Шамиль Басаев амьд гэж үү

Түүнийг устгах гэж Оросын тусгай албад олон жил уйгагүй хөөцөлдсөн ч амжилтад хүрэхгүй байв. Харин энэ сарын 10-нд тэд маш нарийн зохион байгуулалттай, тусгай ажиллагаа явуулсны дүнд зартай алуурчныг устгаж чадлаа. Ингушетийн Элькажевогийн ойролцоо явж байсан ачааны машин дэлбэрч 10 гаруй алан хядагч амь үрэгдэв. Тэдний дотор Ш.Басаев байсан гэж Холбооны аюулгүй байдлын тэргүүн Н.Патрушев мэдэгдсэн юм. Алан хядагчид балмад ажиллагаа үйлдэх гэж явахдаа ийнхүү оросуудын тавьсан занганд орсон ажээ. Зартай алуурчныг устгасан гэж В.Путин Их наймын-ын уулзалтын үеэр сайрхаж суусан нь лавтай. Харин Басаев амь үрэгдсэн нь үнэн эсэхэд эргэлзэж буй хүн олон байгаа ажээ. Ингэж бодох ч үндэслэл бий. 1999 оны нэгдүгээр сард Басаев А.Масхадовын талыг баримтлагчидтай тулалдаж байгаад амь үрэгдсэн тухай бүх л хэвлэлээр мэдээлж байлаа. Москва ч үүнийг үгүйсгэхгүй байсан. Удалгүй Басаев гарч ирснээр энэ мэдээлэл худал болох нь батлагдсан билээ. 2000 оны тавдугаар сард Басаевын үхлийн талаар дахиад л ярьж эхлэв. Тэр үед түүнийг цусны халдвараар нас барсан мэдээллийг Холбооны цэргийн зүгээс тараасан гэдэг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэгэхэд Басаевын бие үнэхээр муу байжээ. Гэвч сайн эмчийн ачаар тэр амьд үлдэв. Удалгүй Холбооны цэргийн хүчин Басаевын отрядыг отолтод оруулж чадлаа. Ширүүн тулааны явцад зартай алуурчин бүслэлтийг сэтэлж зугтсан байна. Маш сайн бүслэлтийг хэрхэн сэтэлсэн нь одоо ч нууц хэвээр. Тэр үед тэндээс хүн байтугай шувуу ч гарах боломж байгаагүй юм гэнэ лээ. Харин Басаев зугтаж чадав. Гэхдээ Басаевын шархадсан хөлийг тайрахаас өөр аргагүй болсон юм. 2001 оны наймдугаар сар. Чеченийн Дотоод явдлын яамнаас олны анхаарлыг татсан мэдэгдэл хийв. Yүндээ Басаев өөрийгөө хянаж чадахаа больсон. Ярьж ч чадахгүй байгаа. Тэр үхэхэд ойрхон байна гэж онцолсон юм. Гурван хоногийн дараа Чечень дэх цэргийн хүчний командлагчийн орлогч А.Кузнецов, Басаев шархдлаа, зургаан бие хамгаалагч нь амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Басаев амь үрэгдсэн гэж дахиад л яригдах болжээ. Гэтэл Басаев амьд гэдгээ мэдэгдэж Чеченийн салан тусгаарлагчдыг баярлуулав. 2001 онд Жанжин штабын дарга А.Квашнин Басаевыг устгаж чадсан талаар мэдэгдлээ. Одоо л Чеченийн ард түмэн энэ алуурчнаас салах нь гэж иргэд ярьж байсан нь биелэх тавилангүй байжээ. Басаев дахиад л гараад ирэв. Хүмүүс ч түүнийг үхэшгүй Кашей гэж нэрлэх болжээ. Тэгэхээр саяны үйл явдлын дүнд эргэлзэхээс өөр аргагүй байгаа биз. Гэвч Москва Басаевыг устгаж чадсан, түүний цогцсыг шинжилж мөн болохыг нь тогтооно гэдгээ итгэлтэйгээр хэлсээр. Yнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Барууны хэвлэлд бичиж буйгаар бол Басаевыг аль хэдийнэ устгачих боломж Москвад байсан аж. Түүнийг тоглоомын хүүхэлдэй болгох сонирхол их байсан нь Басаевыг өдий хүртэл амьд явахад хүргэжээ. Yнэхээр ч ууланд бүгсэн нэг алуурчныг устгах нь Оросын армид юухан байх билээ. Хамгийн гол нь түүнийг хэрэгтэй үед устгаж, нэр хүндээ өсгөх зорилготой Москвагийн бодлогыг хэн ч үгүйсгэж чадахгүй байгаа юм.
