Замын зохицуулагч нарын 67.6 хувь нь авилга авдаг

1999 онд Цагдаагийн ерөнхий газар Ай Эс Си Монголия ХХК-тай Монгол Улсын жолооч нарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх гэрээг зургаан жилийн хугацаатай байгуулжээ. Гэрээний хугацаа дуусаад долоон сарын хугацаа өнгөрсөн боловч үнэмлэх хэвлэх ажлыг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байна. ЗЦГ-т аудит хийх явцад бага оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 389 жолоочоос асуулга авчээ. Ингэхдээ ЗЦГ-т авилга авдаг эсэх, хүнд суртал байгаа эсэх талаар асуулгаар санал авахад Авилга авдаг бол аль шатны ажилтан авдаг вэ гэсэн асуултад 67.6 хувь нь замын зохицуулагч нар, Хүнд суртал байгаа бол албан тушаалын аль шатанд байгаа вэ гэсэн асуулгын хариуд 56.1 хувь нь Замын зохицуулагч нар гэж хариулсан байна.
2005 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар жолоочийн эрх олгох шалгалтыг аймаг, дүүргийн замын цагдаагийн тасгууд хариуцаж байхаар тогтжээ. Энэ нь төвлөрлийг сааруулах ч шалгалтын чанарт тавих хяналт сулрах нөхцөл бүрдсэн гэж аудиторууд үзсэн байна. Мөн онд нийслэлд техникийн улсын тооллогоор 76149 тээврийн хэрэгсэл тоолуулсан ч 37940 нь оношилгоонд хамрагджээ. Эндээс эрүүл ахуйн болон техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэж үзэхэд хүрсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хөдөлгөөнд саад учруулан зогссон автомашиныг ачуулах журмын дагуу ЗЦГ нь Баттээх, Хос саран, Авто хяналт компанитай гэрээ байгуулж, дээрх компаниуд нэг тээврийн хэрэгсэл ачиж, 25 мянган төгрөг хураан авдаг. Yүнээс үүдэн ЗЦГ хувийн компанитай хамтран ашиг олж, сонирхлын зөрчил үүсгэж байна гэсэн ойлголт иргэдийн дунд бий болжээ. Тус газарт хийсэн аудитаар автомашины шатахууны зардлыг давхардуулан олгосон, шатахууны лимитийг хэтрүүлэн зарцуулсан зөрчил илэрснийг төлүүлэхээр акт тогтоосон байна.
Дээрх байдлаас үндэслэн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ тодорхойлон, хөнгөн шуурхай, бүтцээ тодорхой болгох, жолоочийн эрх олгох шалгалтад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж дүгнэжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ЦЕГ-ын дарга, ЗЦГ-ын дарга нарт дараахь зөвлөмжийг өгчээ. Yүнд, автозамын хөдөлгөөнд саад учруулж байгаа автомашиныг ачих журмын хэрэгжилтийг шалгаж, дүнг олон нийтэд мэдээлэх, Ай Эс Си компанийн хэвлэж байгаа жолооны эрхийн үнэмлэхийг төрийн мэдэлд авах асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах, авилга, залилан, сонирхлын зөрчил, хүнд суртал байж болох эрсдэлийн судалгаа хийж, урьдчилан сэргийлэх хэрэгтэйг аудиторууд зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button