ХАВРЫН ЧУУЛГАН хаалтаа хийлээ

Гэвч УИХ батлаагүй үлсдэн цөөн хууль, тогтоомжоо гараас гаргаснаар хаврын чуулган өчигдөр үдээс хойш завсарлалаа. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалтын ажиллагаанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нар оролцов. УИХ энэ хаврын чуулганаар 27 хууль, 40 гаруй тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийг хэлэлцэн баталжээ. Эдгээрийн 13 нь бие даасан хууль, 14 нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль байсан байна. Төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцдэг уламжлалтай. Гэвч энэ удаа хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ нь татвар, ашигт малтмалын тухай зэрэг томоохон хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн санхүүжилт зэргийг шийдэх шаардлагатай болсонтой холбоотой аж. Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хууль, Татварын багц хуулиуд зэрэг томоохон ажлын ард гарсан хаврын чуулганыг УИХ-ын дарга цар хүрээ, ач холбогдлоороо Монгол Улсын хөгжил, парламентын төлөвшлийн түүхэнд чухал байр эзэлж, онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэн хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button