Шинэ гэр бүлд олгох 500000-аас болж төрийн ордон дахин дайралтад өртлөө

Гэтэл УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнөхөн шинээр гэр бүл болж байгаа залууст олгох 500000 төгрөгийг зөвхөн 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэр бүл болсон залууст өгөхөөр болгож шийдвэрлэлээ. Түүгээр ч барахгүй УИХ-ын дарга Ц.Нямдорж энэ хуулийг завхруулбал Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай хариуцлага тооцохоо хатуухан мэдэгдсэн юм. Төр, засгаас хэдхэн хоногийн зөрүүтэй гаргасан эдгээр шийдвэрүүд өчигдөр залуусыг Төрийн ордон уруу дайрахад хүргэлээ. Урьд орой нь мэдээллийн хөтөлбөрүүдээс 500000 төгрөгийн тэтгэмж хүртэх эрхгүй болсон залуус өчигдөр өглөөнөөс Төрийн ордны гадаа цуглаж, 500000 төгрөгийг өгнө гэж амласан Ерөнхий сайд М.Энхболд, өгөхийг хориглосон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарыг гарч ирж уулзахыг шаардсан боловч ямар ч албан тушаалтан тэдний угийг сонсох байтугай хүлээж аваагүйд залуус тун бухимдуу байлаа. Арга ядсан залуус үе үе Төрийн ордны баруун хаалга уруу довтолж, Төрийн ордны хамгаалалтын албаныхныг сандаргаж байв.

Залуусын ярьж байгаагаар, гэр бүлээ батлуулахад ихээхэн хэмжээний зардал гарч байгаа гэнэ. Тухайлбал, ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг журамтай. Гэтэл сүүлийн үед гэр бүлээ батлуулах гэсэн залуусаас тус бүр 1000 төгрөг хураан авч, ДОХ-ын шинжилгээ хийдэг болсон тухай залуус ам амандаа уралдан өгүүлэв. Түүнчлэн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлээс олгодог тодорхойлолт дүүрэг бүрт харилцан адилгүй ханштай байгаа аж.Сүхбаатар дүүрэгт эхнэр, нөхөр хоёулаа энэ тодорхойлолтыг авахад 4000 төгрөг төлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 6000 төгрөг болсон байна. Хамгийн гайхалтай нь Сэтгэцийн эмгэг, наркологийн төвөөс өгдөг сэтгэцийн эрүүл эсэх тодорхойлолтын үнийг хэд дахин өсгөжээ. 1500 төгрөгөөр олгож байсан дээрх тодорхойлолт тус бүр нь 3500 төгрөгийн үнэтэй болж, эхнэр нөхөр хоёулаа тодорхойлолтыг авахад 7000 төгрөг төлж байж алгын чинээ цаасыг худалдаж авч байгаа аж. Дээр нь ИБМУТ-өөс лавлагаа авахад 1000 төгрөг зарлагадсан байна. Ажил төрлөө хурдан амжуулахын тулд нааш цаашаа явахдаа такси барьснаа тооцоод үзэхэд нэг хүнээс дор хаяж 50000 төгрөг элоэг зарцуулсан гэж залуус тайлангаа тавив. Ингээд хамаг материалаа бүрдүүлээд явж байтал УИХ-аас хориглосон шийдвэр гаргасанд залуус тун эгдүүцэж, тэмцлийн хэлбэрт шилжихээс өөр аргагүй байдалд хүргэсэн гэнэ. Хэрвээ төр, засгаас ойрын хугацаанд тодорхой шийдвэр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч залуус нуусангүй.

Чингэлтэй дүүргийн оршин суугч Х.Чимгээ
-Миний хувьд нөхөртэйгөө 2002 онд танилцаад 2006 оны зургадугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэтэл танилцсан он сарыг минь харчихаад дүүргийн халамжийн ажилтнууд 500 000 төгрөг авах эрхгүй гэсэн. Уг нь хэд хоногийн өмнө Ерөнхий сайд М.Энхболд 500000 төгрөг олгож байгаа явцтай танилцаж байхдаа хүүхэдтэй нь хамаагүй 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш албан ёсоор гэр бүлээ батлуулсан бүх хүнд энэ мөнгө очих ёстой гэж хэлсэн. Гэтэл өчигдөр УИХ-ын дарга Ц.Нямдорж энэ байдлыг өөрчилж орхилоо. Бүр тохуурхаж байгаа юм шигжагсана уу, өлсөнө үү хамаагүй өгөхгүй гэж хэлсэнд залуус маш их гомдолтой байгаа. Ер нь өнөөдөр Монгол Улсыг хэн удирдаад байгаа юм бэ. Эсвэл ямар ч удирдагчгүй болчихсон юм уу. М.Энхболд нь нэг юм ярихад, Ц.Нямдорж нь үгүйсгээд байгаа нь ямар учиртай юм бэ.Бид өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэнэ ээ. Санал авах болохоор бид нараар дөрөөлж амлаж болдог, өгөхөө болохоор саналаа өгсөн биднийг ялгаж зааглан харамладгийг ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ бид цаашдаа тэмцсээр байх болно.

