Yлэмж мэргэн далай аваргын өлмий бат оршиг

Yнэхээр монгол хүний баяр баясгалан, Их Нацагдорж эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэж чухам өнөө жилийн наадмыг цохон хэлсэн мэт бодогдоно.Алс баруун хязгаар Ховдын Эрдэнээгийн даага алтан жолоо өргүүлж, их нас будилж, гоё халиун худлаа аман хүзүүдэж, тод манлай уяач Ононгийн адууч Сугарын уясан алаг 12-т давхисан хэрнээ морины комиссын үнэн тооллогоор аман хүзүүдсэн энэ жилийн наадам. Даатгал хээр, Цэнгэл сайдын соёолон, Алтангэрэлийн алдарт шүдлэн энэ жилийн наадмын гоёл. Төө зайгүй анд хэмээгдэх Өсөхөө аварга анд Сумъяадаа анх удаа улсын наадмаар өвдөг шороодож, хатуу гурван даваанд аз дутан барьц сонгуулсан хэрнээ тэсч үлдэж даваагаа ахиулсаар харцага, заан, гарьд цолыг давж алхан арслан хэмээх үнэн хүчит амьтны нэрээр өөрийгөө алдаршуулсан Азжаргал начингийн од гийсэн энэ жилийн наадам. Өө алга.
Гэхдээ уншигч би вээр арай өөр зүйлийг өгүүлэх гэсэн билээ. Энэ жилийн наадмын хамгийн, хамгийн гэвэл далай аварга А.Сүхбат долоогийн даваанд өвдөг шороодож улмаар зодог тайлах тухай мэдээлэл байлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, далай аварга Агваансамдангийн Сүхбат гэж хэн юм бэ.
Шонхор клубын залуу бөх тэрээр анхнаасаа үзэгч олныг шуугиулсан уран хурц барилдааныг үзүүлж эхэлсэн юм. Түүнд их хурд, мэдрэмж, ур, эв байлаа. Өөрийн эсрэг их хүчийг их хурдаар хариулж, уран мэхээр мохоож байсан. Эхэндээ өрсөлдөгчдөө барьц өгөхгүй, өөрөө хүссэн барьцаа олж авч барилддаг байсан. Удалгүй заан болов. Заан байхдаа сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга болж билээ. Гурав дахиа түрүүлчих санаатай бүтэн жил бэлтгэлээ базааж, жингээ барьж байна гэж ярилцдаг байлаа. Гэтэл гай газар дороос гээч юм болов. Тэр жилийн дэлхийн аваргад түүний оронд хэн ч үл таних аймгийн цолтой Одхүү гэдэг залуу явж гэнэ. Yүнд эгдүүцсэн Баянаа аварга сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга хүү Гантогтох, өөрийн шавь дэлхийн хошой аварга Сүхбат нарыг Наран улс руу авч морджээ, буруу ч үгүй биз гэж ярилцаж байсан санагдана. Сүхбатыг мөргөсөн товарищ лав аварга болоогүйдэг. Бусад нь яасан ч билээ. Гавиагүй байх.

