Ц.Нямдорж Засгийн газар амь нэг, үхэл нь нэг ийм л субъект

Тиймдээ ч түүний хэлсэн Би хуулийн редакц дээр маш сайн ажилладаг. Над шиг ийм УИХ-ын дарга дахин гарах эсэхийг мэдэхгүй гэсэн бардамнал зүй ёсных. Хаврын чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан тэрээр сэтгүүлчидтэй нүүр тулж уулзав. Нүүр тулсан ярилцлагын нэг талд УИХ-ын дарга, нөгөө талд сэтгүүлчид байлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН КАБИНЕТААР АЖИЛЛАХ ЗАРЧИМ ЗАРИМ ТОХИОЛДОЛД АЛДАГДАЖ БАЙГАА НЬ YНЭН
-АН-ын гүйцэтгэх зөвлөл Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Засгийн газрыг огцруулах үндэслэл байгаа гэж Та бодож байна уу?
-Одоогийн УИХ, Засгийн газар улс төрийн маш төвөгтэй нөхцөлд ажиллаж байгаа. Энэ УИХ-ын даргаар намайг томилогдож байхад Нямдорж хатуу бэрх ааштай, их хурлыг тараагаад дуусах байх гэсэн болгоомжлол олон нийтэд байсан нь үнэн. Би энэ их хурлыг удирдахдаа нэлээд хатуу гараар атгаж байгаа нь ч нууц биш. Цаад зорилго нь энэ УИХ-ын бүрэлдэхүүний сул сүүдэртэй талыг нь дараад, сайн талыг нь дүүрэн ашиглах байдлаар улс орны хэмжээнд сүүлийн 15 жилд хуримтлагдсан шийдвэрлэж чадахгүй байсан асуудлуудыг улс төрийн зөвшилцийн аргаар шийдвэрлэж, энэ төр улсад хэрэгтэй ул мөр үлдээе гэж л өнөөдрийг хүртэл ажилласан. Жишээ нь, сая Авилгын эсрэг хуулийг баталсан явдал улс төрийн хүнд шийдэл байсан. Татварын хуулиудад зоримог шинэчлэл хийсэн. УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчилсэн гээд. Ямар ч байсан янз бүрийн аргаар хэлэлцсээр байгаад шийдвэрүүд гаргаж чадаж байгаа нь УИХ муу, сул талаа дарж, сайн ажиллаж байгаагийн баримт нотолгоо болж үлдэнэ гэж бодож байна. Засгийн газар ч гэсэн улс төрийн их ойролцоо бүрэлдэхүүнтэй УИХ-ын үед, улс төрийн хүнд төвөгтэй нөхцөлд ажиллаж байгаа. АН Засгийн газрын тухайд санал, дүгнэлт гаргаж буй явдал нь цэвэр өөрийнх нь улс төрийн шийдлийн асуудал. Энэ шийдэл бараг ажил хэрэг болохгүй байх. Засгийн газрын зарим гишүүний тухайд хөнгөн хуумгай явдал, дутагдал, зөрчил гаргаж байгаа нь үнэн боловч энэ нь бүхэлдээ Засгийн газрыг огцруулах хуулийн үндэслэл болохгүй. Асуудлыг ярихад хүрвэл үүнийг гаргаж байгаа хүмүүстэй ярих хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ урьд нь гаргасан алдаандаа дүгнэлт хийж, цаашид сайдынхаа суудал дээр зөв сууж, төрийн ажлыг явуулах болов уу гэж найдаж байна. Чадахгүй бол асуудал ярина. Улс төрийн ерөнхий нөхцөлийн тухайд АН-ын харьяалалтай 25 гишүүн байна. Дээрээс нь бие дааж нэр дэвшиж сонгогдсон гурван гишүүнийг оруулбал 28 болно. Засгийн газрыг УИХ-ын 76 гишүүний 50+1 дээш хувь нь огцруулъя гэсэн тохиолдолд огцордог. Тэгэхээр МАХН-ын бүлэг, МАХН Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа нөхцөлд хэнээс ч, ямар ч санал ирсэн Засгийн газрыг огцруулах бололцоо байхгүй. Тэр тусмаа энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд энэ 28-аас бусад нам төлөөлөлтэй байгаа тохиолдолд огцруулах улс төрийн бололцоо байхгүй. Гэхдээ миний ийм үг хэлж байгаа явдал нь Засгийн газар муу ажилласан ч хариуцлага тооцохгүй гэсэн үг биш шүү. Засгийн газар сайн ажиллах ёстой. Бүр маш сайн ажиллах ёстой. Муу ажиллавал асуудлыг МАХН-ын зүгээс ч гэсэн тавихыг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ нь тавина гэсэн үг бас биш.
