А.Сүхбатад даян аварга гэж цол олгоно гэж яриагүй

800 жилийн түүхт ойдоо бүгд одтой, хиймортой сайхан барилдая гэж бодсон нь зөв ч хэнбугайн хүү зөрчиж үл болох монгол бөхийн амин сүнс болсон ёс жаягаа сахин дээдлэх учиртай. Улсын заан Х.Мөнхбаатараар долоо давж заан цол хүртсэн М.Баяржавхлан өргөдөл гаргаж Д.Пүрэвсүрэн начинг шүүхэд өгсөн тухай мэдээлэл гарсан. Урьд өмнө монгол бөхийн түүхэнд бөхчүүд бие биенээ шүүхэд өгч байсан тохиолдол ховор болов уу. Энэ тухай тодруулахаар МҮБХ-ны дэд тэргүүн, баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооны орлогч дарга Д.Данзантай утсаар холбогдлоо.

-М.Баяржавхлан заан шүүхэд өргөдөл гаргасан. Үүнд бөхийн салбар хорооны орлогч даргын хувьд ямар байр суурьтай байгаа бэ?
-Өргөдөл өгсөн эсэхийг мэдэхгүй байна. М.Баяржавхлан заан Д.Пүрэвсүрэн начин хоёрын барилдаан төгсгөл хэсэгтээ маргаантай болсон. Үндэсний бөхийн дүрэмд заасны дагуу бид албан ёсоор М.Баяржавхланд сануулга өгсөн. Хэрвээ ийм зүйл дахин гаргавал дараагийн арга хэмжээг авдаг. Харин Д.Пүрэвсүрэн начин ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Наадмын хоёр дахь өглөө зургаагийн даваа эхлэх явцад Д.Пүрэвсүрэнг ард түмнээсээ уучлалт гуйлгая гэтэл Өвөрхангайн Хархорины наадамд аймгийн арслан Т.Санчиртай хамт явчихсан байсан.

-М.Баяржавхлан заан Г.Өсөхбаяр аварга хоёрын барилдаан бас но-той болсон?
-Хоёр бөх хоорондоо чухам юу ярьсныг мэдэхгүй. Ямар ч байсан барилдааны явцад М.Баяржавхлангийн гарынх нь булчингийн мах тасарсан. Мэдээ алдуулагчаар тариад барилдсан. Наадам тартал ямар нэг зүйл мэдэгдээгүй ч 14-ний өдөр өвчилж Сөүл хот руу эмчилгээнд явсан. Одоо ирээгүй байна.

-Мөн далай аварга А.Сүхбат зодог тайлсныхаа дараа надад Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор түрүүлэхэд даян аварга цол өгнө гээд өгөөгүй гэж сонин хэвлэлээр ярьсан. Үүнд ямар хариу өгөх бэ?
-1990 онд гурван аварга, гурван арслан зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэй баталсан МҮБХ-ны дүрмэнд Нэг түрүүлсэн бөхөд арслан, хоёр түрүүлвэл аварга, гурав түрүүлвэл далай аварга.. зэргээр заасан. Тэгэхээр 2001 онд А.Сүхбатад даян аварга цол өгөх ямар ч боломжгүй. Бид чинь хууль дүрмээ л барина.

-А.Сүхбат аварга МҮБХ-ныхон надад даян аварга цол өгнө гэж хэлээд таг болсон хэмээн мэдэгдсэн?
-2001 оны баяр наадамд түрүүлчихээд Б.Бат-Эрдэнэ аварга, Г.Өсөхбаяр хоёрын дэргэд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бид хоёроос Надад далай аварга өгнө биз дээ гэж асуусан. Бид хариуд нь Хуулиа барина гэснээс өөр зүйл хэлээгүй. Гэтэл далай аварга маань Намайг алагчилж үзлээ гэж яриад байгаа нь дэндүү хачирхалтай хэрэг. Наймын даваа эхлэхийн өмнө Биеийн байдал муугаас бөхийн дэвжээгээ орхилоо гэж наадамчин түмнээ үймрүүлчихээд 10 даваа дуусч Д.Сумъяабазарт Монгол Улсын аварга цол өгөхөд гэнэт Намайг алагчилж үзсэн. Би даян аварга цол өгөөгүйгээс зодог тайллаа гэх ухааны юм яриад байж болохгүй биз дээ.

(Өнөөдрийн монгол 136/306)
Н.Тулгаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button