Энэ жилийн начны найраа 35 000 000-д хүрлээ

Жил бүрийн зуны дэлгэр цагт монголчууд бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн эрийн гурван наадмаа үзэх гэж тэсэн ядан хүлээдэг билээ. Ёстой л найман настай балчираас, наян настай хөгшдөө хүртэл гоёхын дээдээр гоёод нийслэлийнхээ урд зүгт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн лүүгээ яардаг. Чухамдаа хүчит бөхчүүд, хурдан морьд харваачдынхаа бахархалтай шударга өрсөлдөөнийг үзэж сэтгэлээ сэргээх гэж тэмүүлдэг нь тэр. Энэ жилийн наадам Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Улс хувьсгалын 85 жилийн ойтой давхцаж байгаадаа ч тэрүү өргөн дэлгэр боллоо. Ахмадууд хүртэл ойрын 35 жилд болоогүй сайхан наадам боллоо гэж ярилцах нь олонтаа тааралдаж байлаа . Юутай ч 1024 бөх барилдан, нас болгонд 300-гаас дээш морь хурдалсан гэхээр аргагүй л том наадам.

Түүний дотор хүчит бөхийн барилдаан онц сонирхолтой, хэн ч таашгүй сайхан болсон юм. Их баяр наадмын түрүүг улсын гарьд Д.Сумъяабазар арав даван авч, Монгол улсын 19 дэх аваргаар тодорлоо. Улсын начин Д.Азжаргал азтай, хийморьтой барилдаж, харцага, заан, гарьд цолыг алгасаж Монгол улсын арслан цолыг хүртсэн нь түүхэнд тэмдэглэх бахдам амжилт болсон юм. Тэрээр аргагүй л таавар будилуулсан уран гоё барилдааныг үзүүлэн арслан болсон доо. Ийм цолтон төрсөн наадам ойрын 45 жилд тохиогоогүй юм билээ. Мөн улсын начин долоо, харцага хоёр, гурван заан шинээр төрлөө. Ард түмэн гэдэг гэнэн итгэмтгий цайлган улс. Тэд хэн гэж бөх түрүүлж, хэний морь айрагдах вэ гэж гэгэлзэж хүлээдэг юм.. Жил бүрийн хүчит бөхийн барилдаанаар Начны найраа гэж нэг айхавтар юм болдог. Энэ жил харин өмнөх жилүүдийг бодвол найраа бага явагдлаа гэж бөх сонирхогч ард түмэн үзэж байгаа аж. Юутай ч жилийн жилд байсаар ирсэн энэ зуршил давтагдсан. Энэ жилийн начны найрааг хамгийн өндөр үнэ хүргэсэн нь Дорнод аймгийн арслан Цогзолдорж гэж хардаж байна. Тавын даваанд хэнтэй барилдаж улсын начин хийснийг уншигч та мэдэж буй биз.Манай нэртэй, нөлөөтэй заануудын нэг бий. Барилдахын өмнө найраа хийгч найраанд орогч хоёр маань 25 000 000 төгрөгөөр тохирсон байсан боловч яг гардаг дээрээ ханш шууд л 10 000 000 төгрөгөөр өссөн гэж хамт байсан бөхчүүд нь ам алдаад авна билээ. Өөрөөр хэлбэл ханш шууд 35 000 000 хүрсэн гэсэн үг. Ямартаа ч улсын начны босго өндөр хойно аймгийн арслан Цогзолдорж начин болохын тулд буруу харж уйлж байгаад л хэлсэн мөнгийг нь өгсөн гэсэн. Нэгэнт өнөөдөр начин гэх алдрыг эрхэм ерөнхийлөгчөөсөө гардсанаас л хойш үүнээс хойших элдэвийг нь дэлгээд яахав. Өөрөө хойтон жилийн наадмаар сайн барилдаж, уран гоё мэхүүдийг уралдуулан хийж бөх сонирхогч ард түмнээ баясгаж чадвал аяндаа ард түмэн түүнийг хүндлэх болно биз. Бас нэгэн найраатай үйлдэл явагдах гэж байсныг улсын харцага Баяржавхлан /сая заан болсон/ таслан зогсоосон байж магадгүй гэх хар мөн л байна. Улсын начин Пүрэвсүрэн тавын даваанд начин төрүүлэхээр бэлдээд, ойр тойрныхондоо ч хэлсэн байсан боловч ахмад цолтой нь түрүүлж ам авдгийн хуулиар улсын харцага Баяржавхлан улсын начин Пүрэвсүрэнг амлачихжээ. Улмаар арал чац өндөртэй, бяртай харцагад уналгүй яахав дээ. Найрааны начин төрүүлж овоо хэдэн төгрөг өвөртлөх бодол нь бүттэлгүйтсэнд уурссан начин бөхийнхөө торгон ногоон дэвжээн дээр улсын харцага Баяржавхланг шанаадаж тавьтиргүйтэв. Хоёр засуул болоод цагдаагийнхан очиж салгаагүй бол тэнд юу ч болж мэдэх байлаа. Хэдэн жилийн өмнө өдгөөгийн далай аварга Өсөхбаяр Сүхбат аваргыг ногоон дэвжээн дээрээ өшиглөснөөс болж бөөн юм болж байснаас өөр ийнхүү зүлэг ногоон дэвжээнээ нэгнийгээ унагалаа гэж цохиж авсан түүх давтагдаагүй л байсан юмсан. Гэхдээ яах вэ шанаадуулсаныхаа дараа толгойдоо хүйтэн жин тавьчихсан хэнэг ч үгүй алхаж явсан харцага маань урамтай сайхан барилцаж заан цол хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button