Эндээс тэмцэл эхэлсэн болов уу. Дэлхийн гурван удаагийн аварга болчихоод гавьяат горилоод явж байх гэсэн залуу зааны зан хувирч эхэлсэн. Тэр жил бил үү. Монгол бөхийн өргөө үүдээ нээсэн юм. Сайхан өргөөний нээлт хийхэд олон хүчтэн зодоглосон. Гэтэл Сүхбат маань цагийг эзэлсэн их аварга, өөрийг нь сүмогийн дэлхийн аваргад авч мордоогүй сүмогийн холбооны шинэхэн ерөнхийлөгч, дархан аварга Б.Бат-Эрдэнийг бараг боломжгүй байдлаас орхин түрүүлж, бөөн шуугиан тарьж билээ. Чухам энэ үеэс нэгэн хүчтэний ноёрхол дор нэлээн удсан монгол бөхийн дэвжээ хөдөлгөөнд оров. Хар бяраар өрсөлдөгчөө буулган авдаг нэгэн хэвийн уйтгартай барилдааныг тэр халсан юмдаг. Монгол бөх нойрноос сэрэв. Yзэгчид гайхан баярлаж нүдээ арчив. Тэмцэл өрнөв. Хүч тэнцвэргүй ч ухаан сорьсон сонирхолтой тулаан эхлэв. Шуудхан хэлэхэд асар их цол, бярандаа эрдэн буруу сонголт хийж, дэлхийн хошой аваргыг биеэ бэлдэж сойсон их наадамд нь авч яваагүйнхээ горыг амсч эхлэв. Сүхбат эхэндээ үндэсний бөхөөр аварга больё гэж тэгтлээ бодож яваагүй байх гэж хүмүүс ярилцдаг. Yнэн ч байж мэдэх юм. Гэхдээ залуу зааныг тэр намрын сонин шийдвэр үнэхээр хурцалсанд байх шүү. Ингээд бодоход тэр хожжээ. Сүхбатаас барьц авах амаргүй. Бариад авахад ямар ч мэх ирж магад. Унаж үзээгүй шахам их аваргад харанга дэлдэв. Өдрөөс өдөрт харангын дуу чангарав. Бусад залуу хүчтэнүүдэд ч итгэл төрж эхлэв. Сүхбатыг уухайлан дэмжигчид нэмэгдэв. Шинэ зууны босгонд залуу хүчтэн Сүхбат улсын наадмын анхны түрүү авлаа.

2001 он. Ардын төрийн түүхт 80 жилийн ойн жил. Арслан Сүхбат арав давж түрүүлэв. Монгол даяар уухайн түрлэг өргөв. Түүнд бүргэдийн хүч байгаагүй ч шонхорын зориг заяажээ. Уран хурц, сайхан барилдааныг тэр ёстой л үзүүлж байлаа. Тэр эцсийн хүчээ шавхан тэмцэж ялж байлаа. Түүнд олон өрсөлдөгч байсан. Чацаар өндөр, бяраар илүү, туршлага зузаан. Гэвч түүний өмнө бүгд сөхөрчээ. Монгол бөх шинэчлэгдэв. 3-4 цаг тулж зогсч, түрж давдаг цаг улирав.

Хөл авах эрдэм, гар ачих ур, халз хутгах мэдрэмж, барьцгүй хавирах хараа, шуудагнаас татаж давах бяр, эв. Сүхбатын барилдаан үргэлжилсээр шинэчлэгдсээр. Бөхийн өргөө үзэгчээр дүүрч бөхийн тухай дуу шүлэг моодонд оров. Зургаан залуу зааны зурагтай реклам нийслэлийг чимэв. Шинэ зууны эхний хэдэн жилийг Монгол бөхийн хувьд түүнийх гэхэд хилсдэхгүй. Саяхан нэгэн өвгөн зурагтаар ярихдаа би Сүхбат, Өсөхөө хоёрыг үзэх гэж ирдэг шүү гээд нулимс унагаж байсан. Түний нялхаас өтөл буурал хүртэл бөхөд хайртай олныхоо сэтгэлийг эзэмдсэний жирийн нотолгоо энэ юм.

Монгол бөх рүү хөрөнгө мөнгө цутгаж, монгол бөхийн үнэ цэн өслөө. 10 саяыг зарж начин болох энүүхэнд гэлцэх боллоо. Начин цолыг авсан хойно алдсан арвыгаа хэд нугалаад олох боломж бүрджээ гэдгийг ухаарцгааж эхлэв. Баян, том пүүс компаниуд өөрийн бөхтэй болохоор уралдлаа. Энэ бүхний эхэнд Сүхбатын алдар дуурсч байлаа. Өсөхөөг сүлжсэн, Сумъяаг ачсан, Пунцагааг хавирсан, Гантогтохыг хутгасан гэж хүмүүс түүний тухай ярьж байна. Ардын төрийн наадамд олон олон жил түрүүлсэн аваргуудынхаа яаж давсныг сайн санахгүй мөртлөө гурван түрүү авсан Сүхбатын даваа бүрийг кино үзсэн шиг л ярьж байна. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж үндэсний бөхийн мэхийг урлагийн төвшинд эзэмшсэн гэж түүнийг саяхан тодорхойллоо.

