Төрийн өмчийн хувьцааг худалдахаар боллоо

1992 оны 06 дугаар сарын 01-ны өдөр МХБ-д анхлан бүртгэн авсан бөгөөд одоогоор тус компанийн 187,835 ширхэг хувьцаа бүртгэлтэй байгаагаас 65,130 ширхэг нь төрийн эзэмшилд байна. Тус компаний МХБ-д бүртгэлтэй нийт хувьцааны 34,67 хувь буюу төрийн мэдлийн 65,130 ширхэг хувьцааг 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр МХБ-ийн үнэт цаасны арилжаагаар нэг багц болгон 52,100,000 төгрөгөөр /нэгж хувьцааны үнэ нь 799,9 төгрөг/ арилжих тухай ТӨХ-ны шийдвэр гарчээ.

Хаш орд ХК нь Монгол улсад үйлдвэрийн томоохон барилга байгууламжийг барих зориулалтаар ажиллаж байсан Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн суурин дээр 1992 онд байгуулагдан барилгын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ. Тус компани нь хоёр давхар үйлдвэрлэлийн ба конторын зориулалтаар ашиглаж болох конторын барилга, нэг давхар цехийн барилга мөн гараашийн барилгатай. Эдгээр нь бүгд 1994 онд ашиглалтанд орсон төмөр бетон суурь, тоосгон ханатай бөгөөд гараашийн барилгын хувьд засвар хийгдээгүй, халаалт хөлдсөн, усан хангамжгүй, дээврээс ус гоождог байна. 600 м2 орчим хэмжээ бүхий асФальтаар хийсэн чанар муу, авто замын талбайтай. 1980 онд ашиглалтанд орсон хоёр ширхэг хуучин 12´4 хэмжээтэй вагон сууцтай. Энэ нь цонх хаалгагүй, тоногдсон, чанар муу, сэргээн засварлах хөрөнгө мөнгө шаардлагатай юм. 50м3 багтаамжтай далд суурилсан шатахууны 3 сав бүхий түгээгүүргүй бензин колонктой. Энэ нь 1994 онд ашиглалтанд ороод 1997 оноос хойш ашиглагдаагүй байна. 2001 оны 3 дугаар улирлаас хойш санхүүгийн тайлан тэнцэл гаргаагүй, учир нь тус хугацаанаас хойш үндсэн үйл ажиллагаа явуулаагүй болно.

Хаш орд ХК-ны 2003 оны 3 дугаар улирлын тайлан балансад 102,478.4 мянган төгрөгийн нийт хөрөнгө, 66,252.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө тус тус бүртгэгдсэн ба үүнээс 32,746,1 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, 19,046.6 мянган төгрөгийн үнэ бүхий эд хогшил, тоног төхөөрөмжтэй бөгөөд нийт 21,318 мянган төгрөгийн элэгдэл байгуулсан байна. Хаш орд ХК-ийн нийт хувьцааны 60,3 хувь буюу 113,347 ширхэг нь том хувьцаа эзэмшигч болох 6 иргэний эзэмшилд төвлөрсөн бөгөөд 1996-2006 оны 07 сарын 05-ны байдлаар тус компанийн 213,542 ширхэг хувьцаа МХБ-ын үнэт цаасны арилжаагаар арилжигдаж, сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш 10 төгрөгтэй байсан. Арилжаа явагдсан нийт хугацааны туршид арилжааны дээд ханш 2000 төгрөг, доод ханш 5 төгрөг, нийт жигнэсэн дундаж ханш 136 төгрөгт хүрч байжээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button