Бондын санхүүжилтээр баригдах барилгын хоёр өрөө байр нь 11-12 сая төгрөгийн үнэтэй байна

Саяхан УИХ, Засгийн газраар 40 мянган орон сууцхөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулж 60 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг гаргуулсан. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх болон бондыг хэрхэн юунд зарцуулах талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мягмартай уулзаж ярилцлаа.

-Саяхан танай яамнаас орон сууцны тооллого хийж дууссан гэсэн. Хэдэн орон сууц тоологдов. Ер нь урьд нь ийм тооллого хийгдэж байсан уу?
-Өмнө нь 2000 онд улс даяар хүн ам, орон сууцны тооллого хийгдэж байсан. Тэр үед манай хүн амын 22 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна гэсэн тоо гарсан. Түүнээс хойш ийм тооллого огт хийгдээгүй. Энэ жилийн тооллогоор 2004 оноос хойш хэдэн орон сууцны барилга баригдаж ашиглалтад оров гэдгийг тооллоо. Орон нутагт харьцангуй цөөн, нийслэлд их барилга баригджээ. 2004 оноос хойш ашиглалтад орсон буюу баригдаж байгаа 30481 айлын орон сууц байна. Нийтдээ 1128 орон сууцны барилга тоологдлоо. Үүнээс нийслэлд 31000 айлын 330 орон сууц албан ёсоор ашиглалтад оржээ. Ашиглалтад орсон барилгуудын нэгдүгээр давхарт ихэвчлэн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай орон зайг төлөвлөсөн байдаг. Бид шинэ орон сууц тоолохоос гадна ажлын байр хэр нэмэгдсэнийг ч тоолсон. Нийслэлд 1620 ажлын байр бүхий 8547 ам метр талбай орон сууцны барилгуудад бий болжээ. Тооллогыг хийхдээ ямар тоотой баригдаж байна, жил бүрийн өсөлт ямар байна гэдгийг нэгд тоолсон. Хоёрт, ажлын байрыг нэмэгдүүлж байна уу, үүнийг хэр шийдэж байна гэдгийг. Гуравт, орон сууцны зах зээлд борлогдож байгаа үнийн асуудал ямар байна гэдгийг тоолсон. Цаашид орон сууцны үнийг багасгах, бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэ дүнг ашиглах зорилготойгоор энэ тооллогыг хийсэн.

-Орон сууц тоолох явцад ямар зөрчил дутагдал илрэв?
-Газар олголт, техникийн нөхцөлийн зөвшөөрөлгүй баригдсан нэг хэсэг барилга байна. Ашиглалтад оруулах зөвшөөрөл албан ёсоор аваагүй мөртлөө иргэдийг оруулсан ч байна. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад иргэдийг байранд нь оруулчихсан гэсэн үг. Ийм барилга нийтдээ 170 байна гэсэн тоо гарлаа. Мөн огт газар олголтын зөвшөөрөлгүй 122 айлын орон сууцны барилга баригдаж байна. Үүнийг бид сайдын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэх гэж байгаа. Хурлаар энэ хууль, дүрэм журам зөрчсөн барилгуудыг хэрхэн яаж шийдэх, ерөөсөө зөвшөөрөлгүй барилга эхэлж байгаа асуудлыг яаж шийдэхэв гээд цаашид яамнаас бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ. Цаашид 40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ мэт зөрчлийг давтахгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй байхад сургамж болж байгаа юм.

