Эрдэнэтийн овоо өнгөтэй байна

молибдений орд газрыг эзэмшихэд эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай, мөн онд Эрдэнэтийн зэс, молибдений орд газрыг түшиглүүлэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт комбинат байгуулах тухай хэлэлцээрүүд байгуулагдсан юм.
Энэхүү Эрдэнэтийн овооны орд газрыг олж нээсэн явдал ч сонин түүхтэй. Дээр үед хятадууд аранжин зэс оюу олзворлож байснаа аянганд ниргүүлж нутаг буцаж, түүнээс хойш гадаадын хүн, эмэгтэйчүүдийг оройд нь гаргадаггүй онгон тахилгат Эрдэнэтийн овоо гэдэг эртний домогт газарт 1963 онд ажилласан Өлзий-утас даргатай геологи хайгуулын анги дээр үеийн хайгуулчдын тайланд тэмдэглэсэн боржин чулуулагт нь оюу, номин, бусад хүхэрлэг минералуудын их хэмжээний илрэл олсон бөгөөд лабораторийн шинжилгээгээр зэсийн хүдэр болохыг баталжээ.
1984-1970 онд Монгол-Чехословакийн Моимир Краутер тэргүүтэй геологи хайгуулын анги энэ орд газарт үндсэн хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж урьдчилсан нөөцийг тогтоосон ажээ. Дараа нь уг орд газрыг эзэмшихэд шаардлагатай нарийн хайгуулын ажлыг Зөвлөлтийн геологич Е.И.Мартовицкий, В.С.Калинин, монгол дарга Түмэнбаяр нарын удирдсан Булганы геологи хайгуулын экспедиц хийж гүйцэтгэсэн байна. Энэ анги нарийвчилсан хайгуулын нүсэр ажлыг 20 сарын дотор буюу 1972 оны намар хийж дуусган Эрдэнэтийн овооны хэсгийн нөөцийг 568 сая тонноор тогтоосон юм. Орд газрын нөөцийг уртаашаа 2000, өргөнөөрөө 500-1500, гүнээрээ 400 м газрыг хамран тодорхойлжээ.
Хүдрийн нөөц 900 м-ийн гүнд ч байсан боловч доошлох тусмаа хүдэрт агуулагдсан металлын хэмжээ багасч байсан байна. Орд газрын хүдэр нь хурдан баяждаг, геологийн таатай байршилтай, ил аргаар олзворлох бүрэн боломжтой хэмээн геологичид дүгнэжээ.
Эрдэнэтийн овооны эргэн тойронд хүдрийн илрэлтэй газрууд хэд хэд байсан бөгөөд тэдгээрт Засгийн газар хоорондын комиссын ХIҮ чуулганаас баталсан Монгол-Зөвлөлтийн геологийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу 1976-1980 онд геологи хайгуулын ажлыг хийж хамтын үйлдвэрийн түүхий эдийн баазыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай хийсэн байна.
Монгол-Зөвлөлтийн харилцааны түүхэнд барьж байгуулсан олон барилга байгууламжийн дотроос хамгийн томоохон болсон Уулын баяжуулах комбинат жилд 16 сая тн хүдэр боловсруулж, 118 мянган тн зэс агуулсан 35 хувийн 338 м/тн зэсийн хүдэр, 1300 тн молибден бүхий 2700 тн, 47 хувийн молибдений баяжмал гаргах хүчин чадалтайгаар байгуулав.
Энэ цогцолборын тэргүүн ээлжинд барих обьектуудын дотор дөрвөн бичил хороолол бүхий шинэ хот, соёл боловсрол, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хамтаар барьж байгуулах чиглэл тогтсон юм.
Эрдэнэтийн цогцолбор байгуулахад хоёр талаас тэнцүү тоотой хүмүүс оролцсон зөвлөл уулын баяжуулах Эрдэнэт комбинатын удирдах байгууллага байхаар тогтоосон журам одоо хүртэл мөрдөгдсөөр байна.
