МАХН-ын мянга мянган бутач хүүхэд хийгээд гэр бүлийн харилцааг тодорхойлох нь

Уг нь эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг сэн. Одоо харин эр эмийн хооронд 500 мянга /нарийн яривал санаачилсан Хувьсгалт нам нь/ жороолдог болж. Тээр жил анх ах намынхныг сонгуульд ялах юм бол шинээр гэр бүл болсон залууст 500 мянган төгрөг өгнө гэсэн сураг олон хүнийг сахил хүртээхээ шахсан. Юмыг яаж мэдэх вэ, мөнгө өгдөг болохоор нь гэрлэж бараалъя гэж. За энэ ч яахав, бараг наргиа. Харин дуулиант 500 мянгаас болж жинхэнэ наргиа, онигоо шиг юм цаагуур чинь зөндөө болж байна.
Энд хамгийн их хэлмэгдэж болзошгүй хүмүүс нь халамжийн байгууллагын байцаагч нар бололтой. Айл гэр, авгай хүүхдийн асуудалд оролцоод баймааргүй төрийн албан хаагчид одоо хэн хэзээ анх танилцаж, хэзээ дэр нэгтгэж, хэзээ гэрлэлтээ бүртгүүлсэн гээд бүр хүүхэд хэзээ олсныг нь ч олж тогтоож баталгаажуулж байх ажилтай болох нь ээ.

Мөнгөө авахаар очсон чинь төрийн албатнууд Хэзээ хүүхдээ олсон гэж асуугаад байх юм хэмээн хүүхнүүд ичингүйрч байна лээ. Бас хэзээ батлуулсан нь хамаагүй ээ, хэзээ гэр бүл болсон юм бэ гэж асуугаад байдаг. Гэр бүл болсон гэж тэдний асуугаад байгаа нь цэвэрхнээр бол хэзээ нэг гэрт орж, дэр нэгтгэсэн юм бэ гэх утгатай боловч бараг л сексийн харьцаанд анх хэзээ орсон бэ гэж асуугаад ч байгаа юм шиг. Зарим нь Миний хэзээ хэнтэй дэр нэгтгэсэн нь төрд ямар хамаатай байна, гэрлэлтээ бүртгүүлсэн нь албан ёсны баримт болохоос биш, нэртэйгээр нь та нар айл бүрээр орж хэн хэнтэй хэдний өдөр унтаж хэвтэж байгааг бүртгэж баймаар юм гэж загначихаж л байгаа. Yнэхээр ч энэ уг нь хүний эрх, хувийн нууцад бүдүүлэг гэхэд багадмаар халдаж байгаа хэрэг л дээ.
Харин бүрэг залуу охид бол нүүрээ дараад зугатмаар л хөгийн юм асууж байгаа гэсэн, халамжийнхан. Гэтэл ашгүй Ерөнхий сайд уржигдархан халамжийн газруудаар орж Хэзээ нэг гэрт орсон нь хамаагүй, гэрлэлтээ бүртгүүлсэн өдөр нь л хамаатай. Хүүхэдтэй ч бай, хүүхэдгүй ч бай шинээр батлуулсан л бол мөнгийг нь олго гэж загначихаад буцсан. Хажууханд нь зогссон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтан Гэр бүл болсон, бүртгүүлсэн хоёул 2006 оны нэгдүгээр сарын 1 -нээс хойш байх ёстой гэж зөвлөмжид заасан байгаа гэж бувтнасныг ч тоосонгүй. Тэр дороо Засгийн газраа хуралдуулж хуульд тайлбар хийгээд л… Сайндаа ч биш, намынх нь амлалтыг тойрсон олон янзын яриа дэгдээд буйг цэгцлэх, нөгөө талаас манай Засгийн газар мөнгө өгч байгаа юм шүү гэж пиардах гэж ийн яаравчлан, хичээнгүйлэн давхисан юм биз дээ.

Харин маргааш нь Ерөнхий сайд маань Та хуульд тайлбар хийдэг хэн бэ? Дээд шүүхийг ганцаараа төлөөлдөг болчихсон юм уу гэж УИХ дээр загнуулав.
Эрхэм хууль тогтоогчдын тайлбарлаж буйгаар бол шинээр гэрлэгсэд нэг гэрт 2006 оны нэгдүгээр сарын 1 буюу түүнээс хойш орсон байх ёстой юм байна. Гайтай нь 2005 оны арванхоёрдугаар сарын 31 -нд яарч гэнэдээд нэг гэр орчихсон бол 500 мянган төгрөгөөс мулт. Сонин байгаа биз.
Энд хамгийн их сонирхол татаж байгаа нь болдоггүй залуусыг арванхоёрдугаар сарын 31-нд дэр нэгтгэсэн үү, хуулийн ёсоор нэгдүгээр сарын 1-нд нэг гэртээ орсон уу гэдгийг халамжийн байцаагч нар хэрхэн тогтоох нь л ёстой ойлгомжгүй байна. Бодвол айл хөршийнхнөөс нь гэрчийн мэдүүлэг гаргуулж, фото зураг, энээ тэрээгээр баталгаажуулсан байх юм болов уу?
Хэрвээ ийм нарийн заалттай / үнэндээ хөгийн/ хууль гаргах байсан юм бол эрх баригчид 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө орон даяар тооллого хийж Дорж, Дулмаатай улаан цайм нэг гэртээ унтаж байна уу, үгүй юу гэдгийг нарийвчлан тогтоох байсан юм, телевизээр Бид амлалтаа биелүүлдэг гэж рекламдаж байхаар. Эсвэл одоо нөхөж тогтоох хэрэгтэй.

Харин тэгвэл хүлээж байгаад хууль гарахаар гэрлэлтээ бүртгүүлье гэж хүлээсэн залуус хоёронтаа хохирох нь. Учир нь 500 мянган төгрөг авчих санаатай байсан тэдний хүүхдүүд бутач хэмээх бүртгэлтэй болж нэг доромжлуулсан. Нэгэнт гэрлэлтээ бүртгүүлээгүй болохоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль бус гэр бүлээс төрсөн тэдгээр хүүхдүүд эхээрээ овоглох ёстой. Тийм болохоор МАХН-ын энэ амлалт мянга мянган бутач хүүхдийн эзэн холбогдогч нь. Нөгөө улаан тарианы хүүхнүүд гэж байсан шиг улс төр хийж бужигнуулж, хошгируулж байх зуур нь төрсөн энэ олон бутач хүүхдийг МАХН-ын бутачууд гээд нэрлэчихэж ч буруутахгүй.
МАХН бутач хүүхдүүддээ өөрөөрөө овогломоор юм. Мартсанаас та нар амласнаа биелүүлдэг биз дээ, тэгж рекламдаад байсан.

Ардын эрх сонин 138 /416/

А.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button