Израильчууд Ливаны тосгоныг эзлэн авсан гэв

Гэхдээ стратегийн энэ чухал газрыг үнэхээр эзэлсэн эсэхийг тодотгох хараат бус мэдээллийн эх сурвалж үгүй байгааг BBC дамжууллаа. Yйл явдлын өмнөхөн Израилийн талынхан Ливаны өмнөд хэсгийн 14 тосгоны иргэдийг орон гэрээ орхин нүүхийг анхааруулсан утгатай ухуулах хуудас тараасан байна. Ливаны хилийн орчимд цэрэг, техник бөөгнөрөөд байгаа ч Израильчууд Ливаныг бүрэн дүүрэн дайран эзлэх эрмэлзэлгүй байгаагаа мэдэгджээ.
Ройтерс агентлагийн дамжуулснаар Ливаны өмнөд хэсгээс сураггүй болсон хэмээн зарлагдаад байсан Израиль цэргийн цогцос олджээ. Израиль, Ливаны хооронд мөргөлдөөн үүссэн цагаас хойш өчигдрийн байдлаар Израилийн цэргийн албан хаагч болоод жирийн 35 иргэн, Ливаны талаас ихэнх нь энгийн 350 хүний амь үрэгдээд байна.
Израилийн зэвеэгт хүчнийхэн өчигдөр өглөө эртлэн Ливаныг бөмбөгдөн дайралтаа үргэлжлүүлэв. Израилийн засаг захиргааныхны мэдэгдэж буйгаар энэхүү ажиллагааны гол зорилго нь Хезболлах-ын пуужингийн болон командын байрлал, Ливан Сирийг холбосон замыг жагсаалаас гаргах явдал аж.

Буудалцаан үргэлжилсээр


Ойрхи Дорнодод хямрал даамжирснаас хойш 12 хоног өнгөрөв. Израилийн пуужингууд өчигдөр Хезболлах-ын бэхлэлт оршдог Бейрутын өмнөд дүүрэгт ээлж дараалан дэлбэрчээ. Тагнуулынхны мэдээлснээр радикаль хүчнийхэн цуглараад байсан Ливаны боомт хот Сайд мөн Израилийн цэргийн цохилтын бай болов. Ливаны өмнөд, хойд хэсэгт орших холбооны дамжуулах станц болон гол телевизүүдийн цамхгийг Хезболлах-ынхан суртал нэвтрүүлэгт ашиглаж байсан гэх шалтгаанаар эсрэг талынхан нь өнгөрсөн бямба гаригт сүйтгэжээ. Хезболлах-ынхан уржигдар Израилийн хойд хэсгийг 40 орчим пуужингаар харвасны улмаас 16 хүн шархдан гурван байшин эвдэрч сүйрчээ.
Ливаны жирийн иргэд орон гэрээ орхин дүрвэсээр байна. Олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр 500 мянган орчим ливанчууд дүрвэгч болжээ. Бейрутаас Тир хот хүрэх гол зам дүрвэгчдээр дүүрч, энгийн иргэд зорчиж явааг таниулахын тулд олон машин дээр цагаан даавуу хийсгэсэн байсныг BBC агент­лагийн сурвалжлагч дамжуулав.
Бейрутад өчигдөр очсон НYБ-ын Хүмүүнлэгийн хөтөлбөрийн зохицуулагч Ян Эгеланн
Израилийн талаас тэдний бөмбөгдөлтөд хамгийн их хэлмэгдсэн Ливаны хэсгүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохыг мэдэгджээ. Израилийн засаг захиргааныхан хүмүүнлэгийн тусламж хүргэх усан зам нээж болохыг зөвшөөрсөн байна. Гэвч Ян Эгеланны хэлснээр Ливанд аваачаад байгаа барааг зам, гүүр нурснаас болж хэрэгтэй газарт нь хүргэж чадахгүй саатсаар байгаа аж.

АНУ Израильд бөмбөг нийлүүлсэн үү?


Yйл явдлын зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа Израилийн талд GBU-28 хэмээх лазерийн удирдлагат хүчтэй бөмбөг нийлүүлсэн тухай мэдээ тархав. Израильд Бункер дэлбэлэгч гэдэг нэртэй GBU-28 бөмбөг нийлүүлэх тухай шийдвэрийг АНУ-ын Конгресс бүр 2005 оны дөрөвдүгээр сард гаргаж байжээ. Энэхүү бөмбөг нь 2,3 тонн жинтэй агаад 30 метр хүртлэх газрын гүнд байгаа байг сөнөөж зургаан метр зузаантай бетон ханыг нурааж дөнгөх чадалтай гэнэ. Одоогоор Цагаан ордон болоод АНУ-ын Төрийн департамент энэ мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тони Сноу АНУ үүсээд байгаа хямралын үед Израильтай цэргийн талын ямар ч хэлхээ холбоогүй байгаа талаар мэдэгджээ.

Ардын эрх сонин 139 /417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button