Уулын баяжуулах Эрдэнэт комбинат, түүнд үйлчлэхээр баригдсан дэд бүтцийн обьектууд манай түүхэнд урьд хожид байгаагүй томоохон иж бүрэн цогцолбор байсан юм. Энэ барилга байгууламж эдийн засгийн үзүүлэлт барилгын хэмжээ, далайц хүчин чадал, архитектур-техник-технологийн шийдлийн хувьд Чилийн Чукикамата, Эль-Сальвадор, АНУ-ын Мишн Бьгот, Твин-Бьюттс, Сперрита, Австралийн Бугенвиль, Перугийн Токспола, Югославийн Майданпек зэрэг дэлхийн 10 томоохон зэсийн уурхайтай эн зэрэгцэх юм.
Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат бол Ази тивдээ хамгийн том нь.
УБК-д үндсэн үйлдвэрлэлээс гадна 70 м өндөр, 2.5 м урт нийтдээ 525 сая шоо метр шороо 40 жил тунгаах байгууламж, түүнээс эргэлтийн ус татах шугам хоногт 71.2 мянган тн ус татах хүчин чадалтай 64 км шугам, 600 суурь машин бүхий уулын машин төхөөрөмжийн үйлдвэрийн механик засварын цех, жилд 5500 тн ган болон өнгөт металл хайлш, төрөл бүрийн сэлбэг хэрэгсэл цутгах цех, гараашийн аж ахуй нь уулын тээврийн цехийн БЕЛАЗ-549 маркийн машинуудаас гадна өөрөө буулгагч бусад төрөл бүрийн 200 гаруй машин бүхий аж ахуй байв. Энэ аварга том үйлдвэрийн газрыг хэвийн ажиллуулахад материал техникийн хангамж бааз онцгой үүрэгтэй учир төрөл бүрийн материалын 9.6 мянган ам.метр сэлбэгийн агуулах, 4120 тн материал хадгалах хүчин чадалтай, шингэн түлш 1310 тн, мазут 4000 тн, тосолгооны материал 160 тн-ыг тус тус хадгалах байгууламжтай юм.
Эрдэнэтийг байгуулахад гол томоохон хүчин зүйл нь 24 үйлдвэр аж ахуйн газраас бүрдсэн үйлдвэрлэлийн бааз байлаа. Тэд жилд 50 мянган шоо метр төмөр бетон хийц, 110 мянган шоо метр таваарын бетон, 5.0 мянган шоо метр шавар бетон, 9 мянган тн арматур 5.0 мянган тн хайлсан хар тос 733 тн төрөл бүрийн тосон будаг, 6.0 мянган тн металл хийц, 500 тн стандартын бус металл бэлдмэл, 9.5 мянган шоо метр банз, дүнз, 13 мянган шоо метр хаалга, 44 мянган ам.метр шалны банз, 14 мянган тн асфальт бетон, 73 мянган ам.метр шил зүсч 30 мянган ам.метр обой нааж, 26 мянган ам.метр зүймэл шал хийж зам барилгын 15 дугаар удирдах газрыг оролцуулбал 15 мянган хүн гурван ээлжээр ажиллаж байлаа.
Эрдэнэт бол Монгол Улсын хувьд урьд хожид үзэгдээгүй нүсэр их барилгын ажил байсан юм. Дархан хотод олон улсын оролцоотойгоор таван жилд баригдаж байсан хэмжээний барилгын ажлыг энд ганц жилд багтаан амжуулсан юм.
Миний бие ХХYЯ-нд ажиллаж байхдаа Булганы гурил тэжээл хүнсний комбинатад томилолтоор очоод уг комбинатын захирал Г.Зоригийн хамт Эрдэнэтэд очиж билээ. Яг тэр үед одоогийн Говилд ЗХУ-ын барилгын цэргүүд угсармал модон барилга барьж байсан юм. Тэр үеийн цэргийн ангийн Шаповалов хэмээх хурандаатай ярилцан Эрдэнэтийн барилгачдыг талхаар хангахаар тохирч билээ. Энэ бол Эрдэнэтийг анх харсан өдөр, хожим бодоход энэ газар оронтой амьдралаараа холбогдохын минь анхны алхам ч байж үү дээ.
Эрдэнэт бол Монголын бүх ард түмний хүчин чармайлтаар байгуулагдсан юм. Иймээс тус хотын 30 жилийн ой бол бүх ард түмний баяр мөн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн үйлдвэр, аж ахуйн газруудыг ажиллуулж, ихээхэн амжилт гаргасан нийт хүмүүс, ЗХУ-ын анд нөхдөдөө ойн баярын мэнд хүргэж, сайн сайхныг ерөөе.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button