-АН-ын зөвлөл Засгийн газрыг огцруулахаар бичиг өргөн баривал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах уу?
-УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлаар санал тавибал хуулийн дагуу хүлээж авахаас өөр аргагүй. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь санал тавибал ээлжит бус чуулган хуралдуулж болдог хуулийн заалттай. Гэхдээ ээлжит бус чуулган зарлана гэдэг нь Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Шулуухан хэлэхэд, Засгийн газартай холбогдсон асуудлыг тавих гээд арга эвээ олж ядаад наадмын өмнө ярьцгаагаад байсан. Наадах чинь бүтэхгүй. Одоо Гүндалай, Эрдэнэбат, Жаргалсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй гээд байдаг. АН-тай хамтарч ажиллахаараа ашиг сонирхлын зөрчилгүй болдог, МАХН-тай хамтарч ажиллахаараа ашиг сонирхлын зөрчилтэй болдог юм байхгүй шүү. 2004 оны сонгуульд Эрдэнэбатын нам АН-тай эвсээд, Элбэгдоржийн Засгийн газрын үед сайд нь байсан биз дээ. Тэр үед сонирхлын зөрчилгүй байж байгаад өнөөдөр МАХН-тай хамтрахаараа жигтэйхэн хадны мангаа шиг сонирхлын зөрчилтэй болчихно гэж байхгүй. Юманд жаахан шударга хандмаар. Миний ийм үг хэлж байгаа нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон сайд нар эрх мэдлээ хувийн явцуу сонирхолд ашиглаж эхлэх юм бол хариуцлага тооцохгүй байна гэсэн үг биш. Би Энхболдын Засгийн газрыг байгуулагдаж байх үед нь хойноос нь нэг юм хэлээд гаргасан байх аа. Албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглах юм бол УИХ бүрэн дүүрэн эрх мэдлээрээ ажиллаж эхэлнэ шүү гэдгийг сануулсан. Тэр бол битгий шунахайр, битгий хувийн сонирхолд засгийн эрх мэдлийг ашигла, төрийн ажлыг төрийн хүний ааш араншингаар хий гэсэн захиас байсан. Yнэхээр тийм хариуцлагагүй үйлдэл гаргавал УИХ хариуцлага тооцно. УИХ яаж тооцох вэ гэхээр, одоогийн мөрдөж буй хуулиар Байнгын хороод УИХ-аас томилсон албан тушаалтныг огцруулах санал гаргах эрхтэй. Яг тэр хуулийн заалтаар Байнгын хороодоор хэлэлцүүлээд УИХ дээр оруулж ирээд кноп дараад шийднэ. Өөр асуудал байхгүй.
-Ерөнхий сайд М.Энхболд та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Yл ойлголцол байдаг гэлцэх юм?
