Адуучид найман мянган адуу хурааж, ид хав, эрдэм чадлаа гайхуулав

Адууны дээд өвгийн чулуужсан яс Монгол нутгаас олдсон түүхтэй. Ер нь л монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй гэдэг шүү дээ. Дэлхий даяар техникжин, глобальчлагдсан энэ үед ч монголчуудын морь хэмээх содон имиж олныг гайхашруулсаар байгаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн гол чимэг ч морь байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Баяр наадмын хурдан морьдын тоос намжаагүй шахам байхад буюу өнгөрсөн бямба гаригт бас нэгэн содон үйл явдал болов.
Энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын өндөр довд адууч залуус азар­га азаргаараа адуугаа хурааж, эрдэм чадлаа гайхуулав. Монгол адуучдын ид хавийг гайхуулсан Адуучин тэмцээнийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Зам Тээвэр, Аялал, Жуулчлалын Яамнаас зохион байгуулсан юм.
Тэмцээнд Төв аймгийн 15 адуучин оролцож морьтой шургуулж уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах, морь сэлгэх гэсэн дөрвөн төрөлд өрсөлдлөө. 21-37 насны 15 залуугаас Сэргэлэн сумын харъяат А.Лхагвасүрэн 60 оноогоор тэргүүлсэн бол удаах байрт мөн сумын харьяат Г.Энхбат, харин гуравдугаар байрт Баянцагаан сумын харъяат Ц.Батбилэг нар орлоо. Энэ үеэр мөн 120 километрийн холч морьдын уралдаан болж Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Дамбий-Очирын зээрд морь түрүүлсэн юм.

Ардын эрх сонин 139 /417/

Б.Должин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button