Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал дээр

Байгаль дэлхийд нар, хур тэгширч, баян Монголын нутагт ургамал ногоо нь жигдэрч, таван хошуу мал нь тэнүүн бэлчээрлэж, тариа будаа, төмс, хүнсний ногоо нь төрөл бүрээрээ амилж ургасан өнөтэй, зунтай энэ жилийн зуны дунд сарын өлзий учрал бүрдсэн дэлгэр сайхан өдрүүдэд Монголын ард түмэн Yндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Эдүгээгээс 30 гаруй жилийн тэртээ эзгүй зэлүүд байсан Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрыг түшиглэн их бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1976 онд Эрдэнэт хот байгуулагдаж, манай улсын гурав дахь томоохон хотын суурь тавигдаж байсан бол өнөөдөр уул уурхай, аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, соёл боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, холбоо харилцаа, худалдаа, үйлчилгээний томоохон төв болон хөгжсөнийг тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Монгол, Оросын ард түмний гар, сэтгэл нийлсэн нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэр жилд 27.5 сая тонн хүдэр олборлож, 25.3 сая тонн боловсруулалт хийж, Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 34 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний 36.3 хувийг гаргаж байгаа дэлхийн ижил төрлийн томоохон 10 үйлдвэрийн нэг, эх орныхоо тэргүүлэх үйлдвэр болтлоо өсч хөгжсөнд Монголын ард түмэн зүй ёсоор бахархаж байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад өндөр ач холбогдол өгч Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт, өнөөдрийн Эрдэнэт цогцолборыг барьж байгуулахад идэр залуу нас, эрчимт хөдөлмөрөө зориулсан Эрдэнэтийн бүтээн байгуулалтын анхдагчдын чуулга уулзалтыг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж, хүндэтгэл үзүүлснийг Та бүгд сайн санаж байгаа биз ээ.

Эрдэнэтийнхэн үүсэл хөгжлийнхөө 30 жилийн хугацаанд хоёр триллион гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, 2002 оноос эхлэн Эрдэнэт хот өөрийгөө бүрэн санхүүжүүлж, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувь, хивсний үйлдвэрлэлийн 87.0 хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрөл өсч, цэвэр зэс, молибдены баяжмал, хөнгөн тоосго, ноолууран бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, орчин үеийн шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээмж нь нэмэгдэж, чанар нь сайжирч байгаа нь сайн үйлс, сайшаалтай амжилт мөн.

Өнөөдөр Эрдэнэт хотод сургуулийн өмнөх боловсролын бааз суурь болсон 20 цэцэрлэг, ерөнхий боловсролын 15 сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хэд хэдэн төв ажиллаж, тэдгээрт Монгол Улсын ирээдүй хойч үе болсон олон мянган хүүхэд, залуус суралцаж, олон арван эрдэмтэн мэргэд, багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаа нь Эрдэнэт хот бол орчин үеийн соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх эрдэм судлалын их уурхай мөн гэдгийг нотлон харуулж байна.

Эрдэнэтийнхэн Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой болон төрөлх хотынхоо 30 жилийн түүхт ойг хөдөлмөр бүтээлийн арвин их амжилт, хийж бүтээхийн оргилуун их хүсэл мөрөөдлөөр угтаж, 1500 хүний суудалтай Хангарьд палас соёл, спортын цогцолбор, Хүүхэд залуучуудын парк, Гэр бүлийн ордныг шинээр барьж ашиглалтад оруулж, Эрдэнэтийн өдрүүд нэгдсэн арга хэмжээг нийслэлд зохион байгуулж, Зууны манлай Эрдэнэт баримтат кино, Эрдэнэт-30 жил түүхийн товчоон ном бүтээсэн зэрэг бодит ажил хийснийг харахад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.

Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд Та бүхний хийж бүтээсэн ажил үйлс нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа нь олсон ололт амжилтдаа түшиглэн орон нутаг бие даан хэрхэн хөгжиж чаддагийг бусад аймаг, хот, тэдгээрийн удирдлагуудад харуулах үлгэр дууриалал, уриа дуудлага болж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button