Yндэсний эв нэгдлийн засгийн газрыг огцруулах нь зөв гэж ардчилсан нам үзлээ

Өчигдөр болж өнгөрсөн тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл /Л.Гансүх/-д үүрэг болгосугай гэсэн тогтоол гаргажээ. Yүгээрээ тэд МАХН-д алдаагаа засах боломж олгож байна хэмээн анхааруулж буй бололтой. Ийнхүү үндэсний эв нэгдлийн гэсэн том тодотголтой М.Энхболдын Засгийн газрыг огцруулж, Гүйцэтгэх засаглалын шинэ гишүүдэд Ардчилсан нам урилга хүргүүлэв.

Гэхдээ тус намын УИХ дахь зөвлөл энэ шийдвэрийг УИХ-д хэдийд өргөн барих нь тодорхой бус үлдэв. УИХ хаврын чуулганы сүүлчийн хуралдаан өчигдөр болсон болохоор тэр л дээ. Өнөөдрөөс саарал ордон эзгүйрч, гишүүд тойрог, тойргийн зүг жолоо залахтай зэрэгцэж ийм шийдвэр гаргасан нь олны гайхшралыг төрүүлэв. Гэсэн ч хууль тэдний талд байгаа бололтой. Учир нь Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ- аар хэлэлцүүлэхэд чуулган хуралдаж байгаа эсэх нь огт хамааралгүй аж. Хуульд хэрэв Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан бол 14 хоногийн дотор ээлжит бус чуулган хуралдаж, асуудлыг шийдэх гэсэн заалт бий. Иймд зөвлөл хэдийд УИХ-д өргөн барих нь сонин биш аж.
Ингэхдээ Ардчилсан намын зөвлөл УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийг тулгаж Засгийн газрыг огцруулах шийдвэрээ өргөн барихаар төлөвлөж байгаа бололтой.

Ардын эрх сонин 138 /416/

Г.Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button