Чимээгүй алуурчныг хэн бэлддэг вэ

Зөв хооллож эрүүл ахуйн дэглэм баримталбал 150 наслах боломжтой гэдэг. Иймээс манай сонин Та 100 насалж чадна шинэ булан нээсэн билээ. Уг буланг ВИП клуб төрийн бус байгууллагын тэргүүн, хоол судлаач Б.ГЭРЭЛМАА хөтөлж байна.

Чихрийн шижин өвчин хүний бие махбодийг аажмаар чимээгүйхэн идсээр бие харьцангуй сайн байгаа гэсэн ташаа ойлголт өгдөг. Эхлээд удаан үргэлжилсэн цангаа, ойр ойрмогхон шээх гэх мэтийн ялихгүй шинж тэмдэг илрэх бөгөөд энэ үед өвчтөн ямар нэг юм нь болохоо больсныг анзаардаггүй. Энэ байдлыг эмчлээгүй удвал цусан дахь сахрын хэмжээ хэт ихэсч, судсанд хуримтлагддаг. Аажмаар судас энд тэндээ бөглөрч, их чихэртэй цус биеийн эд эсэд хор учруулж, нүд, бөөр, зүрхийг гэмтээнэ. Ингэснээр цус харвах, зүрх муудах, цусны даралт ихсэх, бөөрний ажиллагаа доголдох, хараагүй болох, цусны эргэлт муудсанас болж хөлийн тавхай шархлах зэрэг муу үр дагаварт хүргэдэг. Чихрийн шижинтэй хүмүүсийн олонхи нь яг уг өвчнөөр бус түүнээс дагалдан гарах дагавар өвчлөлүүдээс шалтгаалж нас барах нь түгээмэл юм.
Чихрийн шижингийн хоёр хэлбэр байдаг. Эхний хэлбэрийг инсулины хамааралтай гэнэ. Энэ хэлбэр удамшлын хамааралтай байх нь түгээмэл. Хоёр дахь хэлбэрийг инсулины хамааралгүй гэдэг. Энэ нь дэлхий даяар шижингийн өвчлөлийн 90-95 хувийг эзэлдэг байна. Булчирхай инсулин ялгаруулах үүргээ гүйцэтгэмээр байвч хангалттай ялгаруулж чадахгүй байна уу, эсвэл бие махбодь инсулинээ зохистой ашиглаж чадахгүй байна уу гэдгийг эрдэмтэд сайн тогтоогоогүй юм. Энэ хэлбэрийн хор уршиг үнэхээр их.
Диабетаар өвдсөн хүмүүс инсулины дутагдалд орсон нэг шалтгаан нь ихэнхдээ нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд эвдэрсэнтэй холбоотой байдаг. Ийнхүү эвдрэх шалтаг олон боловч биеэ гамгүй эдэлж, эрхтнийхээ ашиглалтын зааврыг байнга зөрчих нь ийм таагүй үр дагаварт хүргэдэг.

Гэнэт инсулин огт байхгүй болох, эсвэл ноцтойгоор дутагдах хэлбэр ихэвчлэн хүүхэд, залуучуудад тохиолддог учир түүнийг өсвөр насныхны шижин гэдэг. Аз болоход ийм хэлбэрийн чихрийн шижин нь үхрийн ба гахайн нойр булчирхайнаас гаргаж авсан инсулинаар тариулахад л эдгэдэг.
Харин чихрийн шижинтэй хүмүүс голдуу насанд хүрэгсдэд тохиолддог шижингээр өвддөг. Энэ тохиолдолд нойр булчирхай нь инсулин (ихэнхдээ хэвийн хэмжээнд) ялгаруулах боловч бие махбодийн эдүүд мэдрэтгий бус болсон учир цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд хүрдэг байна. Сахраа хэрэглэж чадахгүй болно гэсэн үг. Сахрын өвчтэй хүмүүсийн олонхи нь илүү жинтэй байдаг. Сахарын өвчнөөр өвдөгсөд зохистой хооллодог болох ёстой бөгөөд нойр булчирхай ахиухан инсулин ялгаруулахыг идэвхжүүлэгч эм уух хэрэг гарна.

