Жаргалаас илүү зовлон даадаг гэдэг нь үнэн аж

ТЭГВЭЛ ТЭР Л СЭТГЭЛ СЭМЛЭСЭН ЭМЗЭГ НАНДИН ЗYЙЛИЙН ТУХАЙ НУУЦХАН ЯРИАГ ТАНЬ СОНСЧ, ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ТУС БОЛОХЫГ ХИЧЭЭН АМЬДРАЛЫН ТОЙРОГ ХЭМЭЭХ ЭНЭХYY БУЛАНГ ГАРГАДАГ ЮМ. УНШИГЧ ТА СЭТГЭЛИЙНХЭЭ НАРИЙН НАНДИНГ ХЭН НЭГЭНТЭЙ ХУВААЛЦАЖ, МЭРГЭЖЛИЙН ХYМYYСИЙН ЗӨВЛӨГӨӨГ СОНСЧ, НЭРТЭЙ ХYМYYСИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГААС ХУВААЛЦМААР БАЙВАЛ БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭГЭЭРЭЙ.

Сайн байна уу. Би танай сонины Амьдралын тойрог буланг уншдаг. Тиймээс ч сэтгэлээ дэлгэхээр шийдлээ. Миний том хүү шоронд ороод дөрвөн жил болж байна. Хүүгийнхээ хийсэн хэргийг уншигчдадаа чин үнэнээр нь хүргэх үүднээс бяцхан түүх өгүүлэх хэрэгтэй боллоо.
Миний нөхөр олон жилийн өмнө нас барж, хэдэн жаахан хүүхэдтэй үлдсэн намайг гоочлох эрс олон байлаа.
Нэг өдөр хажуу айлын залуу согтуу орж ирээд агсам тавьдаг юм байна. Сүүлдээ намайг үсдэж аваад зодож гарсан. Yүнийг дөнгөж 10 нас хүрч яваа том хүү маань хараад тэсэлгүй нэг хөлөөс нь зүүгдэж, эсэргүүцсэн юм. Гэтэл өнөөх согтуу залуу хутга гарган Харж хандах хүнгүй та нарыг алчихсан ч яадаг юм гээд дайрахад нь хүү хажуу тийш зайлсан. Харин согтуу залуу хөл алдаж унахдаа өөрийгөө хутгалчихсан даа. Ингээд л ядарсан биднийг дээрэлхсэн залуу амиа алдаж, миний хүү шоронд явлаа. Шүүх хурал болох өдөр хохирогчдын талаас хэн ч ирээгүй. Би болсон явдлыг үнэн зөвөөр тайлбарласан боловч ойр дотнын хүн нь гэрч болдоггүй гээд хэрэгсээгүй. Уг нь би хүүгээ тэнсэн авчих болов уу гэж найдаж байсан. Гэтэл 15 жил авсан гээд бод доо. Сэргэлэн цовоо, гэнэн хонгор үрээ шоронд явуулна гэхээс зүрх өвдөж, хувь заяандаа гомдож байлаа. Заримдаа надаас болж хүү минь ингэж зовж байна гэхээс нойр хүрэхгүй үе гарна. Миний ганц түшиг тулгуур минь юм шүү дээ. Шоронгоос гарч ирэхдээ аль хэдийнэ нас бие гүйцчихсэн байна. Аягүй л бол элдэв муу муухайг сурсан байх вий гэж айх юм. Яагаад заавал миний хүү ямар ч хэрэг үйлдээгүй байж хайран залуу насаа торны цаана өнгөрөөх гэж. Ийм их сэтгэлийн шаналалтай ядаж байхад бага охиноо өвчний улмаас алдчихлаа. Ахад нь яаж дуулгана даа. Одоо сэтгэл минь тэр чигтээ эзгүйрч, үлдсэн хоёр хүүдээ ээж нь байж чадахгүй мэт сэтгэл төрөөд байх юм. Би нэг компанид цэвэрлэгч хийдэг. Сарын цалингаа арай ядан хоол ундандаа хүргэнэ. Муу хүүгээ жилд ганц удаа л эргэнэ шүү дээ. Саяхан хүүгээс минь захиа ирсэн. Та хүнтэй сууж болохгүй шүү. Эр хүнд итгэлтгүй. Энд ирсэн хүүхдүүдийн олонхи нь аавдаа гомдсон байх юм гэж бичиж. Надад юун эр хүн бодох сөхөө байхав дээ. Арай ядан л амь голтой явна. Хэзээ нэгэн цагт хүү минь шоронгоос гарч элэг дэвтэх цаг ирэх болов уу. Аягүй бол би хүүгээ хүлээж чадахгүй биз ээ. Хүн жаргалаас илүү зовлон даадаг гэдэг нь үнэн юм.

Хөвсгөл. Н.С

Сэтгэл судлаач Ц.Цэцэглэн ийн зөвлөлөө.

-Та нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш энэ амьдралтайгаа эвлэрэхээс аргагүй. Нэг л сайхан өдөр хүү чинь суллагдаад гараад ирнэ. Зовсны эцэст жаргадаг шүү дээ. Ганцаардахгүйн тулд сайн ханьтай болох хэрэгтэй. Хайр халамж хүртээд ирэхээр таны сэтгэл аяндаа тайвшрах болно.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button