-Ерөнхий сайд бид хоёрын харилцаа маш сайн байгаа. Маш муу байгаа Ерөнхий сайдыг огцруулчихаад, Нямдорж өөрөө намын дарга, Ерөнхий сайд болох гэнэ гэсэн хардлагуудыг сонин хэвлэлээр бичсэн. Бас зарим хүн тийм юм болж магадгүй гэж дотроо бодож байсан байж магадгүй. Тийм юм байхгүй. Гэхдээ энэ сайн харилцааны цаана ажил алдах ёсгүй гэсэн зарчим дээр хатуу ярьж байгаа шүү. Тухайлбал, зарим нэг санал зөрөх асуудлыг Ерөнхий сайдад би шуудхан хэлдэг. Ийм юмыг чинь дэмжиж чадахгүй, ингэж алдаж болохгүй гээд. Ерөнхий сайд, УИХ-ын даргын алдаа хувь хүний алдаа биш, төр, засгийн асуудал байдаг учраас алдаж болдоггүй юм. Зарим нэг томилгоо чинь биш байна шүү гэж би хэлдэг. Ингэж ярьсан юмыг энэ хоёр ерөөсөө болохоо больчихлоо, нэг нь унаж таарах нь гэдэг байдлаар ойлгодог юм шиг байгаа юм. Би МАХН-ын үе үеийн дарга нарыг дэмжиж ирсэн. Яагаад дэмждэг юм гэхээр, МАХН бол Монголын төрийг түшиж байгаа гол нам. Энэ гол намын даргын явуулж байгаа бодлогыг дэмжих явдал нь цаад талдаа Монгол төрийн бодлогыг дэмжиж байна гэсэн үг. Энэ утгаараа Н.Энхбаяр даргыг намын дарга байхад ч дэмжиж байсан. Одоогийн намын даргыг ч дэмжиж байгаа. Алдаа дутагдал гаргах үед нь Энхбаяр даргад ч хэлдэг байсан. Одоогийн намын даргад ч шуудхан л хэлдэг. Заримдаа муудалцах үе ч гарах нь бий. Төрийн хэргийн төлөө, намын үйл хэргийн төлөө хатуу үг хэлсэн явдал нь дагуулаад нам удирдаж байгаа хүнийг өөрчилнө гэсэн үг биш. Гарч байгаа алдааг зогсоогоод цаашид зөв замаар явна гэсэн үг.
-Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж чадахгүй байна, бодлого алдагдсан гэдэгтэй санал нийлэх үү?
-Зарим тохиолдолд алдагдах гээд байна шүү. Тодорхой хувь хүмүүсийн араншингаас шалтгаалаад. Тийм байж таарахгүй. Засгийн газар амь нь нэг, үхэл нь нэг байдаг Yндсэн хуулийн субъект. Засгийн газар дээр яригдсан асуудлын талаар Засгийн газрын гишүүн УИХ-д өөр юм ярьж болдоггүй. Тийм хуультай юм. Нөгөө талаас хэдийгээр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр сонгогдсон тохиолдолд хамжааргатай байж сурах нь Засгийн газрын гишүүний дээд зэргийн соёл байх ёстой. Харамсалтай нь, манай Засгийн газрын зарим гишүүн үүнийг ойлгохгүй байна. Ялангуяа эрхэлж байгаа асуудлынхаа талаар УИХ-д оруулж ирэхдээ гишүүдтэй эвтэйхэн харилцаж улс төрийн дэмжлэг авах явдал нь Засгийн газрын тухайн гишүүний төрд алба хаших нэг ёс суртахуун, урлаг байх ёстой. Өнөөдрийг хүртэл үүнийг ойлгохгүй явж байгаа гишүүн байна. УИХ-ын 76 гишүүнийг айлгаж, Засгийн газрын гишүүнийхээ хувьд хариуцсан асуудлаараа дэмжлэг авна гэж тооцож байгаа бол үүн шиг эндүүрэл байхгүй. Одоогийн энэ УИХ-ын бүрэлдэхүүн байтугай 70 гаруй гишүүн нь МАХН-ынх байхад би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа хариуцсан асуудлаараа УИХ-д санал тавьчихаад нэг ч удаа гишүүдэд хатуу үг хэлж үзээгүй. Хайлсан тугалга шиг байж байгаад асуудлаа аваад гардаг байсан. Тэгээд Засгийн газраасаа дэмжлэг авч чадаагүй асуудлаар УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль санаачлаад ороод ирж байгаа нь танхимын зарчим алдагдаж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өөр байр суурь барьж байна гэсэн үг. Энэ талаас шүүмжлээд байгаа нь зөв. Цэвэр ёс суртахуун гэхээсээ илүү хуулийн асуудал юм даа.
