Унтаж буй улс төр

Саарал ордон эзгүйрч, түүний чийг ханхлах эл хуль урт хонгилд хааяа хүн явах нь холхи хээрт ганц бараан адуу бөртийх шиг үзэгддэг. Ма­най улс төр зундаа ингэж унтдаг нь цаг улирлаар нөхцөлдсөн жам ёсны явдал. Өвөл, хаварт эцэж туйлдсан мал зун намартаа тарга тэвээрэг авч зоолж сүүллэн, голийж тэвхийж ирдэг. Yүн шиг улс төрчид маань бас таргалж цадсан малынхаа мах, сүүний шим шүлтийг сүслэн дагаж хөдөө тийш оддог.
Ингэж мал хүн хоёр шууд нарийн шүтэлцэхийг манайхан эртнээс нааш хүн малын зоо тэнийх гэж хэлдэг байж. Тойрогтоо ажиллах гэдэг жигтэйхэн албархаг үг яах аргагүй найр наадам үзэгдүүлж, айраг цагаа, ямааны боодог, тарваганы махны амт үнэр ханхлуулна. Энэ эхүүн исгэлэн үнэр танар намрын дунд cap барагдахын алдтайд саарал ордонд ханх тавин орж ирж, нөгөө муу угшмал чийг, өлөн тоосны үнэрийг агшин зуурт хөөн зайлуулдаг. Цэвэр агаар, онгон байгаль, дэндүү чанарлаг хоол ундаар хүч авсан улс төрчдөд улс төрийн асар их хүсэл тачаалаар оволзсон нь тэдний толийж хүрэнтсэн царай зүс, омголоноор гялалзаж үсчих нүд, юу юугүй горимын санал хэлэхнүү гэмээр татвалзан өмөлзөх уруул шанаанаас нь илт тодорхой харагддаг.
Тэдний энэ байр байдал хавар ялгаж, зунжин соргог бэлчээрт таргалуулсан хуц ухна намар яг нийлүүлэгт оруулах үеийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Хуц, ухнын хэр таргалсан нь эсэргэн хаварт цангилах төлийн дуугаар үр дүнгээ үзүүлдэг. Харин улс төрчдийнхөө хэр таргалж тэвээрснийг олж харахад хэцүү. Монголчуудын зуд болвол хуц ухнадаа гэдэг тун хоржоонтой бэрх утгатай үг шүү. Өнгөрсөн хавар иргэдийн хөдөлгөөнөөр улс төр ихэд зудалсан.
УИХ-ын дарга Ц.Нямдорж хаврын чуулганыг хааж эрхэм гишүүдэд захиж даалгахдаа та нар ажил амралтаа зөв зохицуулж, той­рогтоо ажиллахдаа шинээр баталсан хуулиудаа сайтар тайлбарлан таниулж, нам­рын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд сонгогчдын саналыг сайн аваарай гэж хэлж байсан.
Энэ бол эрхэм гишүүдэд өгч буй зуны даалгавар бизээ. Эрхэм гишүүдийн ихэнх нь социализмын үед сурагч байж сургуулиасаа зуны даалгавар авч сурсан улс тул эрхбиш даргынхаа даалгаврыг үл мартах бизээ. Сая баталсан хуулиуд сонссон хүний чихийг мялаам болсон гэдэг.

