С.Оюун Бие даасан байгууллага байгуулсан нь зөв алхам

-Ерөнхийдөө уг хууль миний хүсэж байснаар гарсан гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг ил тод болж байгаа. Үүнийг авлигаас урьдчилан сэргийлэх аргуудаас хамгийн өгөөжтэй нь гэж үздэг. Авлигатай тэмцэх асуудлыг цогцоор нь шийдэж чадах бие даасан байгууллага байгуулсан нь маш зөв алхам боллоо. Цогцоор гэдэг нь авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа юм л даа. Анх төслөөрөө прокурорын дэргэд энэ байгууллагыг байгуулах санал байсан. Хэрэв тэгсэн бол зөвхөн мөрдөн байцаах зэрэг ажлыг нь түлхүү анхаараад соён гэгээрүүлэх гэх мэт ажил нь орхигдох вий хэмээн санаа зовсон. Яагаад гэвэл хүчний байгууллагуудын хийдэг гол ажил тэр шүү дээ. Ер нь авлигын хэргийг илрүүлэх, батлахад их төвөгтөй. Үүнийг илрүүлэхэд хөрөнгө оруулалтын мэдүүлэг, хэвлэл мэдээлэл гэх зэрэг иргэний нийгмийн үүрэг роль ихээхэн хэрэгтэй. Гадаад орнуудын авлигын эсрэг тэмцдэг байгууллагуудыг харж байхад тэдэнд авлига илрүүлэх улс төрийн хүсэл зориг байхгүй бол үр дүн муутай ажилладаг нь ажиглагдаж байна.

-Та манайд байгуулагдсан Авлигын эсрэг байгууллагыг, авлига устгах улс төрийн хүсэл зоригтой гэж бодож байгаа юу?

-Ийм байгууллага хүчний байгууллагуудаас тусдаа байсан ч, нэг дор байсан ч авлига гэдэг энэ зүйлээс салъя гэж л бодохгүй бол ажил нь сайн явахгүй. Ганц хууль баталснаар бүх зүйл сайн сайхан болохгүй л гэж хэлэх гэсэн юм. Манай нийгэм нэг үеэ бодвол авлига байна гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Би МАХН дангаар засаг барьж байсан 2000-2004 оны үед авлигатай тэмцье гэж ярьчихаад байхгүй юмтай тэмцэнэ гэж юугаа яриад байна хэмээн загнуулдаг байсан. Тэр үеийг бодвол Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн хүн бүр авлигыг хүлээн зөвшөөрсөн. Лидер намууд ч мөн адил тэгж ярьж эхэлсэн. Өнгөн дээрээ ч болтугай авлигатай тэмцэх хүсэл зоригтой болжээ гэж би үзэж байна.Үүнээс гадна иргэний нийгмээс асар их тулгалт шаардлага ирж байгаа нь арга байхгүй авлигыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болгож байх шив дээ гэж хэлэв.

Жамбалын Сандагдорж
(өдрийн сонин 2006-07-24 182)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button