МОНГОЛЫН ТӨРИЙГ СYРДYYЛЖ, ТББ YЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА ГЭВЭЛ САНАСНЫ ГАРЗ
-Төрийн ордны гадаад байдал энэ хаваржингаа таагүй байлаа. Байсхийгээд л иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал, цуглаан. Гэтэл хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж, тэтгэмж олгох тухай хуульд шинэ гэр бүлд 500 мянган төгрөгийн тэтгэмж өгөхөөр заасан нь бас л бухимдал төрүүлэх бололтой. Заавал энэ онд гэрлэж, бүртгүүлсэн бол тэтгэмж олгоно гэх юм. Амьдралд нийцэхгүй хууль баталснаас болж иргэд дахиад жагсах юм биш үү?
-Шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөг 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэрлэж, бүртгүүлсэн хүмүүст олгоно. Yүнээс өмнө хамт амьдарч байгаад бүртгүүлэх байдлаар мөнгө авах гэж байгаа бол бүтэхгүй. Мянган жагсаал, цуглаан хийгээд ч нэмэргүй. Жагсаал, цуглааны тухайд айлгаж, дарамталж байгаад төрийн шийдвэр гаргуулах гэсэн оролдлого нэг бус удаа явж байгаа, бүтэхгүй. Ямар ч жагсаал цуглаанаас Монголын төр айхгүй. Гэхдээ энд нэг асуудал байна. Иргэдийн ийм юм болохгүй байна, бүтэхгүй байна гээд яриад байгаа юман дотор авч үзэж, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай асуудал гарч байна. Энэ талын өнцгөөс нь харах юм бол иргэний хөдөлгөөнүүдийн асуудалд анхаарал хандуулж, зөв юм ярьж байвал түүнийг төрийн шийдвэр болгож хувиргах ухаан төрдөг юм. Жишээ нь, Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн лицензийн талаар асуудал ярьж, мэдэгдэл тавиад байхаар нь би таваас дээш жил лиценз авсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг өөрөө цэгцэлж байгаад өрөөндөө судалж үзсэн. Гэхдээ буруу юм гаргаж ирээд, түүгээрээ айлгаж байгаад, тэгээд Монголын төрийн шийдвэр гаргуулах гэсэн ёс бус юм хийлгэх гэж байгаа бол үүний өмнө Монголын төр хэзээ ч бууж өгөхгүй. Бууж өгөх юм бол хүн болгон Монголын төрийг айлгаж, хүссэн шийдвэр болгоноо гаргуулдаг анархи улс болж хувирна. Зарим иргэний хөдөлгөөний ярьж, жагсч байгааг харахад хөлсний жагсаал, цуглаан хэлбэрт шилжиж эхэлж байна. Жишээ нь, Монголын чөлөөт ахмадын холбоо гэгч байгууллага хотын захиргаан дээр очиж, айлгаж, сүрдүүлж байгаад гурван сая төгрөг авсан. УИХ руу баахан ийм шийдвэр гарга, тийм шийдвэр гарга гэсэн бичиг өдөр болгон ирүүлж байгаад надад мөнгө шилжүүл, хамтарч ажиллая гэсэн квитанц ирүүлсэн. Би тэр бичгийг Тамгын газрын даргад өгсөн. Тийм юм байхгүй. Монголын төрийг, тэр тусмаа Нямдорж гэдэг хүнийг айлгаж байж УИХ-аас мөнгө авч, төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол санасны гарз гэж хэлээд, хариуг нь өгсөн. Маргааш нь Нямдорж огцор гээд ордны гадна жагсч явна лээ. Ийм ёс бус, цадиггүй үйлдлийг таслан зогсоох шаардлагатай. Харамсалтай нь, таслан зогсоох үүрэгтэй байгууллага ёсоор нь ажиллаж чадахгүй байна. Одоо 500 мянган төгрөгийг 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хамт амьдарч байсан хүмүүст өг гэж жагсаал, цуглаан хийж байгаад УИХ-аар шийдвэр гаргуулах гэж байгаа бол боломжгүй. Тийм шийдвэрийг би байсан цагт гаргахгүй.
-500 мянган төгрөгийн тэтгэмжийн талаар Засгийн газар, УИХ тус тусдаа тайлбарласнаас болж маргаан дэгдээд байна?