НОЙР ХУЛЖААХ 46


Нойр хулжих угаасаа амаргүй. Нойр хулжихаар хий дэмий эвшээлгэн эргэж хөрвөвч, нөгөө нойр долоон уулын цаагуур орсон мэт сураггүй л байдаг. Хувь амьдрал дээр ингэдэг. Нойр хулжих нь улс төрийн амьдрал дээр бүр ч бэрх бизээ. Улс төрийн хор шар, атаа жөтөө, бодлого тооцоо нэн бэрх тул түүний төлөөх нойр хулжилт яаж ойр зуур байх вэ. УИХ-ын Хөвсгөлд дэх 46 тойрог дээр нөхөн сонгууль болно. Сонгуулийг есдүгээр сарын гурванд явуулахаар товложээ. Yүний төлөө голлох намууд наадмын өмнөөс эхлэн нойргүйдэн тав алджээ. Тус тойрогт ялсан УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан ашигт малтмалын тухайн нэн өвөрмөц хуулийн төсөл санаачлан ихэд нэр олоод байсан юм.
Түүнийг эх орныхоо эрдэс баялгийн төлөөх иргэдийн хөдөлгөөнийг үндэслэгч гэж үзэх нь бий. Ийм нэр нүүртэй ахын нь ор суурийг түүний дүү О.Отгонсайханаар орлуулна гэж АН нэгэнт шийдсэн байна. Энэ шийдвэр бусад намуудын хоолойд тээглэсэн яс болжээ. Отгонсайханыг ялах нь Хөвсгөл далайг шавхах шиг бэрх байгаа бололтой.
Хувьсгалт намынхан Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтөвшинг 46 дээр үзэлцүүлэхэр шахсан хэдий ч, нөгөөх нь хульчийж нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа.

2004 оны сонгуулиар ахад нь ялагдсан тэрбээр одоо дүүд нь ахиж өвдөг шороодвол нэн ичгэвтэр болно гэж тооцсон нь түүний амь ухаан юм. Энэ тойрогт болох улс төрийн тоглолт ямар үр дүн авчирах тухайд УИХ-ын дарга Ц.Нямдорж Нөхөн сонгуульд МАХН ялбал УИХ-д 39 суудалтай болно. Хэрэв тийм үр дүн гарвал Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжтой гэсэн үг.
Харин сонгуульд АН ялвал тэднийд улс төрийн ашиг төдийлөн гарахгүй гэж мэдэгджээ. Хувьсгалт нам сүүлийн 16 жилийн түүхэнд нөхөн сонгууль бүрт ялж иржээ. Иймээс тэнд ялахын төлөө зүтгэх нь наад зах нь тэдний нэр төрийн хэрэг аж. Хувьсгалт намаас сүүлийн үед ирж буй мэдээгээр бол Төрийн сан-гаар овоглох болсон Ц.Даваасүрэнг тэнд зүтгүүлэх гэж буй бололтой. Энэ залуу Хөвсгөл тийш өндэр хүчдэл тавих их хэргийг зохион байгуулж тэнд багагүй нэр хүнд олжээ. Бас Төрийн сан хэмээх улсын төсөвт нягт нямбай хяналт тавьдаг байгууллагыг үүсгэн бэхжүүлэх том үйл хэрэгт өөрийн чадал чансааг харуулсан гэх.
Эх орон намынхан дарга Б.Эрдэнэбатынхаа гэргийг тулалдуулах гэж байхад Ард түмний намын дарга Л.Гүндалай өөрийн дүү Л.Отгондалайг үзэлцүүлнэ гэж байгаа гэх. Л.Гүндалай Хөвсгөлд муугүй нэр хүндтэй явдаг улс төрч билээ. Саяхан байгуулагдсан Yндэсний Шинэ Нам ч энд тоосоо өргөх бололтой. АН-аас тасран гарч өөр өөрсдийн намыг байгуулсан Л.Гүнда­лай, М.Энхсайхан нар АН-ын хувьд шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог болоод байгаа юм. Тус намын УИХ дахь зөвлөл үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулах оролдлого явуулга хийж буй нь чухамдаа дээрх хоёр салан тусгаарлагч-ийг засгийн эрх мэдлээс зай-луулж өшөө хорслоо тайлах гэсэн хэрэг гэж улс төрд ойр байдаг хүмүүс хэлж байна.

