Та гэртээ зочид урих гэж байна уу

Сайхан зочлох гэдэг бол тэднийг амттай, нүнжигтэй хоолоор цатгана гэсэн үг биш. Энд бусад зүйл ч чухал үүрэгтэй. Английн сонгодог зохиолч Оливер Голдемит Зочиндоо элэгсэг найртай хандах нь хоолонд ямар ч хачраас илүү амт оруулдаг гэж хэлсэн байдаг.
Гэртээ зочид урихдаа юуны өмнө болох гэж байгаа дайллагын агуулга, зорилгыг анхаарч, хэнийг урихаа товлох хэрэгтэй. Төрсөн өдрийн баярт бол төрөл төрөгсөд, дотно найз нөхдөө урьдаг. Харин хурим, шинэ байр, ойн баярт нэлээд олон хүнийг, тэр тусмаа шинэ танилуудаа уривал гэрийн эздэд төдийгүй зочдод ч сонирхолтой, таатай байх болно. Зочдын тоо найрын цар хүрээ, бололцоо нөхцөлөөс шалтгаалдаг.
Зочдыг өөрийн биеэр болон телефон утас, захидал, ил захидлаар урьж болно. Харин урилга хүлээж авсан зочин аль болохоор түргэн хариу өгөх хэрэгтэй. Зочдоос хариу авч, ирэх хүмүүсийнхээ тоог яг мэдвэл тэднийг хэрхэн хүлээн авах, ширээг хэрхэн засахаа бодоход дөхөм болно. Хамгийн хүндтэй нь мэдээж ширээний голын суудал юм. Ширээний байрлалаас хамаарч орох хаалганы өөдөөс харсан, цонхны эсрэг хандсан суудал хамгийн хүндтэйд тооцогддог. Хоёр дахь суудал нь нэг дэхийн эсрэг, гурав дахь нь нэгийн баруун тал, дөрөв дэх нь хоёрын баруун тал, тав дахь нь нэгийн зүүн тал гэх мэт байдаг.

Гэртээ зочин хүлээж авахдаа хэт албархуу байх нь онцгүй. Гэвч төрсөн өдрийн баярт бол хүндтэй байрыг төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүн болон түүний ойр дотнын хүмүүс эзлэх ёстой. Дараагийн суудалд зочид суух ёстой бөгөөд сондгой суудалд эмэгтэй хүн суух нь зохимжгүй. Хэрэв суудал хүрэлцээгүй байвал төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүн өөрөө сондгой суудалд ширээг тэргүүлж байгаа мэтээр сууж болно. Харин гэр бүлийн хүмүүс болон хоёр эмэгтэй нэг дор суухгүй байвал зүгээр.
Настай хүмүүсийг онцгой хүндэтгэж, аль болохоор дээгүүр суулгах хэрэгтэй. Зочдоо уйдаахгүй, хөгжилтэй, найрсаг байлгахын тулд тэдний зан чанарын онцлогт тохируулан суудлаа засвал зүгээр. Хоорондоо үг яриа тохирох, авьяас сонирхлын дагуу яриа дэлгэх боломжтойгоор нь хамт суулгавал тохиромжтой юм. Хэрэв та ямар нэг зүйлд зовж, сэтгэл чинь тавгүй, гунигтай байвал түүнийгээ бусдад мэдэгдэхгүй байхыг хичээгээрэй.

Зочдыг
15 минутаас илүү хүлээх хэрэггүй

Гэрийн эзэд нь зочдын яриаг цаг үргэлж анхааран сонсож, сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэн энэ ярианд бүхнийг хамран оролцуулах юм бол ширээний ард нөхөрсөг, найрсаг уур амьсгал бий болно. Харин хооллох үед ширээнд нам гүм, чимээгүй байдал ноёрхвол гэрийн эзэн түүнийг аятайхан өөрчилж бүгдийг хамарсан яриа өрнүүлэх хэрэгтэй.
Зочдын дунд улс төр, шинжлэх ухаан, мэргэжлийн талын чухал асуудлыг хөндсөн ярилцлага үүсгэхдээ шинэ кино, жүжиг, номын тухай ярианаас эхэлж болно. Иймд гэрийн эзэд улс төр, соёл урлагийн амьдралын шинэ соргог мэдээ, сонин сайхныг өөрсдөө сайн мэдэж байвал зүгээр. Ямар ч үед зочдыг өөрийн гэр бүлийн дотоод асуудалд оролцуулахгүй байх нь чухал. Зочдодоо ямар хоол, зууш барихыг гэрийн эзэгтэй өөрөө шийдэж, дайлах хоолны нэрсийн цэс зохиох хэрэгтэй.
Гэрийн эзэд зочдоо баяр баясгалантай, өндөр сэтгэгдэлтэй, тэдний ирсэнд их баяртай байгаагаа илэрхийлж угтаж авна. Хүмүүсийг хооронд нь мэргэжлийг нь хэлж танилцуулах нь илүү тохиромжтой бөгөөд залууг нь настайд нь танилцуулдаг журамтай. Гэрийн эзэгтэй өрөөнд хамгийн сүүлд орно. Товлосон цагаас хожимдох нь дайллагын дэг журмыг эвдэж, гэрийн эздийг гомдоож, ажлыг нь алдуулдаг тул уригдсан хүмүүс яг л тогтоосон цагт очих хэрэгтэй. Гэрийн эзэд цагтаа ирээгүй зочдыг 15 минутаас илүүгүй хүлээгээд ирсэн зочдоо ширээнд урина.
Yүнээс илүү удаан хүлээх нь ирээгүй хүнээ ирсэн зочдоосоо илүү чухалд тооцож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Хүмүүс цайллагын ширээнд суусны дараа хожимдож ирсэн хүн эхлээд гэрийн эзэгтэйтэй мэндэлж, түүнээс уучлал гуйдаг. Энэ үед гэрийн эзэгтэй суудлаасаа босох хэрэггүй, мөн ямар учраас хожимдсоныг тодруулж асуухгүй байх нь дээр. Урьсан явдалд баярлаж, хүндэтгэснээ илэрхийлэхдээ эзэгтэйд цэцэг бэлэглэж болно.
Ер нь зочид бүгд нэгэн зэрэг ирэх нь үгүй. Иймд түрүүлж ирснийг нь чилээхгүйн тулд амттан өрсөн хөнгөн ширээ засаарай. Мөн жимсний шүүс, коктейль бэлтгээд түүнд зориулсан мөс, гуурс тавибал зочдод ялангуяа хүүхдүүдэд нэлээд тааламжтай байх болно. Yүнээс зочид өөрсдөө сонгон найруулж уувал илүү амттай, сонирхолтой байхаас гадна энэ завсар зочид хоорондоо танилцах боломжтой.