-500 мянгыг хэзээ нэг цагт өгч магадгүй, хэрвээ 500 мянгыг авах гэж байгаа бол гэрлэлтээ хойшлуулаад хууль гарсны дараа ёслуулаад батлуул гэж би сонгогчдодоо зөвлөдөг байсан. Миний зөвлөгөөг хэд нь хүлээж аваад хойшлуулсныг мэдэхгүй, хэд нь яараад бүртгүүлснийг мэдэхгүй. Жишээ нь, Засгийн газраас мөнгө өгнө гэж нэг хэсэг яриад өчигдрөөс зогсчихлоо. Бүх хүнд өгөөд эхэлбэл үүнийг дагаад завхрал үүснэ. Аливаа нийгмийн чанартай арга хэмжээ шийдвэр гарсан үеэсээ хэрэгжиж эхэлдэг болохоос урагшаа буцаж үйлчилнэ гэсэн хуулийн үйлчлэл байдаггүй. Энэ цэвэр хуулийн дагуу явагдаж байгаа ажил. 2005 оны арванхоёрдугаар сард бүртгүүлсэн нь мөнгө авахгүй, хэдэн жил хамтран амьдарч байгаад одоо болтол бүртгүүлээгүй, мөнгөний сургаар гэрлэлтээ бүртгүүлнэ гэсэн сонин зүйл гараад байна. Хариуцлагагүй байсан нь мөнгө авч хожоод, төрийн хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлж, хариуцлагатай байсан нь хохирч үлдэх ёс бус юм гарч байна. Ийм юм байж таарахгүй.
-Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг баталж, алт, зэснээс 68 хувийн татвар авах болсноор алт тушаах явдал багасч байна?
-Монгол маш эгзэгтэй үед ирээд байгаа. Гадаадын том компаниуд уул уурхайн салбарт ашиглалтын лиценз авч, үйл ажиллагаа явуулдаг. Гэнэтийн ашгийн татварын тухай шийдвэрийг ямар нэг байдлаар бусниулах гэж байгаа бол бүтэхгүй. Өөрөөр хэлбэл, цаашдаа Монголын төр тусгаар улсын ард түмний хувьд шийдвэрээ гаргаж чадах уу, үгүй юу гэсэн асуудал үүний цаана байгаа учраас би хамгаалаад байгаа юм. Тэрнээс биш 68 хувийн татвараас орж ирж байгаа мөнгө сонин биш. Ашигт малтмалын гэнэтийн өсөлтийн татвараас үүдэлтэй асуудал нь компаниудын бий болгосон өсөлт биш, хөдөлмөрөөр бий болгосон өсөлт биш. Зүгээр л үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Энэ хөөрөгдлөөс компаниуд хувьд хүртдэг байхад ард түмний өмчлөлд байдаг газрын баялгаа ашиглуулсан төр улс яагаад жаахан юм авч болохгүй гэж. Алтыг тушаалгана. Нэг компани хэдий хэмжээний алт тушаадаг талаар баримжаа бий. Алтны компанийн талаар Сангийн сайдад чиглэл өгсөн. Тухайн компани хэдэн кг алт тушаахыг тохир, өгөхгүй бол лицензтэй нь ярина шүү гэж. Заавал алтыг тушаалгана.
Дахиад иргэний хөдөлгөөний асуудал руу оръё. Газрын баялгийг ард түмэнд шударгаар хуваарилуулъя гэж жагсч байсан Ж.Батзандан хамгийн сонирхолтой нь мөн энэ татварыг эсэргүүцсэн. Эсэргүүцсэн уул уурхайн компаниудтай нийлж УИХ руу дайрч байсан. Yүнийг л би хөлсний жагсаал гэж нэрлээд байгаа юм. Аль нэг улсад ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулчихаад, ямар нэг байдлаар төрийн хэрэгт нь янз бүрээр хошуу дүрдэг байхыг би үгүйсгэхгүй. Гэхдээ тэр орон нь Монгол биш шүү. 800 жилийн төрт ёсны түүхтэй, хоёр их гүрний дунд оршин байгаа, 800 жилийн өмнө дэлхийн түүхэнд Монгол гэдэг нэрийг дэндүү гүнзгий тамгалсан төрт ёсны түүхтэй ард түмний төрд хэн нэгэн гаднын этгээд хувийн байдлаар хандаж, нөхцөлөө тулгах гэж байгаа бол бүтэхгүй. Асуудлын гол нь энд байна.
