Монголоос оюуны спортын анхны дэлхийн аваргууд төрлөө

Монголчуудын оюуны спортод түүх болж үлдэх нэгэн шинэ амжилтыг 12 настай дөрвөн охин тогтоож, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга цол хүртлээ. Хэдийгээр манай тамирчид тив, дэлхийн хэмжээний тэмцээнээс медальт байрт шалгарч, их мастеруудаас олон улсын тэмцээний магнайд явсан нь цөөнгүй ч аль нэгэн насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан нь үгүй юм. Тэгвэл энэ сарын 13-19-ний өдрүүдэд Чехийн Пардувиц хотод болсон Дэлхийн багийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс дэд мастер А.Энхтуул, Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нар багаараа тэргүүн байрт шалгарч, Монголын анхны дэлхий аварга шатарчид боллоо.
Охид маань ФИДЕ-гийн дэд мастерын болзол хангалаа
Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн охидын дасгалжуулагч, Төр Монгол шатрын клубын багш Ц.Батболдтой ярилцлаа.

-Юуны өмнө таны шавь нар дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Тэмцээний талаар товч мэдээлэл өгнө үү?


-Өсвөрийн шатарчдын дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан юм. Манай улсын хувьд энэ жил анх удаа оролцлоо. Нийт 11 орны өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөс Монголын баг тэргүүн байр эзэлсэнд баяртай байна. ОХУ, Польш гээд дэлхийн хэмжээний хүчтэй өрсөлдөгчдийг ялж, энэ алдрыг хүртлээ.

-Хэдэн өрөг тоглосон бэ?


-Долоон өрөг тоглосон.

-Манай охид өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан уу, туршлага хэр байв?


-Охид маань харьцангуй туршлагатай. Өнгөрсөн жил ОХУ-д болсон олон улсын фестиваль, Азийн аварга гээд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байсан. Эд маань дөрвөн жил тасралтгүй шатрын спортод цаг заваа зориулж байгаагийн хүчинд өнөөдрийн амжилтад хүрлээ. Нас бага хэдий ч сэргэлэн, дайчин охид гэж шавь нараа магтмаар байна. Хоёр нь энэ жил насанд хүрэгчдийн улсын аваргад шалгарч оролцож байлаа.

-Тэмцээн гурван насны ангиллаар болсон гэсэн. Манайхан зөвхөн 12 насныхантайгаа өрсөлдсөн үү?


-Тэмцээн 12,14,16 гэсэн гурван насны ангиллаар болсон. Гэхдээ зөвхөн нас насандаа өрсөлдөхгүй. Тухайлбал, манай баг өөрийн насны өрсөлдөгчдөөс ганцхан Чехийн багтай тоглож хожсон. Дараагийн тоглолтуудаа 14 насны дөрөв, 16 насны хоёр багтай тоглосон. Энэ мэтчилэн нас харгалзахгүй тоглуулаад эцэст нь дүн гаргахдаа насаар нь ангилдаг юм билээ.

-Дэлхийн аварга болсон тамирчид бусдаасаа илүү байж, энэ амжилтыг гаргасан нь тодорхой. Гэхдээ онцлох юм бол манайхны давуу тал юу байв?


-Сэтгэлзүйн бэлтгэл үнэхээр сайтай байсан. Yнэнийг хэлэхэд бид түрүүлэх тухай нэг их бодоогүй байсан. Гэхдээ эхний таван байрт орох хэмжээний амжилт үзүүлэхийг зорьж байсан. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд энэ тэмцээнд явах гэж би нэлээд зоригтой бас эрсдэлтэй алхам хийсэн. Юу гэвэл Ц.Сайханчимэгийг өнгөрсөн сарын сүүлээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байхад нь болиулаад дэлхийн аваргад зүтгэсэн болохоор энэ удаа амжилт муутай оролцсон бол буруудах байлаа.

-Охид маань өнгөрсөн жил дэд мастерын болзол хангасан гэсэн. Харин одоо Дэлхийн шатрын холбооноос цол зэрэг олгох болов уу?


-Дөрвөн охин маань Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангасан. Удахгүй бид тамирчдынхаа тодорхойлолт, мэдүүлгийг Дэлхийн шатрын холбоонд явуулснаар энэ нь хүчин төгөлдөр болно. ФИДЕ-гийн дэд мастер гэдэг бол том цол. Өмнө нь манайд найман жилийн өмнө Г.Эрдэнээ 10 настайдаа энэ цолны болзлыг хангаж байснаас ийм бага насандаа ФИДЕ-гийн дэд мастер болж байсан тохиолдол өөр байхгүй.

-Энэ тэмцээнд түрүүлсэн тохиолдолд дэд мастер цолыг олгодог хэрэг үү. Эсвэл өөр ямар нэгэн шалгуур байх уу?


-Шалгууртай. Яг энэ тэмцээний хувьд бол багаараа түрүүлсэн ч тоглолтын оноо нь 50 хувиас доош байх юм бол дэд мастер цол олгодоггүй. Манайхны хувьд энэ цолыг авах хамгийн шийдвэрлэх тоглолт сүүлийн өрөгт болсон. Ц.Энхтуул сүүлийн өргийн тоглолтод өрсөлдөгчтэйгөө тэнцэх юм уу хожигдсон тохиолдолд манай охид энэ цолыг авах боломжгүй болох байсан. Харин энэ тоглолтод манай тамирчин хожиж, 3.5 оноо авснаар багаараа ФИДЕ-гийн дэд, мастер болох болзлыг биелүүллээ.

-Энэ дөрөв дөрвүүлээ таны шавь юм байна. Ингэхэд Төр Монгол клуб хэзээ байгуулагдав?


-Дөрвөн жил болж байна.

-Та өөрөө шатрын спортод ямар амжилт гаргаж байв. Цол зэрэг юу билээ?


-Надад шатрын цол зэрэг гэхээр юм байхгүй ээ. Би чинь дунд сургуулийн, бага ангийн багш мэргэжилтэй хүн. Энэ спортыг ойлгож, сонирхож явдаг болохоор 2002 онд клуб байгуулж хэдэн хүүхдүүдтэйгээ шатраар амьсгалж яваа юм. Эдэндээ шатрын спортыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулах гэж ном, товхимол багагүй уншуулдаг нь дөхөм болдог байх. Энэ хэд маань ийм бага насандаа Дэлхийн шатрын холбооны мастерууд болж чадсан юм чинь ирээдүйд их мастер болох байх аа.

Ардын эрх сонин 139 /417/

Б.Гарав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button