Нэг ам метр талбайн зардал 300 мянга ч зах зээлд хоёр дахин өндөр үнээр зарагдаж байна

-Сүүлийн үед олон барилга баригдаж байгаа ч үнэ өндөр, чанар тааруу байгаа. Тооллогын үеэр энэ бүхнийг судлав уу?
-Тооллогын үеэр баригдсан, баригдаж байгаа барилгад хэдэн өрөө хэд байна гэдгийг нарийвчлан гаргасан. Зонхилох хувь нь хоёр өрөө байр. Ерөнхийдөө нийслэлд баригдаад зарагдаж байгаа орон сууцны ам метр нь 400-500 ам.долларын үнэтэй байгаа. Орон нутагт 170-180 мянган төгрөг. Ер нь орон сууцны үнэ эрэлт хэрэгцээгээ дагаад автоматаар өсч байгаа юм. Яг үндсэн орон сууц барихад гарч байгаа зардал бага. Сайн материалаар чанартай барьсан барилгын нэг ам метрийн зардал 300 мянган төгрөг байгаа. Гэтэл зах зээл дээр 570-600 мянган төгрөг гээд хоёр дахин өндөр үнээр зарагдаж байна. Тэгэхлээр ийм өндөр үнэтэй байрыг манай нийгмийн боломжтой хэсэг нь аваад дуусчээ. Одоо хүн амын ихэнхийг эзэлдэг бага, дунд орлоготой иргэдэд зориулсан, худалдан авах чадварт тохирсон, урт хугацааны зээлд хамруулах орон сууц хэрэгтэй байна. Манай дундаж орлоготой иргэдийн өрхийн орлого 250-300 мянган төгрөг л байгаа шүү дээ. Ийм орлоготой өрх сарын орлогын 30 хувийг өгөөд байхад 15-20 жилд эргээд зээлээ төлөх нөхцөлийг Монголын орон сууцны зах зээлд бүрдүүлвэл нэг талаас иргэдийг орон сууцаар хангах, нөгөө талаас эрэлт хэрэгцээ хангагдана.

40-45 ам метр талбайтай байр 11-12 сая төгрөг

-Цаашид орон сууцны үнийг хэрхэн бууруулах вэ. Бонд гаргаснаар үнэ буурах уу?
-Ер нь энэ 40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүй шүү дээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхийн тулд 60 тэрбум төгрөгийн бондыг гаргахаар болсон. Бондыг гаргаснаар орон сууцны үнийг бууруулна. Үнийг буулгана гэдэг нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Бонд гаргаснаар нэгд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдэж байна. Хоёрт, хэрэгжиж эхэлснээр зах зээл дэх орон сууцны ам метрийн үнэ буурна. Учир нь өнгөрсөн онд УИХ-аас орон сууцны салбарт техникийн шинэчлэл хийх, дэмжих, иргэдийг орон сууцжуулах зорилтыг дэмжих зорилгоор зарим бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн НӨАТ-ын татвараас чөлөөлсөн. Энэ дотор орон сууц барьж борлуулсан, дэд бүтцэд хөрөнгө оруулсан, барилгын өргөн хэрэглээний материалын үйлдвэрлэл зэрэгт НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан. Татвараас чөлөөлснөөр тухайн барилгын ам метрт зарцуулах зардал багасна. Мөн бид 60 тэрбумын бондыг хэрэгжүүлэхдээ барилгын компаниудад тодорхой нөхцөл зааж өгнө. Барилгын ам метр талбайн үнийг төдөөс дээшгүй, талбай нь 40-45 ам метр, үнэ нь 11-12 сая төгрөгөөс дээшгүй ийм орон сууцыг бондын эх үүсвэрээр барих барилгын компаниудыг шалгаруулж бариулна. Ингэснээр зах зээл дэх үнэ буурна.

