20 минутын үеэрт 87 хүн амиа алджээ

Хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн билээ. Нийслэлд энэ жилийн байдлаар 1368 айл өрх үерийн аюултай бүсэд суурьшин амьдарч байгаа аж. Манай улсад байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалан гурван төрлийн үер болдог. Тухайлбал, хур бороо олон хоногоор үргэлжлэн орсны улмаас голын түвшин эрс нэмэгдэж, сав, гольдролоосоо хальж орчны нам дор газар усанд автаж болно. Ийм үер одоогоос дөчин жилийн өмнө буюу 1966 оны долдугаар сарын 10-12-нд болж байсан аж.

Энэ үерээр туул гол савнаасаа хальснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг бүхлээрээ усанд автаж үерт 100 гаруй хүний амь эндэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол учирч байжээ. Мөн 2000 гаруй хүнийг уснаас аварч, 13 мянган айл өрхийг нүүлгэн шилжүүлж, тус дүүрэгт байрладаг үйлдвэр, байгууллагуудын ажил таван хоногоор саатаж байсан аж. Сүүлд 1981 оны наймдугаар сард Улаанбаатар хотод 20 минутын турш 44.2 мм тунадас бууснаас хайрга чулуутай хүчтэй уруйн үер бууж байжээ. Энэ үерээс болж 87 хүн амиа алдаж, 262 айл өрхийг үерийн замаас нүүлгэж байсан ч мөн хэмжээний хохирол у ирч байсан байна. Гол мөрний үерээс ялгаатай уруйн үер гол цэг нь аадар бороо ихээр орсны улмаас их хэмжээний ус уулын жалга, судагт хуралдаж, улмаар доошлон хүчтэй давалгаатай, их хэмжээний элс, хайрга, чулуутай урсгал юм. Богинохон хугацаанд болж өнгөрдөг ч хүчтэй урсгалтай тул учруулдаг хохирол их байдаг аж. Энэ үерийг зарим нутагт уулын зэрлэг үерч гэж нэрлэдэг. Бууж байгааг нь харахад хол юм шиг харагддагаас хүмүүс гэнэдэж амиа алдах, эндэх аюултай байдаг гэнэ. Уруйн үер богино хугацаанд маш хүчтэй болдогоос 20-иодхон минутын дотор хоёр ачааны машин, хотоороо хонь өртөж байсан харамсалтай хэрэг гарч байсан.

Мөн 1990-ээд онд Говь-Алтай аймгийн Бугат сумын сумын эмч хөдөө дуудлаганд явж байгаад уруйн үертэй тааралдаж дайрч гарах гэснээс болж үерт автаж машинтайгаа живэн амиа алдаж байсан билээ. Уг хэргийн газар очсон цагдаагийн нэгэн ажилтан, бид үер болсноос хойш тав цагийн дараа очсон. Хэрэг гарсан газар ердөө л хоёр талаасаа уулаас хашигдсан жижигхэн хөндий байдаг юм билээ. Биднийг очиход уруйн үерийн занг мэдэхгүй хүнд бол тэнд үер болсон ямар ч шинжгүй гэмээр, бүр ойр орчмынх нь шороо нь хатчихсан байсан. Харин хамт явсан нутгийн хүний хэлснээр эндээс л эхэлж үерт дайруулсан байх гэсэн газраас нэлээд доор 100-гаад метрийн зайд машины нь цонх нь хагарч, кабин дүүрэн элс чулуу чихэгдчихсэн бараг элсэнд дарагдчихсан байхыг нь олсон. Харин талийгаач эмч залуу байхгүй байсан. Нэлээд хайсны эцэст живсэн машинаас 20-иодхон метрийн цаана элсэнд булагдчихсан байхад нь олсон хэмээн ярьж байхыг нь сонсч байсныг саналаа. Харин шар усны үерийг хэн хүнгүй андахгүй. Энэ үер бусад үерийг бодвол харьцангүй эрт тав, зургаан сард болдог. Ихэнхдээ уулын болон талын цас хайлснаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдснээс болдог. Хамгийн сүүлд 1194 оны наймдугаар сарын 10-нд болсон үер өмнөх уруйн болон, гол мөрний үерийг бодвол эрч хүч, хамрах хүрээг гүйцэхгүй цөөнгүй хүний амь эрсдэж, үерийн хамгаалалтын олон барилга, гүүр эвдэрч байсан юм.

(Өнөөдрийн монгол 137/307)
Х.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button