НОЙР ХУГАСЛАХ БАС НЭГ ШАНАЛАН


Өнөө зун манай улс төр бүтэн нойртой хонохгүй нь бололтой. Хэрэв АН-ынхан Засгийн газрыг огцруулна гэж 19 гишүүний гарын үсэг бүрдүүлэн УИХ-д өргөн баривал эрхэм гишүүд гэнэт дуудагдан саарал ордондоо нойр дутуугийн бухимдалтай цугларах болно. Энэ тухай Ниймгийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй. Өргөн барьсан тохиолдол УИХ асуудлыг 14 хоногийн дотор заавал авч хэлэлцэх үүрэгтэй.
Гарын үсэг зурахын хувьд гэвэл АН-ын зөвлөлийн гишүүд нэгэнт зурчихсан. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдгээ шийдээгүй байгаа. Yүнийг намтайгаа ярьж байж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэж манай сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн юм. АН-ын дарга Ц.Элбэгдорж хөдөө ажлаар явж ирснийхээ дараахан хэвлэлийн бага хурал хийлгэж манай нам Засгийн газрыг огцруулах тухай асуудал дээр шийдвэр төгс байгаа гэж мэдэгджээ.
Энэ эрхэм саяхан болтол улс төрийн тогтворгүй байдлаас улс орон, ард түмэн л хохирдог юм. Иймээс алив Засгийн газрыг огцруулахын эсрэг би байдаг гэж хэлж байсан юм. Тэр бас М.Энхболдын Засгийн газрыг огц­руулах хэрэггүй. Хувьсгалт нам зуурсан жонхуугаа өөрөө хариуцаг гэж хэлж байсан. Түүний хэлсэн, ярьсан энэ мэтээр цагийн байдлаар эргэж хөрвөж байна.
АН-ын УИХ дахь зөв­лөлийн зарим гишүүд Засгийн газраар оролдох хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Иймээс тэднийх уг асуудлыг хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-д өргэн мэдүүлж амжаагүй байна.

Тухайхбал УИХ-ын эрхэм гишүүн Батж. Батбаяр Би Засгийн газрыг огцруу­лахын эсрэг байсан. Би гарын үсэг зураагүй. Эв нэгдлийн Засгийн газрыг МАХН санаачилж зохион байгуул­сан. Энэ хариуцлагаа тэднийх бүрэн хариуцах учиртай гэж телевизд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Зас­гийн газрыг огцруулна гэх нь үндсэн үр дүнгээрээ утгагүй болохыг Шадар сайд М.Энхсайхан удаа дараа тэмдэглэж ирсэн байдаг. Тэрбээр Өнөөдөр төр, засгийг унагах уу үгүй юу гэж хөөрцөглөх нь өөрөө гаж үзэгдэл болчихоод байна. Энэ нь ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байгаагийнхаа үүднээс ардчиллын эсрэг шинжтэй болоод байна. Арчилсан сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан төр, засаг бол ардчиллын үнэт зүйлсийн хамгийн бодит бүрдэл, цогцлоо нь юм гэж хэлжээ. Засгийн газрыг огцруулах хуулийн заалт байдаг хэдий ч, түүнийг хэрэгжүүлэх улс төрийн боломж одоогийн УИХ-д бүрдээгүй байгаа тухай УИХ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдэж байна. Тэрбээр АН өөрийн 25, бие даагч гуравтай нийлээд 28 гишүүнтэй болно. Хуулиар бол гишүүдийн 50+1 гэсэн саналын хувиар Засгийн газрыг огцруулах эсэх асуудал шийдэгддэг. Тэгэхээр МАХН Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа нөхцөлд хэнээс ч ямар ч санаачлага ирсэн боломж байхгүй.
Тэр тусмаа парламентад суудал бүхий бусад нам Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан энэ үед бүр ч боломжгүй гэсэн байна. Энэ мэт байдлаас үзвэл Засгийн газрыг огцруулна гэж зүүд нойроо хямагдах нь хайран нойрны гарз бололтой.

Өнөөдрийн монгол сонин 137 /307/

Ш. Цэрэнпил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button