-Компаниудыг санхүүжүүлж хямд үнэтэй орон сууц бариулна гэлээ. Тэгэхлээр нөгөө чанарын асуудал гарч ирэх юм биш үү?
-Хөнгөллөө гээд материалын чанарт нөлөөлөхгүй. Татвараас барилгын материалуудын үйлдвэрүүд чөлөөлөгдөнө. Гаднаас импортоор орж ирж байгаа материалууд хоёр дахин үнэ нь өсч зарагдаж байгаа нь нууц биш. Тиймээс дотоодын үйлдвэрийг дэмжих бодлого барьж байгаа юм. Тэгэхлээр үндсэн материалын үнэ багасна. Бага үнэтэй материал хэрэглээд барьсан барилгын өөрийнх нь гаргасан зардалд ногдуулах НӨАТ-ыг чөлөөлөхөөр үнэ багасна. Харин чанарт болон стандартад тавих шаардлага хөтөлбөрт хамрагдаж байгаа барилгуудын хувьд үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохицуулж, хяналт шаардлагаа тавиад шаардлага хангасан орон сууц бариулах асуудлыг хариуцуулахаар гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Орон сууцны үндэсний төв гэдэг байгууллагыг байгуулсан. Энэ төвийн мэргэжлийн хүмүүс 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл бүх шатанд нь хяналт тавих учраас чанарын шаардлага, норм нормативын дагуу барилга баригдана гэж баттай хэлж болно.

Байрны үнийн 30 хувийг төлөхөд үлдсэнийг урт хугацааны зээлд хамруулна

-Бонд гаргахыг УИХ-аас зөвшөөрснөөс хойш компаниуд их хандаж байна уу?
-Бонд яригдаж эхэлснээс хойш л хандаж байгаа. Хөтөлбөрт оролцъё, бондын эх үүсвэрээс санхүүжилт авъя гэсэн санал их ирж байна. Гэхдээ бид компаниудад дээр яриад байгаа дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцсэн барилга барих ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тавьж байгаа шаардлага бол 40-45 ам метр талбайтай, 1-2 өрөөтэй, жирийн дундаж орлоготой иргэдийн амьдрах стандартын шаардлага хангасан байр. Дээр нь ам.метр талбайн борлуулалтын үнэ 300 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэж байгаа.

-Бондоос санхүүжилт авах боллоо гэхэд нөгөө яригдаад байгаа Яармаг, Баянголын ам, Баянзүрхийн товчооны цаана гэсэн товлосон газарт барилгаа барих уу?
-Нэгд, энэ бонд өөрөө зориулалттай. Хаана хаана юунд зориулах вэ гээд. Энэ зориулалтын дагуу л ашиглагдана. Нэгд, нийслэлд 1600 айлын орон сууц баригдана. Аймгийн төв бүрт 40 айлынх, сумын төвүүдэд дөрвөн айлын орон сууц барина. Дээр нь 1000 оюутны байр, төрийн албан хаагчдад зориулсан 1600 айлын орон сууц барих юм. Ийм зориулалтаар л 60 тэрбумыг ашиглана. Гэхдээ эхний ээлжинд газар нь шийдэгдчихсэн, цахилгаан, дулаан, утас гээд техникийн нөхцөл нь шийдэгдчихсэн газруудад бондын эх үүсвэрээр санхүүжилт хийгдэнэ. Бондыг нэгмөсөн зах зээлд гаргахгүй. Бүх зүйл бэлэн болсон ажил нь эхлэх гэж буй газруудад санхүүжилт эхний ээлжинд хийхээр тодорхой хувийг гаргана. Ийм компаниуд бий. Газартай, бидний яриад байгаа шиг ихэнх нь хоёр өрөө, цөөн нэг өрөөтэй тийм зураг төсөл нь хийгдсэн, техникийн нөхцөл бүрдсэн. Нийслэлд шууд 1600 айлын орон сууц барихад газар хүндрэлтэй. Тиймээс бэлэн зурагтай, газартай компаниудтай хамтарч ажиллана. Хөрөнгө оруулалтыг бид хийж зохих хяналтыг тавина.

