Ц. Нямдорж Онцгой үүрэг гүйцэтгэсэн чуулган боллоо

Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийнхээ хугацааны тав дахь удаагийн ээлжит чуулганы хуралдааныг өндөрлөх гэж байна. Хуралдаан 60 гаруй хоног үргэлжилж, нийт 27 хууль, 40 гаруй тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Эдгээрийн 13 нь бие даасан хууль, олон улсын гэрээ, конвенци соёрхон батлах тухай хууль, 14 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль байна.
Өнгөрсөн намрын УИХ-ын чуулган улс төрийн шинэчлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд галлон анхаарсан бол энэ хаврын чуулган зах зээлийн эдийн засгийн харилцааг жам ёсных нь гольдорлоор зохистой төлөвшүүлэх, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нийгмийн баялгийг шударга хуваарилах зэрэг эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн ээдрээ төвөгтэй, бас холын үр дагавартай олон асуудлаар төрийн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, улс орныхоо хөгжлийн бодлого, стратегийн чухал асууд­лыг хөндсөн төсвийн тодотгол, татварын багц хууль, ашигт малтмалын тухай хууль зэрэг хууль, бодлогын баримт бичгүүдийн төслийг УИХ хэлэлцэн батлахдаа парламентад суудал бүхий улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, иргэд, иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчдийн саналыг дэлгэрэнгүй тусгаж, чухамхуү үндэсний зөвшилцөлд тулгуурлахыг эрхэмлэсэн гэдгийг онцлон хэлмээр байна.
Шинээр бүрдсэн Засгийн газар үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл, хөрөнгө санхуүгийн хүрэлцээ, нийгмийн шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр 2006 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх санал оруулсныг УИХ-д өргэн мэдүүлснийг хэлэлцэн баталсны зэрэгцээ Монгол Улсын 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн зөвшөөрлөө.
Улс орны эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтүүдэд тулгуурлан иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд таатай орчин бүрдүүлж, зах зээлийн эдийн засгийн харилцааг төгөлдөржүүлэхэд энэ хаврын чуулганаар хэлэл­цэн баталсан татварын багц хууль чухал ач холбогдолтой боллоо.
Татварын багц хуульд хийгдсэн шинэтгэл нь татварын ачааллыг бууруулах, татвар төлөгчид, тэгш, шударга, ижил нөхцөлөөр татвар төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, татварын орчингоос үүдсэн далд эдийн засгийг багасгах, олон улсын нийтлэг стандарт, жишгийн төвшинд нийцсэн татварын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хоёр шатлалтын хувь хэмжээг 10.25 байхаар бууруулсны хамт татвар ногдуулах ор­логын босгын хэмжээг гурван тэрбум төгрөг байхаар нэмэгдүүлэн тогтоосон нь аж ахуйн нэгжүүд том, жижгээс үл хамааран татварын ачааллын хөнгөлөлтийг жигд хүргэх боломжийг бүрдүүллээ. Татвар төлөгчдийн үйл ажиллагааны бизнесийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд бүрэн тусгахаар болов. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 15 байсныг 10 хувь хүртэл буурууллаа. Хүн амын орлогын албан татварын одоо үйлчилж буй 10, 20, 30 хувь гэсэн ялгаатай гурван шатлалыг өөрчилж, арван хувийн нэг шатлалд шилжүүллээ.
Татварын хуульд нэмэлт өөрч­лөлт оруулсантай холбогдуулан УИХ татварын аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах зарчим баримталж, Мянганы зам, 40 мянган айлын орон сууц барихтай холбогдон гаргасан татварын чөлөөлөл­тийг хүчингүй болголоо. Цаашид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхэд УИХ чухам энэ зарчмыг баримтлах болно.
Ашигт малтмалыг тойрсон олон асуудал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэд сонгогчдын анхаарлыг онцгой татаж байсан. УИХ-д өргөн баригдсан Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн хувилбар бүхий төсөл дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, нэгтгэсэн хувилбарыг боловсруулан тэрхүү төслийг УИХ хэлэлцэн баталлаа. Чингэхдээ Улсын төсвийн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Татварын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь, цогц байдлаар авч үзэж байна.
Энэ хуулийн гол үзэл баримтлал нь ашигт малтмалын хайгуул, олборлолтын аливаа үйл ажиллагаа Монгол Улсын хөгжил, иргэдийн эрх ашигт нийцсэн байх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг адил, тэгш үзэх, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын хувьд төрийн орлоолцоог оновчтой тогтооход чиглэгдсэн болно.

Энэ хаврын чуулганаар шинэчлэн найруулж баталсан Авилгатай тэмцэх хуулиар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргййг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах, албан тушаалын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж шалгах чиг үүрэг бүхий Авилгатай тэмцэх газар байгуулж ажиллуулах эрх зүйн ундсийг тавилаа. Авилгатай тэмцэх газар нь бие даасан, нэгдмэл удирдлагатай, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууц хамгаалах зарчмыг баримтлан ажил­лах болж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний оргил үетэй цаг хугацааны хувьд давхцан тохиосон энэ хаврын чуул­ган цаг үеийн болон улс төрийн нөхцөл байдал, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын цар хүрээ, ач холбогдлоороо Монгол Улсын хөгжил, парламентын төлөвшлийн түүхэнд чухал байр эзэлж, онцгой үүрэг гүйцэтгэхээр чуулган болсон гэж үзэж байна.

Ардын эрх сонин 138 /416/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button