-ХЗХ-той холбоотой таагүй мэдээлэл их гарах юм. Энэ талаар та мэдээлэл авдаг уу?
-М.Энхболдыг унагаад Ц.Нямдорж Ерөнхий сайд болох гэнэ гэсэн дэл сул яриа гарсны дараа ХЗХ-ноос Ц.Нямдорж 500 сая төгрөг авчихжээ гэсэн муу мэдээнүүд цацсан. Тийм асуудал байхгүй. Эргээд бодоход надад ХЗХ-доос таньдаг хүн нэг ч байхгүй юм билээ. Би Монголын төрд дэндүү их өртэй хүн. Нөхөж баршгүй өртэй. Ийм болохоор хэдэн сайн хууль гаргаж өгөөд төрийн зөв бодлоготой явуулах юм сан гэж бодож явдаг. Хуулийн редакц дээр би өөрөө суух явдал олонтаа байдаг. Цаашид ийм дарга дахин томилогдох эсэхийг мэдэхгүй.
-ХЗХ-дын дампууралд Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой гэх хүмүүс байдаг. Yнэхээр УИХ хариуцлага тооцох уу?
-Хуулийн байгууллага ХЗХ-дын талаар шалгаж байгаа учраас тэндээс нэг юм дуугарах байх. Албан ёсны байгууллагууд нь юм хэлээгүй байхад одоогоор тийм ийм гэж хэлэх бололцоо байхгүй. Ийм юм болж магадгүй, сэрэмжтэй бай, болгоомжил гэсэн анхааруулгыг Монголбанкнаас хэвлэл мэдээллээр байнга явуулаад байсан. Тэрийг тоолгүй мөнгөө өсгөх гээд хадгалуулснаас ийм байдал үүслээ. Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ намар дуусна. Шулуухан хэлэхэд шинэ ерөнхийлөгч томилогдох байх аа. Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй санал солилцсон. Түүний талаар дүгнээд хоёрхон үг хэлчих гэвэл банкны салбарт Монголын урдаа барьдаг шилдэг мэргэжилтнүүдийн нэг яахын аргагүй О.Чулуунбат мөн. Монголбанкны ерөнхийлөгчөөр тэрбээр томилогдсоноос хойш Монголын төрийн мөнгөний бодлого нэлээд цэгцэрсэн гэдгийг бас хэлчихье. 2000 онд энэ хүн ажил хүлээж авч байхад чанаргүй зээлийн эзлэх хувь 32 байсан юм. 1996-2000 онд 17 арилжааны банкийг дампууруулсан. Заримыг нь зохиомлоор, заримыг бодлогын алдаагаар. Харин О.Чулуунбат ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш нэг ч арилжааны банк дампуураагүй. Арилжааны банкуудын төлбөрийн чадвар эрс сайжирсан. Мөнгөний бодлого нэлээд цэгцтэй болсон. Өнөөдөр чанаргүй зээлийн эзлэх хувьд 5.7 хувь байгаа. Тэгэхээр энэ хүний хийсэн ажил харагдаж байна. Гаалийн Х.Баатарын талаар яриад л байдаг. Энэ хүн Монгол Улсын гаалийн даргаар томилогдож байхад төсөв 380 тэрбум төгрөг байсан, одоо гурван триллион болж гурав дахин нэмэгдсэн. Тэгэхээр энд бас хийсэн ажил харагдаж байгаа биз. 1996-2000 онд АН эрх барьж байхад эдийн засаг ямар байдалтай болсныг мартаагүй байгаа биз. Цалин тэтгэврээ өгч чаддаггүй байсан. Аливаа юмыг хар, цагаан хоёр өнгөөр харж сурах хэрэгтэй гэдгийг далимд нь хэлчихье.
Нам сэлгэдэг Явдал Монголын улс төрд бий болсон бохир үзэгдэл
-Парламентын дарга нам бус байх хэрэгтэй гэсэн байр суурь байдаг. Энэ талаар таны бодол?
