Яс боловсруулах үйлдвэр оршин суугчдыг хордуулж байна уу?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орших Линчишие ясны үйлдвэрийн утаанд ойр хавийн оршин суугчид нь хордож байна гэсэн мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж иргэд болон үйлдвэрийн ажилтантай уулзсан юм. Yйлдвэрийн хажууханд Зам, тээвэр, аялал, жуулчлалын яамны Тээвэр, үйлчилгээний төвийн ажилчдын орон сууц байдаг юм билээ.
Оршин суугчдын ярьж байгаагаар үйлдвэр шөнийн 22 цагаас хойш ясаа шатаадаг гэнэ. Ясны өмхийрсөн, эхүүн үнэрт тэдний хоолой хорсч, орон байрныхаа хаалга цонхыг битүүлэхэд хүрдэг ажээ. Зарим үед бүр манан татсан мэт битүү утаа болдог гэж ярьсан юм. Ганц нэг бага насны хүүхдийн нүүр, биеэр тууралт гарсан. Энэ бүхнийг оршин суугчид утаанаас болсон хэмээн таамаглаж байгаа ч албан ёсны эмнэлэгийн магадлагаа нь тэдэнд байсангүй. Харин тэр хавьд оршин суудаг бие давхар эмэгтэйн нүүрээр идээтэй юм туурч, өөр нэг хүний багтраа өвчин хүндэрч эмнэлэгт хэвтсэнийг агаарын бохирдолтой эмч нар холбон тайлбарласан гэсэн.
Бид тэндээс гарч ялаа шавж өмхийрсөн яс энд тэндгүй овоолсон том хашаанд оров. Бидний асуултад нэр, албан тушаалаа хэлэхийг хүсээгүй үйлдвэрийн ажилтан хариулсан юм.

-Танай үйлдвэрийн ясны үнэр иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэсэн мэдээллийн дагуу бид явж байна?


-Yгүй шүү дээ, миний дүү. Дотор нь ажиллаж байгаа бид яах ч үгүй л байна шүү дээ. Хогон дээр байгаа ясыг боловсруулж бүтээгдэхүүн болгоно гэдэг чинь харин ч байгаль орчинд тустай юм биш үү.
-Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр гэл үү, хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?
-Хятад эзэнтэй. Бид Хятадын шаазангийн үйлдвэртэй хамтран ажилладаг. Yйл ажиллагаа маань хараахан жигдрээгүй л байна.

-Ажлын байрны тодорхойлолт болон байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт байгаа юу?


-Ажил жигдрээгүй учраас материалаа бүрдүүлж л байна.

-Ясыг боловсруулаад гурил үйлдвэрлэдэг юм уу?


-Yгүй гурил хийдэггүй, хүмүүс тэгж ойлгодог шиг байгаа юм. Гурил хийдэг яс чинь цэвэрхэн өөр шүү дээ. Бид Хятад руу шаазангийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

-Ясаа хаанаас авдаг юм бэ?


-Энд тэндээс цуглуулдаг. Заримдаа хиамны цехийнхэн машинаар нь авчраад буулгачихдаг. Одоогоор зуухандаа туршилт хийж байгаа болохоор бага зэргийн утаа гарч байгаа. Хятадаас мэргэжилтнүүд ирчихсэн байгаа. Ажил жигдрээд ирэхээр агааржуулалт энэ тэр тавих юм гэсэн. Тэгэхээр утаа гарахгүй. Цаашид бид үйл ажиллагаандаа иргэдийн санал гомдлыг анхаарч ажиллах болно.

Нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан ингэж ярьж байна. Харин бид албаны хүнээс иргэдийн мэдээллийн дагуу тодруулж асуухыг хүссэн боловч үйлдвэрийн эзэд эзгүй байлаа. Нэг талаас хог хаягдлыг дахин боловс­руулж байгаа гэдэг утгаараа сайн үйлс мэт боловч нөгөө талд иргэдийн эрүүл амьдрахуйд сөргөөр нөлөөлж буйг бас бодолцох хэрэгтэй мэт санагдана. Юутай ч иргэдийн мэдээллийг тодруулж, мөн үйлдвэрийнхний албан ёсны бус боловч байр суурийг хүргэлээ. Харин мэргэжлийн хүмүүс асуудалд аль аль талаас нь хандах биз ээ.

Ардын эрх сонин 138 /416/

Б.Должин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button