргаар ашигт малтмал олборлож байна вэ. Энэ талаар ямар тооцоо судалгаа байна вэ?
-100 гаруй мянган хүн ийм ажил хийж аж амьдралаа залгуулж байна. Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагаас хийсэн болон бидний тооцоо судалгаагаар ийм дүн гарч байгаа. Сүүлийн зургаан жилд албан бусаар алт олборлогчдын тоо эрс нэмэгдсэн.
Нинжа нар гээд нэрлэчихсэн энэ хүмүүстэй холбоотой асуудал бүр 1990-ээд оны сүүлчээс эхэлсэн. 2002 онд Yйлдвэр худалдааны яамнаас Yйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлох түр журам гаргаж зохицуулах гэж оролдсон ч чадаагүй. Хэдийгээр олон хүн амьжиргааны эх үүсвэртэй болж байгаа ч гэсэн сөрөг тал цөөнгүй бий. Төв аймгийн Борнуур, Заамар суманд хийсэн судалгаанаас үзэхэд алт олборлолтоос олж байгаа орлого сард дунджаар 100 мянган төгрөгт хүрч, айл өрхийн амьжиргаа сайжирч байгаа сайн тал бий. Гэтэл татвар төлдөггүй, гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг, хүний эрхийг зөрчдөг, хүүхдүүдийг хонгилд ажиллуулдаг, байгаль орчин бохирдуулдаг, хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд хүмүүс ажиллаж амь насаа алдаж байгаа гээд сөрөг үр дагавар олноор гарч байгаа. Тийм учраас хуулийн зохицуулалт зайлшгүй чухал.

-Гар аргаар ашигт малтмал олборлох асуудлыг саяхан батласан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулалт хийж болохгүй байсан уу?
-Уул уурхайн салбарын үйл ажиллагааг 1997 он батлагдсан ашигт малтмалын тухай хууль болон түүнтэй холбоотой дүрэм журмаар зохицуулж ирсэн. Анхнаасаа томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахаар бодож тооцсон нь зах зээлийн шилжилтийн үед бий болсон албан бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг зохицуулахад тохирохгүй байгаа юм. Тиймээс саяхан батласан Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхайтай холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулна гээд заагаад өгчихсөн байгаа.
Хуулийн төслийг Швейцарийн хамтын ажиллагааны агентлагийн хийсэн хоёр жилийн судалгааг үндэслэсний зэрэгцээ бусад улс орны адил төстэй хуулийг судалсны үндсэн дээр боловсруулсан. Швейцарийн хамтын ажиллагааны агентлаг Монголд гурван чиглэлээр туслаж байгаагийн нэг нь энэ хуулийн төсөл юм.

-Бичил уурхайн тухай хуулиас гар аргаар олборлогчдын үйл ажиллагааг яаж зохицуулах вэ?
-Талбайтай болгож, ажлын байрыг нь албан ёсны баталгаатай болгож өгөх. Ингэснээр тэр талбай дээр хөдөлмөрийнхөө аюулгүй байдлаа хангаад татвар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ажиллах шаардлагыг төр засгийн байгууллагын зүгээс тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, албан ёсны бизнес болгоход энэ хууль чиглэж байгаа юм. Тэгэхгүй бол өнөөдөр нэг хэсэг нь бусдын талбайд гуйлгаар маягтай ажилладаг, зарим газарт дайрч ордог, түүнээс болж амь насаараа хохирдог гээд олон асуудал байна шүү дээ. Бичил уурхай гэхээр зөвхөн алттай холбоотой гэж болохгүй. Налайхын нүүрс, Бөр-Өндөрийн жонш хүртэл орж байгаа.

-Тэр талбайд ажиллах зөвшөөрлийг хэн олгох вэ?
-Лицензийг тухайн аймаг сумын Засаг дарга нь өгдөг хялбаршуулсан байхаар тооцож байгаа. Бүр тодруулбал, алт хайж байгаа тухайн газарт нь лиценз бичиж өгч болно гэж үзэж байгаа юм. Тэр газраа ажиллаж дуусаад буцааж булаад дараагийн газрын лицензийг авна гэх мэтээр. Иргэд хувиараа болон томоохон газрыг нөхөрлөлөөрөө авч болохоор төсөлд тусгасан. Шаардлага хангаагүй бол лиценз олгохгүй байж болно.

-Талбайг хаанаас яаж олох вэ, бүгд л ямар нэгэн компани, байгууллагын эзэмшлийнх байгаа шүү дээ?
-Өвөрхангайн Уянгад Эрэл-ийн уурхайн ашиглаад хаячихсан талбайнууд байгаа юм. Түүн дээр нь зундаа 20, өвөлдөө бол 10 орчим мянган хүн очиж ажиллаад болоод байгаа юм. Технологи нь хоцрогдсон тул алтыг бүхэлд нь авч чадахгүй, гол хэсгийг сорчилж аваад хажуугийнхыг нь хаячихдаг юм байна л даа. Гар аргаар олборлогчид түүн рүү нь ороод юм олоод байдаг. Тиймээс ийм газруудыг нь албан ёсоор тухайн компаниудас нөхөн сэргээлтийн нь мөнгөний хамт хүлээж аваад тухайн Засаг дарга бичил уурхайн лицензийг олгох ёстой гэж үзэж байгаа юм. Заамар, Баянхонгорт, бас нүүрс, жонш алтан дээр өөр өөр байх нь мэдээж.
Ер нь гар аргаар олборлож болох шороон ордыг том компаниудад олгохоо болъё гэсэн санаа ч бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button