Амьдрал дээр чихрийн шижингийн хоёр хэлбэр хослон тохиолдох нь бий. Хүүхдүүд хүртэл насанд хүрэгчдийн хэлбэрээр, нас тогтсон хүмүүс инсулины хамааралтай хэлбэрээр өвдсөн байдаг.
Чихрийн шижин өвчний нийтлэг шинж тэмдгүүдээс нэрлэвэл хамгийн түгээмэл нь бие сульдаж ядрах. Энэ нь тослог, нүүрс ус, уургийн солилцоо хямарч, эрчим хүчний дутагдал үүссэнтэй холбоотой. Ойр ойрхон ихээр шээж, бие шингэнээ алдан, байнга ам хатаж, салст бүрхэвчүүд болон арьс хуурайших нь цусан дахь сахар их байх болсноос шалтгаалдаг. Энэ өвчнөөр өвдсөн зарим хүн турж эцдэг нь илүүдэл глюкоз шээсээр гадагшилж байгаа учир бие эрчим хүчээ авахын тулд өөх, булчин махаа идэж байгаа гэсэн үг.
Нэгдүгээр хэлбэрийн буюу инсулины хамааралтай чихрийн шижингийн шинж тэмдэг хэдхэн долоо хоног буюу сарын дотор цочир илэрч болдог бол инсулины хамааралгүй шижингийн шинж тэмдэг удаан илэрнэ. Олон жилийн турш мэдрэгдэгдэхгүй явдаг. Хэрэв өвчтөн олигтой эмчилгээ хийлгэхгүй бол цусан дахь глюкоз байнга их байсаар комын байдал үүсч мэднэ.
Энэ өвчний улмаас нүдний торлогт өөрчлөлт орсноор сохрох, бөөрний дутагдал үүсэх, судас хатуурах (атеросклероз), гарын сарвуу, хөлийн ул өвчин орох буюу мэдээ алдах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах (өтгөн хатах, гүйлгэх) шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлнэ. Мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж, бэлгийн чалхгүй болох, шөнө гүйлгэх, босоход толгой эргэдэг болдог.
Цусан дахь сахар их байх нь бактери үржих нөхцөл бүрдүүлж, халдвар эсэргүүцэх чадварыг бууруулдаг. Ингэснээр арьсны өвчин, шээсний замын халдвар, үтрээн дэх үрэвсэл үүсч болзошгүй юм.
Тэгвэл биеийнхээ ажиллах горим, ашиглалтын зааврыг мэдэхгүйн гайгаар амттай, сайхан гэж бялуу, боов, чихэр, амттанг дуртай үедээ идэж, түүнийгээ жаргал эдэлж байна хэмээн төөрөгдөж, энэ ажлаа буруу гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал улайстлаа ажилласан нойр булчирхайгаа жагсаалаас гаргана гэсэн үг.
Чимээгүй алуурчин-г хүн өөрөө бэлддэг. Энэ бүхнээс тодорхой байгаа биз. Харин амьдрахын тулд иддэг хүнд ийм зовлон огт тохиолдохгүй.

Энэ өвчний эмчилгээ нь цусан дахь сахрын төвшинг хэвийн болгоход чиглэнэ. Нэгдүгээр хэлбэрийн үед инсулин хэрэглэнэ. Аль ч хэлбэрийн шижин өвчтэй хүн хоолны дэглэм сахих ёстой. Бие махбодио шимт бодисын дутагдалд оруулахгүйгээр цусан дахь сахрын хэмжээг хянаж, биеийн жинг хэвийн болгон тогтвортой барьж байхад зөв хооллолт хамгийн чухал.
Чихрийн шижингээр өвдөөд удаж байгаа нэг настайвтар эмэгтэй курсэд суухаар ирэхдээ Хар талх, шар будаа, байцаа, хар мах төдийхнөөр хооллох ёстой болохоор идэх ч юм олдохгүй, хоолны нэр төрөл хэдхэн. Ядахдаа ходоод шархтай, даралт их болсон. Инсулингүйгээр байж чаддаггүй. Yнэгүй олгодог байснаа худалдаж ав гэдэг боллоо. Энэ хэцүү амьдралаас салах арга байна уу гэж асууж байсан. Тэр эмээ үндсэн курс, эзэгтэйн дамжаа хоёрт сууснаас хойш хоёр сар гаруй болж байна. Цусан дахь сахар нь хэлбэлзэхээ больж, хаван нь бууж, ходоод өвдөх нь намдаж, хоол нь шингэж сайжраад, толгой нь өвдөхгүй, зүрх нь дэлсэхгүй, хамгийн гол нь бие нь хөнгөрсөн байгаа юм. Инсулинээ ч бага хэрэглэх болсон гэсэн.

Тэр хүнд зааж өгсөн өдрийн хоолыг сонирхуулъя. Чанаад машиндсан 80-100 гр үхрийн үстэй гүзээг тараг, зөөхий, ногоон сонгиноор амтлан жигнээд, ууранд жигнэсэн улаан манжин, шар лууванг салат, ногоон навчтай хольж, бага зэрэг оливын тос, шар буурцгийн сүмсээр амтлаад хачирлаж иднэ. Зун бол гүзээний оронд 50-60 гр шар буурцгийн махыг шар буурцгийн тос, шар буургийн сүмсээр амтлан идвэл сайн. 50 гр орчим шинэхэн ээдмийг ногоон навчтай хольж зууш болгосон ч болно.
Yхрийн булууны ясны тунгалаг шөлөнд халгай, өндөгний цагаан нэмж, гоньд, бага зэрэг давстайгаар нэг аягийг уух. Энэ дэглэмийг мөрдсөн тэр эмэгтэй Алуурчны илд дороос толгойгоо мулталж авч болох юм байна шүү гэж үнэн сэтгэлээсээ хэлж байна лээ.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button