Триатлоны улсын аваргын тэмцээн боллоо

Уг спорт Монголд шинэ тутам хөгжиж байгаа ч улсын аварга шалгаруулах тэмцээнд цөөнгүй тамирчид хурд хүчээ сорилоо. Хоёр дахь жилдээ болж буй уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван төрлөөр болов. Залуучуудын ангилалд 22 тамирчин оролцсоноос Х.Одгэрэл (Хангарьд) тэргүүлж, Б.Зоригт (Усан спорт сургалтын төв), Ш.Володя (Хангарьд) нар удааллаа. Харин ахмадын төрөлд Н.Эрдэнэбадрах (Баянгол дүүрэг) түрүүллээ.Насанд хүрэгчдийн төрөлд 20 гаруй тамирчин оролцож 500 метрт сэлж, 10 км дугуйгаар, 1,5 км гүйж уралдсанаас эмэгтэйчүүдээс Б.Тэлмэн (Усан спорт сургалтын төв) тэргүүлж, алтан медалиар энгэрээ мялаасан бол мөнгө, хүрэл медалийг Б.Энхжаргал (Усан спорт сургалтын төв), А.Оюунгэрэл (Төв Аззан) нар хүртэв. Харин эрэгтэйчүүдээс Ч.Гансүх (Хангарьд) түрүүллээ. Удаахь байрт А.Тамир (Хангарьд), П.Цэлмэг (Алтан Дорнод-Монгол) шалгарав.
Тэмцээний эхний байрт шалгарсан тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрх олж авчээ. Триатлон буюу гурван төрөлтийн спорт нь дэлхийд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард Катарын Доха хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт багтсан байна.
1994 онд Парист хуралдсан Олон улсын олимпийн хорооны чуулганаар триатлоны спорт олимпийн их наадмын хөтөлбөрт багтаж, 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод триатлончид оролцжээ. Эл спорт гурван төрлийн нийлбэртэй ч дотроо янз бүрийн зайтай. Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь олимпийн зай буюу 1500 метрт сэлж, 45 км дугуйгаар уралдаж, 10 км гүйдэг. Мөн спринт зай нь 7500 метр сэлж, 20 км дугуйгаар уралдаж, таван км гүйнэ. Холын зай нь дөрвөн км сэлж, 120 км дугуйгаар уралдаж, 32 км гүйснээр барианд орж ирдэг байна.
Усанд сэлэлтийн төрөл нь гол төлөв задгай усанд буюу нуур, далай, гол мөрөнд гурвалжин зайд тойрч уралддаг.
Дугуй нь уралдааны дугуйтай адилхан ч нэмэгдэх нэг зүйл нь тамирчдыг бага ядраах зорилгоор гарын тавиур хэрэглэдэг.
Гүйлт нь жирийн гүйлтээс ялгаатай. Учир нь тамирчид дээрх хоёр төрлийг гүйцэтгэсний дараа шингэн их хэмжээгээр дутагддаг тул гүйж байхдаа ус хэрэглэж болдог байна.
Монголын триатлоны холбоо 2004 онд байгуулагдан, 2005 онд МYОХ-нд гишүүнээр элсчээ. Тус холбооны ерөнхийлөгчөөр Нью прогресс группын ТУЗ-ийн дарга С.Бямбацогт, дэд ерөнхийлөгчөөр Касс таун компанийн захирал Д.Энхбат, МYОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар ажилладаг юм.
Монголын триатлоны тамирчид 2005 оны долдугаар сард Казахын Бурабай хотноо болсон Азийн цом, мөн оны есдүгээр сард Японы Гамагорид болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. Монголын триатлончид одоогоор ирэх арванхоёрдугаар сард Катарын Доха хотноо болох Азийн тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Өнгөрсөн бямба гаригт болсон тэмцээний үеэр Касс таун-ы захирал Д.Энхбатыг МYОХ-ноос Олимпийн алдар одонгоор шагнасан бол Тайм принтинг компанийн захирал Ө.Мөнхбатыг дурсгалын одонгоор шагнасан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button