Хичээлийн хэрэглэлийн гүйлгээ сайжирчээ

Дүрэмт хувцас, гутал, пүүз авахаар хүүхдээ дагуулан яваа эцэг эхчүүд олон байлаа. Хичээл эхлэх дөхөөд ирэхээр юмны үнэ өсөөд, зах дээр хөл тавих зайгүй болчихдог. Урьтан бэлтгээд өгчих санаатай гарч ирсэн чинь нээх ялгаа алга. Хүн ихтэй, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, цүнх нь үнэтэй байна. Яагаад өмнөх жилийнхээсээ ингэтлээ үнэ нь өссөн юм бэ гэхээр хятадууд ханшаа өсгөөд байна. Хажууд нь шатахууны үнэ өсөөд байна гэсэн хариулт өгч байна. Хүндхэн болж дээ гэж Баянгол дүүргийн иргэн У.Лхамжав гуай ярьсан юм. Харин захын наймаачид хэлэхдээ, хичээлийн шинэ жил хараахан эхлэх болоогүй байна. Манайхан цагийг нь тулгаж байж бэлтгэдэг.
Одоогоор дүрэмт хувцас, бэлтгэлийн хувцас харьцангуй хямд байгаа. Цаг дөхөх тусам ханш нь чангарна. Өнөөдрийн энэ үнэ чинь дор хаяж 10 хувиар өснө. Хэдийгээр урдаас ирж байгаа гутал, хувцас, пүүзний үнэ өссөн ч гэлээ чанар, сонголт нь сайжирсан гэж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангахад дунжаар 20-30 мянган төгрөг хэрэгтэй. Гэхдээ энэ мөнгөөр дундаж үнэтэй зөвхөн хичээлийн хэрэглэл, цүнх, дүрэмт хувцас л орж байгаа. Харин есдүгээр cap гараад хэдий хэмжээний үнэтэй хэчнээн сурах бичиг авахыг бүү мэд. Уг зах үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж, сонголт хийхэд нь туслах зорилгоор хичээлийн хэрэглэлийн лангуунуудыг нэг дор байрлуулдаг. Гэхдээ энэ зохион байгуулалтыг наймдугаар сарын 15-наас хойш хийдэг аж. Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцсыг бэлдэж амжаагүй байгаа.
Бичиг хэргийн барааны үнэ өөрчлөгдөөгүй
Хамгийн сонголт сайтай нь бичиг хэргийн бараа байна. Та хэтэвчнийхээ хэмжээгээр чанар, өнгө үзэмжийг нь харж сонголтоо хийж болно. Дэвтэр эх орны болон хилийн чанадаас ирснээсээ хамаараад үнэ ялгаатай.
Монгол дэвтрийн хувьд 96-12 хуудастай.
96 ху-600
80 ху-500
60 ху-400
48 ху-350
36 ху-300
24 ху-250
12 ху-100 төгрөгийн үнэтэй. Зургийн дэвтэр хуудаснаасаа шалтгаалан 250-500 төгрөг, үзгэн бал 100-500, шугам зурах дүрс, үүргээсээ хамаараад 100-3000, балын харандаа 50-300, нотны дэвтэр 500, баллуур 50-200, гортиг 250-800, дэвтрийн хавтас 20-100, өнгийн цаас 300-500, хайч 100-300, үзэгний зав 300-3500 төгрөгийн ханштай байна.
Бэлтгэлийн хувцасны үнэ буурлаа
Сүүлийн үед хүүхэд залуучууд чөлөөт цагаараа бэлтгэлийн хувцас өмсөх болсон. Тиймээс ханш нь хамгийн тогтвортой байдаг бараа нь энэ. Хичээлийн жил эхлэх дөхөхөөр юмны үнэ нэмэгддэг бол бэлтгэлийн хувцасны ханш буурч байгаа таатай мэдээ байна. Өсвөр насны охидын өмсөх дуртай байдаг хамба хилэн бэлтгэлийн хувцасны ханш нь буурч 20-18 мянган төгрөг болжээ. Даавуун нь 8000-10000, сентфон дотортой нь 15000-25000 төгрөгийн үнэтэй.
Дүрэмт хувцас гүйлгээ сайтай
Наймаачдын ярьж байгаагаар сүүлийн гурван жилд дүрэмт хувцасны гүйлгээ сайжирсан. Сургуулиуд хүүхдийн дунд ялгаа гаргахгүйн тулд дүрэмт хувцас өмсгөдөг болсон нь эцэг эхчүүд, хүүхдүүдэд амар болсон. Эрээнийхэн ч дүрэмт хувцсыг олон янзын загвартай хийж нийлүүлдэг. Хүмүүс эх орны үйлдвэрийн дүрэмт хувцаснаас урдаас ирж байгаа нь үзэмжтэй загвар сайтай, хямдхан байгаа гээд ам сайтай байдаг болжээ. Тэгэхээр манай дүрэмт хувцасм үйлдвэрлэдэг үйлдвэрүүд үүнийг анхааралдаа авмаар. Эмэгтэй дүрэмт хувцас бага насны охидынх 10-12 мянга, дунд насных нь 15-18 мянга, хоёр юбкатай гурван хос нь 12-15 мянган төгрөгийн ханштай байна. Эрэгтэй дүрэмт хувцас буюу костюм нь хоёр эсвэл гурван хос. Үүнээсээ шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй. Гурван хос нь том жижгээсээ хамаараад 5-10 мянга, хоёр хос нь 4-6 мянган төгрөг. Цагаан цамц дангаараа 2500-3500, зангиатайгаа бол 3000-3500 төгрөг. Зангиа дангаараа 500 төгрөг.
Цүнхний загвар өөрчлөгджээ
Оюутан сурагчдад зориулсан цүнх энэ жил загвар, чимэглэл нь эрс шинэчлэгдсэн байна. Бага ангийн сурагчдын цүнх өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 4000-8000 төгрөг. Харин ахлах ангийнхан, оюутнуудад зориулсан цүнх нь элдэв янзын унжуурга, хатгамал, шүрээр чимэглэсэн загвартай болжээ. Чимэг зүүлтээсээ хамаараад 6000-25000 төгрөгийн үнэтэй байна.
Охидын чимэглэл сонголт арвинтай
Хичээл эхлэхээр чимэг зүүлтээ зүүж, цэвэрхэн хувцасласан охид баяр дээр баяр нимдэг. Тэгэхээр охид хөвгүүдийн сонирхлыг татдаг чимэг зүүлт Нарантуул зах дээр ийм ханштай байна. Үсний даруулга 300-800 төгрөг, боолт нь 300-1000, хавчаар 150-5000 төгрөг. Харин өргөн тууз нэг метр нь 200, нарийн тууз нэг метр нь 100 төгрөг.
Гутал пүүзний ханш тогтвортой байна
Энэ жилээс урдаас орж ирж байгаа гуталны үнэ харьцангуй тогтвортой байж. Түүгээр ч барахгүй охидын гутлын үнэ нь буурч 3000-5000 төгрөгт хүрсэн. Харин хичээлийн жил дөхөхөөр хийц загвар нь сайжран харьцангуй үнэтэй болж иржээ. 9-14 насны охидын туфль 3-15 мянга, пүүз 5-10 мянга. Хөвгүүдийн пүүз 5-25 мянган төгрөгийн ханштай байна. Хүүхэд залуучуудын өмсөх дуртай кэт 5-18 мянган төгрөгийн үнэтэй байна.
(Өнөөдрийн монгол 150/320)
Ц.Ургамал