-Нам бусын тухайд Английн парламентын дарга нам бусаасаа гадна санал өгдөггүй юм билээ. Тэгснээр аль нэг талд нь үйлчилдэггүй юм байна. Манайд түдгэлзүүлж болно. Гэхдээ намаас гаргалаа ч гэсэн тархинд нь байдаг үзэл бодлыг нь, сэтгэлийг нь авч чадахгүй. Жишээ нь, Э.Бат-Yүлийг АН-аас мянга гаргалаа ч МАХН-ын үзэл бодолтой болгоно гэж байхгүй. Намайг мянган удаа МАХН-аас гаргасан ч би АН-ынхны тийшээ гүйхгүй. Парламентын ажлыг намын нөлөөнөөс ангид байлгах, төрийн хэргийг зөв авч явах гэдэг бол тухайн хүний ухаан, сэтгэл л мэдэх асуудал. Би хувьдаа энэ парламентыг удирдаж байгаа үедээ аль нэг тал руу хэтэрхий хошуурч давхихгүй. Төрийн хэрэгт аль нь ашигтай байна, би тэр тал руу л явна. Зарим тохиолдолд МАХН-ын гаргаж байгаа шийдвэр төрийн шийдвэр гэдэг талаасаа тааруухан байж болно. Тэр тохиолдолд АН-ын ярьж байгаа юм зөв байж болно. Тэгвэл тэрийг дэмжээд л явна. Өчигдөр гэхэд халамжийн тэтгэврийг долдугаар сарын 1-нээс өгье гэж АН санал гаргасан. Би түүнийг дэмжсэн. Алтан дунджийг барьж ажиллах ёстой.
-Увсын бүлэглэл буюу UBS намын тухай танаас тодруулж асуумаар байна?
-Ийм юм зохиож, олон нийтийн дунд ийм ойлголт бий болгож Нямдорж гэдэг хүнийг намнах улс төрийн зорилготой байх. Ийм нам байхгүй. Аймаг болгон нутгийн зөвлөлтэй байдаг. Би нутгийн зөвлөлийн даргын ажлаа УИХ-ын дарга болчихоод Б.Эрдэнэсүрэн гишүүнд шилжүүлчихсэн. Бидэнд тогтсон зарчим бий. Увсын нутгийн зөвлөл дээр хэзээ ч улс төр ярьдаггүй юм. Сонгууль дөхөөд ирэхээр бид уулзахаа байчихдаг. Дорлигжавыг байнга Их тэнгэрт ирдэг гээд сонинд биччихсэн байх юм. Манайхыг Их тэнгэрт очсоноос хойш ганц ч удаа ирээгүй шүү. Одоог хүртэл авгайтайгаа очиж үзээгүй байгаа. Дорлигжав бид хоёр 1996 оны 39 дүгээр тойрогт өрсөлдөж бие биеэ унагаж байлаа. Дорлигжав Батлан хамгаалахын сайд байхад Засгийн газрыг би унагалцсан. Бид хоёр сонгууль дөхөөд ирэхээр харилцаагаа тасалчихдаг. Бидний харилцаа сонгуулийн өмнө, төгсгөл хавьд таагүй байдаг. Гэхдээ бие биедээ юм боддоггүй. Цэвэр хүн ёсны харилцаа байдаг. Улс төрийн асуудлаар бие биеийнхээ дотоод хэрэгт оролцдоггүй. Элбэгдоржийн Засгийн газрыг унагах гэж байхад Дорлигжав над руу яриагүй. Алтанхуяг ч яриагүй, би ч яриагүй. Yүнийг зөв ойлгоосой гэж бодох юм. Цаад зорилгынх нь хувьд Нямдорж гэдэг хүнийг улстөрчийнх нь хувьд намнах гэсэн оролдлого байж болохыг үгүйсгэхгүй. Ийм юм зохиогоод намайг улс төрөөс холдуулна гэж бодож байвал үүн шиг худлаа юм байхгүй.
-Хөвсгөлд болох нөхөн сонгууль намуудын харьцаанд нөлөөлөх үү?
-Хөвсгөлийн сонгууль ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй. МАХН сонгуульд ялбал УИХ-д 39 суудалтай болж, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжтой болно. АН ялсан тохиолдолд нэг их улс төрийн үр дүн гарахгүй.
-УИХ-ын гишүүнээр томилогдоод намаа орхиж өөр намд элссэн нөхдийг эгүүлэн татах боломжтой юу?
-УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийчихгүй бол хэн нэгэн эгүүлэн татах боломжгүй. Ард түмэн сонгочихсон хүнийг яаж ч чаддаггүй байхгүй юу. Тухайлбал, намайг огцруулахыг УИХ-ын 39 дүгээр тойргийн сонгогчид л гаргах эрхтэй.
-Нөхөн сонгуульд ялалт байгуулбал 39 болж МАХН Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй болно гэж та хэллээ. Гэтэл Ц.Батаа гишүүнийг оруулаад одоо 38 гишүүн байгаа. Тэр УИХ-д МАХН-ыг төлөөлөх эрх зүйн үндэслэл бий юү?
-Батаа гишүүнийг оруулаад 38 болж байгаа. Уг нь сонгуулийн үр дүнд 37 суудал авсан байгаа. Ингэж нэг намаас нөгөө нам руу ордог гардаг явдал Монголын улс төрд бий болж байгаа нь бохир заваан үзэгдэл. Түүнийг МАХН-д элсэх гэж байгаа гэж сонсоод өөрт нь болиорой гэж хэлж байсан. Цаана нь сонгогчдын эрх ашиг гэж юм бий шүү дээ. Yүн дээр нэг юм тодруулаад хэлэхэд, Элбэгдоржийг ёс бусаар огцруулчихлаа л гэнэ. Яагаад огцорчихсон гэхээр улс төрийн өнгө аясыг хадгалж чадаагүй, эвслээ тараачихсан л байхгүй юу. Тэгээд хариуцлагыг бусад руу түлхдэг нь утгагүй. Хэн тараа гэсэн юм, өөрсдөө л тараасан шүү дээ. Эвсэл нь тарсан тохиолдолд Засгийн газар нь тарж л таараа. Суурьгүй болчихсон гэсэн үг. Энэ АН-ын нөхөд эвсэл тараасан асуудлаа ярих ёстой. Ном журмын дагуу ярих юм бол. Эднийг эвсэл байгуул гэж хэн ч хэлээгүй, өөрсдөө л байгуулсан, тараа гэж гуйгаагүй. Эвслийг тараасан явдал бол Засгийн газраа өөрсдөө огцруулсан шийдвэр. Жаахан хожуу шийдвэр байсан. Зүй нь бол 2005 оны нэг юм уу, хоёрдугаар сард л огцрох ёстой байсан.
Өршөөл гэдэг хохирогчдын сэтгэлд сэв суулгадаг төрийн шийдвэр
-Баяр наадмын өмнө Өршөөлийн тухай хууль баталж, чамгүй олон хүн суллалаа. Нийгэмд сөрөг үзэгдэл дагуулах уу?
-Өршөөлийн тухайд би хатуу ханддаг хүн. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа эдлэх ёстой гэж үздэг. Энэ утгаараа ч Өршөөлийн тухай хууль гаргахад дургүй хүний нэг нь. Энэ удаа 800 жилийн ойг тэмдэглэж байгаа, нөгөө талаар 60, 70 жилээр Өршөөлийн хууль гаргаад дасчихсан учраас их ойн өмнө нэг удаа өршөөл үзүүлэхээр болсон. Нэг талаар өршөөгдөж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхэнд сайхан юм. Нөгөө талаар гэмт хэргийн улмаас заавал хүн хохирдог, хохирсон хүмүүсийн сэтгэлд сэв суулгадаг төрийн шийдвэр байдаг. Хохирсон хүмүүст ийм шийдвэр таалагдахгүй шүү дээ. Их зовлонтой асуудал. Ер нь суллагдсан хүмүүсийн 5.4 хувь нь хэрэг дахин үйлдээд байдаг юм.
-Иргэдийг хохироосон хүмүүсээ төр өршөөлөө. Гэтэл төрийг хохироосон ганц хүн буюу гаалийн Баатарыг яагаад өршөөсөнгүй вэ?
-Өршөөлийн хуулиар хувь хүний асуудал яригдаагүй. Хүний амийг санаатай хохироосон, авлигын хэрэгт орооцолдсон бол төрийн өршөөлд хамрагдахгүй гэж ярилцсан. Ер нь өршөөлийг хувь хүн дээр ярьдаггүй юм.