-Орон сууцанд орох хүмүүсийг хэрхэн сонгож, захиалга авах вэ?
-Дундаж орлоготой өрхийн олон өргөдөл ирнэ. Нэг өрхөд давхардуулахгүйгээр, хоёр дахь, гурав дахь орон сууцаа авах сонирхолтой хүмүүсийг хаана. Гэр хорооллоос шилжих нь үү, эсвэл хэдэн айл өрх тусгаарлах нь уу гэдгийг судалж манай Орон сууцны үндэсний төвөөр дамжуулаад өргөдлийг хүлээн авна. Тухайлбал, бондоор баригдсан орон сууцнаас та 11 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө орон сууцтай боллоо. Үүний 30 хувь болох гурван сая гаруй төгрөгийг та ямар ч байсан тушаах ёстой. Таны орон сууцыг чинь барьцаалаад үлдсэн мөнгийг урт хугацааны зээлд хамруулна. Зээлээ төлж дуустал таны орон сууц Орон сууцны үндэсний төвийн мэдэлд байна. Таван жилд төлнө үү, 15 жилд төлнө үү тэр хүний асуудал. Зээл дууслаа орон сууц таны мэдэлд очно. Ийм маягаар борлуулах юм.

-Гэр хорооллынхныг инженерийн шугамд холбоно гээд байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
-Инженерийн анхан шатны дэд бүтцэд холбох юм. Цэвэр ус хүргэж, бохир усыг зайлуулах. Энэ чиглэлээр АХБ, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжиж байгаа. УИХ-аас баталсан хуулиар гэр хороололд инженерийн шугам оруулсан тохиолдолд НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Бондын эх үүсвэрээс гэр хороолол руу шугам татахад хүндрэлтэй. Яагаад гэвэл тодорхой хугацаанд эргэн төлөгдөх ёстой. Цэвэр усны баахан шугам татаад байдаг. Нөгөө айлууд чинь түүнийг холбож ашиглахгүй бол нөгөө татсан шугам ашиглагдахгүй, зардлаа эргээд нөхөх хугацаа нь их болно шүү дээ. Тиймээс гадны удаан хугацаатай, хүү багатай хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа юм. АХБ-ын төслөөр төвийн найман аймгийн гэр хороололд цэвэр усны шугам 2007 оноос татна.

-Барилгын салбарын 80 жил болох гэж буй. Ойгоо угтаж ямар томоохон ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Ой маань ирэх есдүгээр сард болно. Ойгоо угтаад улсын төсвөөр 2007 онд баригдах барилга байгууламжийн гүйцэтгэгчийг шалгаруулах, ажлын ихэнхийг эхлүүлэх ажил зохион байгууллаа. Баянголын аманд баригдах хотхоны цэвэр, бохир усны 3.8 км шугам татах ажлын нээлт хийсэн. Барилга, хот байгуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон. Төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх байх. Мөн ипотекийн багц хуулийн төслийг боловсруулаад дуусч байна. Энэ хууль батлагдаад эх үүсвэр шийдэгдчихвэл иргэд орон сууцтай болох нөхцөл нь бүрдэж байна гэж болно. Түүнчлэн Хот байгуулалтын хуулийн өөрчлөлт, Хот суурин газрын усан хангамж, ариутгалын хуулийн нэмэлт, өөрчлөлт зэргийг боловсрууллаа. Хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөрийг боловсруулж УИХ-д өргөн барина. Барилгын салбарт мөрддөг норм нормативыг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд ажлууд хийгдэж байна.
Манай орон сууцны барилгын нийт 1200 орчим цахилгаан шатны тал хувь нь ажиллахгүй байгаа. Энэ асуудлыг шийдүүлэхээр Засгийн газарт асуудал оруулаад байна. Ирэх онд долоон барилгын цахилгаан шатыг улсын хөрөнгөөр шинэчилж солихоор төсөвт тусгуулсан. Барилгачдын баяраас өмнө гурван цахилгаан шатыг ашиглалтад өгөхөөр гэрээ хэлцэл байгуулагдан ажиллаж байна. Мөн салбарынхаа үүсэл хөгжлийн тухай кино, ном товхимол, үзэсгэлэн гээд олон зүйлийг хийж байгаа.

М.Батбаатар
(өдрийн сонин 2006-07-24 182)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button