Олон хүнтэй
өрөөнд лаа асаагаарай

Эрэгтэйчүүд аль болохоор суудал эзлэхгүй, хүүхэд эмэгтэйчүүдийг суулгах хэрэгтэй. Эмэгтэй хүний дэргэд эрэгтэй хүн суух ёсгүй, харин эмэгтэй хүн сууж байгаад зогсож байгаа эрэгтэй хүнтэй ярилцахыг ёс журамд хориглодоггүй. Зочид бүгд ирсний дараа эхлээд хүйтэн ундаа, дараа нь хүйтэн зууш, халуун хоолоор дайлна. Дараа нь гэрийн эзэгтэй бүгдийг ширээнд суухыг найрсгаар уриад, хүүхэд хөгшдөд өөрөө хоол аягална. Түүнд найз эмэгтэй нь тусалж болох ба архи, ундааны зүйлийг гэрийн эзэн аягалж өгч болно.
Зочид явахаар зэхсэн үед хоол ундаар хэтэрхий их шахах нь эвгүй. Суларсан аяга таваг хураах, архи хундагалах, цай аягалах, идээний тавгийг сэлбэж дүүргэхдээ хүний анхаарал татахгүй, чимээ гаргахгүйгээр үйлчлэх хэрэгтэй. Гэрийн эзэд зөвхөн нэг хүнтэй дотночлон ярих нь эвгүй.
Хэрэв цайллага удааширвал дахиад ямар нэг хүйтэн зууш өгөөрэй. Зочид бүгдээрээ нэг өрөөнд багтахгүй байвал залуучуудад тусад нь ширээ засч өгч болно. Гэрийн эзэд өөрсдийн насыг үл харгалзан настайчуудтай хамт байх нь зөв. Цөөн хүнтэй байсан ч хүүхдүүдэд тусгай ширээ засч өгвөл зүгээр, харин нийтийн ширээнд суулгах болбол эцэг эхийн хамт суулгана. Багавтар цайллагад гэрийн эзэгтэй өөрөө үйлчилж, зочид нь тусалж болно.
Халуун хоолыг эрт таваглах хэрэггүй. Хоол, зууш аяга, таваг өгөхдөө зочныхоо зүүн талаар, хураахдаа баруун талаас авна. Хүйтэн зуушийг том тавагт хийж ширээнд нийтийн дунд тавиарай. Айлд уригдсан хүн юуны түрүүнд хажуу дахь хүндээ үйлчлэхийг урьдал болгох хэрэгтэй. Төрсөн өдөр тэмдэглэхээс бусад тохиолдолд хүн урихдаа ямар учраас урьж байгаагаа тодорхой мэдэгдэх нь зүйтэй. Ойр дотнын найз нөхдөө цайнд урихдаа нэг өдрийн өмнө юм уу тэр өдөртөө ч хэлж болдог.
Амралтын өдрийн үдийн хоолонд голдуу ах дүү, төрөл саднаа урьдаг. Гадаа цас бороотой, шавар шавхайтай байвал хивсээ хурааж авсан нь дээр, ямар ч үед зочдод гэрийн шаахай өмсүүлэхийг цээрлэдэг. Сайхан хувцаслаж, гоёж ирсэн зочдод гэрийн шаахай өмсүүлэх нь тэднийг хүндэтгээгүй хэрэг болно. Харин ч гэрийн эзэгтэй өөрөө гэрийн гутлаа сольж, гоёлын туфль өмсөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд лааны дөл бага боловч агаар цэвэрлэдэг тул олон хүн тамхи татсан өрөөнд лаа асааж болно. Лааны голыг тойруулж давс цацвал жигд бөгөөд удаан хайлна.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button