Ийм залуу хүчтэн 30 гаруй насандаа зодог тайлна гэжээ. Нэг л уйтай. Намар оройн бороо мэт. Нүүрээ хоёр шудраад, нүдээ нэгэнтээ цавчлаад, зоригоо чангалаад, хийморио дуудаад ханцуй шамлан ордог түүнийг барилдахгүй гэж бодохоор Монгол бөхийн өргөө дундуур юм шиг, монгол түмний наадам дутуу юм шиг, Түүний барилдаан хэд хэдэн онцлогтой. Хараа хурц, хурд онцгой, эв, ур жигд, ер бусын мэдрэмжтэй. Уяхгүй, уйдаахгүй, эрэмгий шаламгай. Мэх олон хувилбартай, уран, хурц, даацтай. Хамгийн гол нь үзэгчдэд сэтгэлийн их таашаал эдлүүлж чаддаг. Лав, сэрвүү барьц, зайнаас адилхан яруу барилдаантай. Түүний нэн гайхам чанар бол өөрийн бяр, чац, ухааныг бүрэн дүүрэн дайчлан эцсийн цэгт нь хүргэж тэмцдэг чадвар юм. Их материалтай ч түүнийгээ чулуу болгож чаддаггүй олон хүчтэнээс тэр үнэхээр тасархай билээ. Тиймээс түүний барилдааныг үзэж суухад, бодож явахад сэтгэл бяраар дүүрч өөрийн эрхгүй инээмсэглэл тодордог. Энэ бол судлаачийн үг биш, сонирхогчийн бодол. Yүнийг тэрлэгч бээр үлэмж мэргэн далай аваргын танил нь ч бус, нутаг нуга нь ч бусаа. Харин түүнийг өөрийн оюуны цар, нөр их хөдөлмөр, эрдэм чадлаараа шинэ зууны босгонд монгол бөхийг шинэчлэгч, хөгжүүлэгч гэж итгэгчийн нэг билээ.

Хөгжил хөдөлгөөний уг сурвалжийг уламжлал, шинэчлэлтэй холбон тайлбарласан нь цөөнгүй. Уламжлалыг өвлөж, шинэчлэлийн жолоог зална гэдэг их хувь заяа. Агваансамдангийн Сүхбат ховорхон тохиох тийм одонд төржээ. Түүний этгээд гэмээр мэдэгдлийг эргэцүүлж үзвэл зөв ч юм шиг. Залуу аваргын чин хүсэл үзүүр түрүүнд үлдэж, үзэгч сонсогчдоо өндөлзүүлэн наадам. Чухам энэ хүслийг гүйцээх боломж хомсдох аваас зодог тайлах нь буруу биш. Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн таван удаагийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Ривальдо тэмцээний дараа идэрхэг, хүчирхэг үедээ зодог тайлж л байсан.

Шинэчлэгчийн хувиар Сүхбат өөрийн замаар замнахыг хүссэн буй заа. Тэр хэдэн жил гарьд, заан, дахиад хэдэн жил харцага, начин төрүүлж хэтэвчээ зузаалах замыг сонгосонгүй ээ. Эрс зоримог шийдэл нь шинэчлэгч Сүхбатын дүр юм. Наадам таниар дутна, наадамчид таныг үгүйлнэ. Гээд яахав. Цаг хугацаа бүхнийг захирдаг хойно. Монгол наадмыг чимж, монгол бөхийг хөгжөөсөн далай авргын ур хийц төгс, гоёмсог барилдаанууд олон мянган үзэгчийн бодол оюунаас мөддөө арилахгүй биз ээ. Далай аваргын өлмий бат оршиг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button