Засгийн газрын ээлжит хуралдааны тойм

Аймаг дундын отрын бүс нутгийн хил хязгаарыг 8 дугаар сарын 1-ний дотор тогтоож, 8 дугаар сараас эхлэн гантай байгаа аймгуудаас отор хийх малчдыг нүүлгэх, өөрийнхөө өмч болох малыг өвөлжүүлэх талаар айл өрх бүр анхаарч, хадлан тэжээл бэлтгэдэг болгож малчдын сэтгэлгээг өөрчлөх, аймаг сумдад хадлангийн төлөвлөгөө гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр нарт даалгалаа. Энэ онд улсын хэмжээгээр 168.3 мянган малчин өрхөд 30 сая мал зусаж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая толгой малаар илүү байна.
Түлш эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад ажлын хүрээнд хийгдэх засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, нүүрс, мазут тээвэрлэлтийг эрчимжүүлэн 10 дугаар сарын 1-ний дотор 20 хоногийн нөөцийг бүрдүүлсэн байхыг Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатад үүрэг болголоо. Шарын голын нүүрсний уурхайн буруугаас өнгөрсөн өвөл үйл ажиллагаа нь доголдсон Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагуудад бусад уурхайн нүүрсэнд тохируулж техникийн шинэчлэлт хийхийг даалгалаа.
Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын бэлтгэлийг 8 дугаар сарын 25-ны дотор дуусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.
Орон нутгийн Засаг дарга нарт нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн бэлтгэлд анхаарахыг даалгалаа.
Өвлийн улиралд цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламжинд тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэн авто замын засвар арчлалтын ажлыг эрчимжүүлэхийг Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд үүрэг болгов

Засгийн газар зардлын реформ хийнэ

Агентлагийн бүтцийг судлах тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамжаар зардлын реформ, төсвийн шинэчлэлийн санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яамдын харъяа төвүүдийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж, бүтэц, орон тоог оновчтой болгох, тэдгээрийн чиг үүргийн давхардал, хийдэгдлийг арилгах, зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэргээр статус тогтолцоог нь боловсронгуй болгох чиглэлээр тодорхой санал боловсруулах юм.

Одоо 5720 төсвийн байгууллага байгаагаас төрийн захиргааны төв байгууллагын түвшинд 350 байгууллага, нутгийн захиргааны байгууллагын түвшинд 5370 байгууллага тус тус ажиллаж байна.
Төрийн захиргааны 350 байгууллагын 61 нь төрийн захиргааны төв байгууллага байгаагаас 13 яам, Засгийн газрын агентлаг 30, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, Їндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн ажлын алба 18 байна.

Идлэг шонхор шувууны жишиг үнийг хоёр дахин нэмж, 10 мянган ам.доллар болгов

Идлэг шонхор шувуу гадаадад гаргах тоог тогтоох, жишиг үнэ, төлбөр хураамжинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. Идлэг шонхор шувууны тоо толгой, тархацад эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгааны дүнг үндэслэн 2006-2007 онд гадаадад жил бүр гаргах идлэг шонхор шувууны тооны дээд хязгаарыг 300 толгой хүртэл, түүний жишиг үнийг хоёр дахин өсгөж 10 000 ам.доллар, төлбөрийг 5400 ам.доллар, хураамжийг 480 ам.доллар байхаар тус тус тооцлоо. Їүнээс өмнө идлэг шонхор шувууг гадаадад гаргахад мөрдөж байсан жишиг үнэ нь 4600 ам.доллар байсан юм.
Манай оронд 10 зүйл шонхор байдаг бөгөөд биеэр хамгийн том нь болох идлэг шонхор манай оронд 3 дугаар сарын дундуур ирж, 10 дугаар сард буцдаг харьцангуй өргөн тархсан шувуу юм. ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судалгаагаар Монголд 16-18 мянга орчим шонхор байна гэж тогтоожээ.

Ерөнхий сайд морины уралдааны маргаантай холбогдсон асуудалд хариуцлагаа хүлээхийг анхааруулав

Ерөнхий сайд сүүлийн 6 жил будилаангүй болсныг энэ жилийн наадмаар будилуулсан хурдан морины комиссын ажил болон наадмын үеэр Заамарт болсон явдалд шуурхай арга хэмжээ авч чадаагүй хэв журмын комиссын ажилд шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг анхаарууллаа. Мөн наадмын комиссын тайланд аудитын шалгалт хийлгэхээр боллоо.
800 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулсан дүн, цаашид зохиогдох наадмуудын талаархи мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм.

Їүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга С.Батболдод дор дурдсан үүрэг болгов. Їндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, 30-40 мянган хүний багтаамж сайтай стадион бүхий үндэсний биеийн тамир, спортын цогцолборыг Яармагийн дэнжих байгуулахаар судлах, нийслэлд 4-5 одтой дээд зэрэглэлийн зочид буудал барих асуудлыг судалж үзэхийг даалгалаа.

Шадар сайд Засгийн газрыг төлөөлж Хүйтний оргилд авирна

Уулын спортын 50 жилийн ойг тохиолдуулан Алтай таван богдын ноён оргилд авиралт зохион байгуулах тухай мэдээллийг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Їүнтэй холбогдуулан энэ арга хэмжээнд Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханг, орон нутгийн удирдлагыг төлөөлж бүсийн Захирагчдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ үеэр аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарт үүрэг болгов.

Нэг өгүүлбэрээр

Малын удмын сангийн үндэсний төв, цөм сүргийн үржлийн төв байгуулахаар Засгийн газрын тогтоол гарав.
Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам, Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
Хүүхдийн биеийн тамир, спортын III наадам зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
Хорват Улсын Загреб хотноо болох Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын зардалд зориулж 17.400 (арван долоон мянга дөрвөн зуун) ам.долларыг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргах тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Эмчилгээний зардалд хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцээд төрийн захиргааны ахмад ажилтан, АИХ-ын депутат асан Г.Төмөрбаатарын эмчилгээний зардалд зориулж 2.5 сая төгрөг гаргах нь зүйтэй гэж үзэж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба
2006.07.19.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button