Хариуцлагагүй консулын буруугаас Ерөнхийлөгчийн урилга төөрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ёслолын албаныхан цөхрөнгөө бараад байгаа гэнэ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойдоо манай төрийн өндөрлөгүүд дэлхийн олон орны удирдлагуудыг урьсан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Томоохон зарим улс гүрний Төрийн тэргүүнүүд Монголд зочилж амжихгүйгээ мэдэгдэж, бие төлөөлөгчдөө илгээсэн билээ. Гэтэл өнөөх урилгатай зочдынх нь бүрэлдэхүүнд багтсан Бүгд найрамдах. Польш улсын Ерөнхийлөгчөөс ямар нэг хариу ирээгүй аж. Гайхаж, хүлээсэн Тамгын газрынхан Польш руу утас цохиж Танай Ерөнхийлөгч манай Төрийн тэргүүний урилгыг хүлээж авсан уу хэмээн лавлахад өөдөөс нь Манайд ямар ч урилга ирээгүй гэсэн хариу өгчээ. Төрийн баталгаат шуудангаар илгээсэн урилга эзэндээ очоогүйд гайхширсан тэд Гадаад хэргийн яамныханд ч хандаж, нөгөөдүүл нь Элчин сайдын яам, консулынхантайгаа холбоо барьж өнөөх төөрсөн урилгыг сураглаж. Гурван сарын турш эрэл сурал болсон нөгөө гайхал урилга нь Варшав дахь Монголын консулын албан тасалгаан дахь сейфэд нь хэвтэж байсныг ч илрүүлжээ. Хариуцлагагүй гэдэг үг ч багадам эл явдлын дараа Польшид эх орноо төлөөлөн суугаа манай дипломат ажилтнууд ямар хариуцлага хүлээсэн юм бол. Монголын дипломат алба дампуурсны бас нэгэн баталгаа нь энэ бус уу.

Ардын эрх сонин 138 /416/

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button