Баянгол дүүргийн оршин суугч С.Болормаа
-Манай нөхөр бид хоёр хамт амьдраад хоёр жил гаруй болж байна. Нэг хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн маань гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн бид хоёрыг гэрлэсэн гэж үзээд байгаа. Үнэндээ бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээн дээр 7 дугаар сарын 19-нд албан ёсоор гэр бүл болсныг баталгаажуулав гэж тодоос тод бичсэн байхад яагаад ингээд гуйвуулаад байгаа юм бол. Мөн хүүхэдтэй учир өгөхгүй гэсэн. Хүүхэд гэдэг чинь гэр бүлийн хамгийн том баталгаа биш юм уу. Хэзээ байтлаа хүмүүс танилцангуутаа нэг гэрт орчихдог билээ. Дор хаяж нэгжил үерхэнэ. Ингээд хамтран амьдарна, тэгээд үр хүүхэдтэй болно. Энэ бүхний дараа л бид нэг гэр бүл болж болох юм байна гээд гэрлэлтээ баталгаажуулдаг биз дээ. Гэтэл УИХ-ын дарга юу юугүй нэг гэрт оруулах гээд байх юм. Өөрөө ч гэсэн эхнэртэйгээ өнөөдөр нь танилцаад маргааш нь суугаагүй байлгүй.

Баянзүрх дүүргийн оршин суугч М.Нарангэрэл
-Би одоо үнэндээ цөхөрч байна. Төр, засаг биднээр даажигнаж байна. Нэг өглөө босоод ирэхээр өгнө, мөнгөө очоод ав гээд, маргааш өглөө нь болохоор та нарт өгөхгүй гээд байх жишээтэй. Миний хувьдтөр, засгийн ингэж тоглоом болж байхаар гэр бүлээ батлуулах гэж баахан зарлагадсан мөнгөө л олж авмаар байна. Ээмэг, бөгжөө барьцаанд тавьж байж, шинжилгээ, тодорхойлолт цуглуулсны хэрэг гарсангүй. Бидэнд энэ 500000 төгрөгөө өгч чадахгүй таталдаад байгаа юм бол зарлагадсан мөнгийг маань эргүүлж өгөх хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн оршин суугч Ч.Болд
-Манай эхнэр дөнгөж саяхан төрсөн. Шинэ төрсөн хүүхэд бүрт олгож байгаа 100000 төгрөгийг нь хөөцөлдвж аваад 50000 мянган төгрөгөөр нь эхнэр хүүхдүүдийнхээ хоол ундыг нь базаагаад, 50000 төгрөгөөр нь гэр бүлээ батлуулахаар бичиг баримтаа хөөцөлдсөн. Гэтэл манай дүүргийн нийгмийн халамжийн ажилтнууд манай гэр бүлийг шаардлага хангахгүй гэсэн. Уг нь 500000 төгрөгөө авчихвал гэр авч тусдаа гаръя гэж бодож байсан юм. Өглөө бүр бичиг баримтаа хөөцөлдөх гэж Дамбадаржаагийн эцсээс 2500 төгрөгөөр такси барьж ирж байсан. Одоо 500000 төгрөгөө өгөхгүй юм бол ядаж бидний зарцуулсан мөнгийг өгөх хэрэгтэй. Залуус ийнхүү дор бүрнээ бухимдаж, нэлээд хэдэн цаг зогссоны эцэст нэгдсэн зохион байгуулалтад орохоор болов. Түүнчлэн богино долгионы радиогоор 500000 төгрөгийн тэтгэмж хүртэх эрхгүй болсон залуусыг Төрийн ордны ард ирж, тэмцэлд нэгдэхийг уриалсан зар өгөхөөр хүн бүрээс 100 төгрөг хураан авч, ажлаа хувааж авснаар тэдний энэ өдрийн тэмцэл өндөрлөх тийшээ хандсан. Гэхдээ тэд тэмцлээ улам хүчтэй үргэлжлүүлнэ гэдгээ дахин дахин хэлж байсан юм.
Т.Баярмаа
/Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button