Засгийн газар намар хүртэл зовиургүй ажиллах нь

Сүүлийн өдрүүдэд ил далд, хонон өнжин үргэлжилсэн УИХ дахь АН-ын зөвлөлийн хурал өчигдөр эцэслэжээ. АН-ын зөвлөл намын гүйцэтгэх зөвлөлтэйгээ хамтран хуралдсаны дүнд ямр ч байсан Энэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Тиймээс огцруулах асуудлыг яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд саналаа хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар болжээ. Харин АН-ын дарга Ц.Элбэгдорж УИХ дахь зөвлөлийн гишүүдээ бас л алдарт хошгируулалтаа хийсэн байна. Гэвч түүний жин тан хэлэлцүүлэг талаар өнгөрч УИХ дахь АН-ын зөвлөл өөр дээрээ дэмий л мөндөр унагаад өнгөрөх нь дээ. Цаашид тэд нэг хэсэгтээ л хэн ч биш болж, АН-ын нэр хүнд ч унах тийшээ хандав бололтой. Ийнхүү Элбэгээ олуулаа болж ирэх мэхийнхээ нэгийг хэрэглэн, намаа далаар нь цэвэр тавьж орхилоо.

Ямартай ч Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт ирэх намрын чуулган хүртэлх айдас ариллаа. Харин намар болтол тэд ямар хор найруулах бол. МАХН-ын дотор ч энэ Засгийн газарт сайн санаж явсан, муу санавал бас чадах хүн цөөнгүй. Ийм хүмүүсийн дотор Ц.Мөнх-Оргил, С.Батболд нар ч зүй ёсоор орно. АН-ын лидер Н.Алтанхуяг, С.Баярцогт, Н.Батбаяр, дээр нь УИХ-ын дарга ч оролцсон байж мэдэх энэхүү жүжиг тун ч явуургүй төгслөө дөө. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчийн үлгэрээр өчигдөр чуулган завсарласны дараа зөвлөл дахин хуралдаж эхлэв. УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийн хувьд эгзэгтэй үед араараа тавиулсандаа гомдож, намын даргатайгаа түнжин хагарч мэдэх л юм. Тэд намын бэлгэ тэмдэг, туг тамганаас цаашгүй болж хувирсан Элбэгээд итгэх хэрэггүй л байж хэмээн гундуухан өгүүлж сууна. Түүний ширээгээ шилжүүлэхийн өмнө заналтайхан амалсан Олуулаа эргэж ирэх мэхүүдийнх нь нэг нь энэ бололтой. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар үйлтэй ч юмаа даа.

Анх байгуулагдсан цагаасаа л огцруулна гэсэн хатуу цаазын дор байнга балбуулан дарамт, сүрдүүлэх дунд ажилласаар ирсэн. Нэг талаараа энэ нь ч сайн болж, шахаанд ажилласан М.Энхболдын Засгийн газрын ажлын эрч хүч, үр дүн муугүй байгаа. Өнөө зун жагсаал цуглаанаас эхлээд янз бүрийн хэлбэрээр сөрөг хүчнийнхэн тэмцлээ үргэлжлүүлсээр байх нь ойлгомжтой. Гэвч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бодлого хэрэгжилтийн үр шимийг хүртэхээр хөөцөлдөж буй иргэд юун тэднийг сонсож, эцэс төгсгөлгүй, утга учиргүй жагсаал цуглаанд оролцож цагаа алдах манатай. Харин ч хүнд хэцүү үед хатаагдаж, борогшсон улстөрч хэмээн Ерөнхий сайдын төлөө хашгирч мэдэх юм. Тэд Засгийн газар огцрох бүрд ард түмэн л хохирдог гэж ямагт нэгэн дуугаар хариулдаг билээ. Ямартай ч наадам шигээ нам гүмхэн, амар амгалан байх нь ээ, өнөө зун.

(Өнөөдрийн монгол 136/306)
Ж.Одгэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button