Хэнийхээ ачийг хариулах гэж…

Энэ орчлонд аав, ээжгүй амьдрах ямар хэцүү гэж бодно. Эвий миний хүү гээд духан дээр минь үнэрлэж, чин сэтгэлээсээ хэн хайрлах юм бэ. Өөдсийн чинээхэн хоёр дүүгээ яах билээ. Би их сургуулийн гуравдугаар дамжаанд сурдаг. Уг нь сургуулиа төгсчихвөл бид гуравт хэрэгтэй л байх. Гэвч ажил хийж мөнгө олохгүй бол яаж амьдрах билээ. Ээжийг минь нас барсны дараа аав архинд орж биднийг хайхрахаа больсон. Бүр гэр орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг зарж эхэлсэн дээ. Гэвч сэтгэл санаагаар унаснаас болоод ч тэр үү, архинд хордсон уу тун удалгүй бас л бурхан болсон. Хэдийгээр аав минь архи уудаг, муу нэртэй ч бид гуравтаа л түшиг тулгуур байж. Одоо хоёр дүүгийн минь хувь заяа миний гарт байна гэж бодохоор нуруун дээр нэг их ачаа тавьчихсан мэт санагдана. Яагаад заавал миний аав, ээжийг аваад явчихаж байгаа юм бэ. Бурхан гэж байдаггүй юм байна. Ядарсан биднийг яаж амьдар гэж байгаа юм бол. Сэтгэлд бөөн хар зүйл зангираад, би тэсэхгүй нь ээ. Шөнө бүр аав, ээжийгээ зүүдэлж, уйлж байна. Хоёр хөөрхөн дүүгээ харахаар бүр ч их шаналах юм. Бага дүү маань наймхан настай шүү дээ. Би аав шигээ нөмөр нөөлөгтэй, ээж шигээ энэрэлтэй байж чадах болов уу. Дунд дүү дөнгөж 15 хүрч байгаа боловч гадуур тэнэж, бүтэлгүй хүүхдүүдтэй нийлээд байх юм. Урьд нь их л томоотой хүүхэд байсан. Харин одоо огт өөр хүн шиг. Хэрэлдэж, хэдэрлэх болж. Ийм хүнд хэцүү үед загнаад ч яахав гэж бодох юм. Гэвч дүүгээ бас алдчих вий гэж маш их айж байна.

Хамаатнууд маань чадлын хэрээр туслах боловч цаанаа амьдралтай болохоор нарийн ширийн асуудалд тэр бүр оролцож чаддаггүй. Хөрөнгө мөнгөнөөс илүү сэтгэл амгалан, элэг бүтэн байх л чухал аж. Ядуу тарчиг амьдардаг ч гэлээ элгэмсэг, эвтэй найртай, аав ээжтэйгээ амьдарч байвал жаргал тэр. Энэ хорвоод тээж төрүүлсэн эхийнхээ ачийг хариулах амаргүй гэдэг. Тэгвэл би хэнийхээ ачийг хариулах гэж бэдчих болж байна. Хэнийгээ баярлуулах гэж сайн сайхан амьдрах юм бэ. Хэрвээ гэнэт аз таарч, хэн нэгэн сайн санаатан гараа сунгадаггүй юм бол бид гурав хэзээ ч гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрахгүй. Энэ хэзээ ч биелэхгүй мөрөөдөл биз ээ. Яаж ч бодсон эзэмшсэн мэргэжилгүй би хоёр дүүгээ их сургуульд оруулаад төлбөрийг нь төлж чадахгүй шүү дээ. Ажил хийгээд ихээр бодоход л 70 мянган төгрөг авна. Тэгэхээр аравдугаар ангийг нь л төгсгөж чадвал их юм. Уг нь би их сургуулиа төгсөөд Америк явна гэж боддог байлаа. Тэнд миний хайртай залуу бий. Түүнийгээ явахаас нь өмнө олон зүйл тохиролцсон л доо. Гэвч амьдралыг ингэж хатуурхана гэж төсөөлсөнгүй. Юун Америк. Миний хувьд зүүд зэрэглээ л боллоо. Би найз залуугаасаа холдохоор шийдсэн. Түүнд минь ийм амьдрал хэрэггүй. Би л зовсноороо ингээд дуусъя. Миний энэ алхам зөв болов уу. Би цаашид хэрхэн амьдрах вэ. Сэтгэлийг дэм өгч туслаач.

Сонгинохайрхан дүүрэг. Ө.БАЛБУРАМ

Сэтгэл судлаач Ц.Цэцэглэн ийн зөвлөлөө.

-Урсгалаараа нэгэн хэвийн явж байсан амьдрал гэнэт чиглэлээ өөрчлөн эргэлдэхэд сэтгэл зүйн дарамтад ордог. Өөрөөр хэлбэл, хүн аливаа гэнэтийн сайн, муу тохиолдлыг цочрол, дарамтгүй хүлээж авах боломжгүй юм. Энэ охины хувьд аав, ээжээсээ арай л эрт хагацаж сэтгэлийн гүн дарамтад оржээ. Түүний шархыг цаг хугацаа л эдгээж чадна. Өөрийгөө азгүйд тооцож байхаар хоёр дүүтэйгээ сууж байгаад цаашид яаж амьдрахаа, хэн ямар үүрэг хүлээхээ төлөвлө. Энэ ганц чиний хувь заяа биш. Дөнгөж төрсөн өлгийтэй хүүхэд, ээжээсээ хагацаж л байдаг хорвоо шүү дээ. Ухаан бодлоо цэгцэлж, сэтгэлээ уужуу тавь. Эрэгтэй дүүтэйгээ аминчлан уулзаж, ганц түшиг тулгуур болохыг нь ойлгуулаарай. Суурь хүмүүжил нь гайгүй бол эргээд гэртээ тогтох болно. Түүнд ч гэсэн сэтгэл зүйн хувьд хэцүү л байгаа шүү дээ. Тиймээс дүүтэйгээ сайн ярилцаад үз. Тэр чамайг дэмжинэ. Харин найз залуудаа өөрийнхөө амьдралыг яаж өөрчлөгдсөнийг хэлээд үз. Түүнээс холдохоор шийдсэнээрээ чамд туслах, чамайг хайрлах хүнээ алдчихаж байгаа юм биш үү. Өөрөөсөө хүнийг бүү түлх.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button