Нацист К.Г.Бхаванам монголын хаан болж хөглөсөн түүх

Эхэндээ Хэнтийн Ганжуур тайжийн ганц хүү гэж явснаа сүүлдээ Чингисийн удмын сүүлчийи угсаа залгамжлагч болж тодроод Нидерланд даяар хөгөө чирч шуугиулсан Жаргалхаан, Халхын IX Богд хэмээн орж ирээд сүсэгтэн олныг ханаруулсан нэгэн төвд өвгөн, Лондон дахь ЭСЯ-ны хаалга сахин уйлан дуулах Чингисийн удмын сүүлчийн хаан гэх нэг англи өвгөн гээд жагсаавал чамгүй жагсаалт гарч мэдэхээр. Эд бүр яг галзуу биш гэхэд, тархиных нь санах байгууламж дотор буруу програм орж суусных.
Харин салж өгөхгүй зууралдах, улайм цайм галзуу эр Энэтхэгийн өмнөд Керала мужид эдүгээ буй. Түүний захидлууд ар араасаа цувран Шинэ Дели дэх Монгол, Герман болон хэд хэдэн гадаадын ЭСЯ-дыг байнга дәрах ба нэг хэвэнд цутгасан юмуу гэмээр үг өгүүлбэрүүд хөврөх ажээ.
Германы IҮ Рейхийн фюрер, нацистын Германы Ерөнхийлөгч надад Монголын хааны статус Монголын Засгийн газар олговол таарна гэж захидлаа эхлүүлээд, тийм цолгүй бол Германд амар тайван амьдрахгүй байна. Тэгснээ Монголын хаан, эсвэл Монголчуудын хаан цол олгохыг Монгол Улсын Засгийн газраас надад олгохыг олонтаа шаардсан, энэ бол эцсийн шаардлага шүү гэж сүрдүүлнэ. Монголын хааны цолгүй бол Герман явах цөмийн шумбагч хөлөг рүү намайг нэвтрүүлэхгүй байна, энэ тухайгаа Герман, Япон, Итали, Австри, АНУ, Орос, Египет, Саудын Арави, Канад, Хятадын Засгийн газарт хандаж бичлээ гээд тэдгээр олон улсын Засгийн газрууд өөрийнх нь гэрт цуглаж хуралдах хэрэгтэй гээд хаягаа бичнэ. Тэгснээ учир утгагүй дайн зарлаж, дайнд Английг ялна гэхчилэн хөл толгой нь олдохгүй солиордог ажээ.
Өмнөд Энэтхэгт суугаа Германы элчин сайд Шредер бол Монголын Элчин сайд мөн, тэр миний тухай бүгдийг мэдэж байгаа, Монголын Засгийн газар надад Монголын хааны цол олгоод тэр тухайгаа Монгол дахь Германы Элчин сайдад мэдэгдэх хэрэгтэй, Монголын хааны статус нь Герман, Япон, Итали, Австри, АНУ, Орос, Египет, Саудын Арав, Канад, Норвеги, Хятадын Засгийн газруудад бүгдэд нь тустай, ингээд Монголын хаан би шумбагч завиараа яваад Италид хүрэхэд IҮ Фюрер намайг баярлан угтах болно, би Австриар дамжин Герман орох болно гэж утгагүй зална.
Захидлын төгсгөлд, Монголын Засгийн газрын хурлыг гэртээ хийлгэхээр хугацаа заасан байх буюу Монголын Засгийн газрын төлөөлөгчийг дуудуулсан захирангуй үгс байна. Англи хэлээр гараар гаргацтай бичсэнийг бодвол хөөрхий энэ хүн сургууль соёлоор эрхбиш дамжсан бололтой, цээж зураг, хаяг бүхий албан бичгийн бланктайг бодвол ядуу гуйлгачин арай ч биш болов уу. Бас тэгээд нэг захидлыг олон хувилж бичээд Шинэ Дели рүү cap бүр илгээгээд байхыг бодоход боломжийн айлын хүү байж болох. Захидлын мөр болгоны өмнө хас тэмдэг, таван хошууг зэрэгцүүлэн зурж, зарим өгүулбэрийг тодруулж зурснаас үзвэл юмны учир начрыг ойлгоод байх биш, таван хошуу нь Монголын хаан, хас тэмдэг нь Нацистын Германы фюрер-ийг нь илтгэжбайгаа ухаантай юм болое уу. Тэрээр Монголын менгөн тэмдэгтэд загвар болгох гэж энэтхэг рупийн дээр зураг ба нэрээ эрээчээд захидлыг дагалдуулна.
Энэ солиотой явдлыг цааш нурших, ямар нэг дүгнэлт өгөх хэрэггүй биз ээ. Ямартай ч тэр жил, Токио дахь манай ЭСЯ руу сэлэм агссан самурайн дүрээр нэгэн солиотой япон эр довтлон орж хэрэг мандуулсан шиг энэхүү К.Г.БХАВАНАМ гэгч Делид очиж манай ЭСЯ-ыг түйвээвэл яах вэ. Бид бэлтгэлтэй бил үү. Энэ тухай Энэтхэгийн ДЯЯ-нд нь мэдээлсэн боловч цаад нөхрийг саармагжуулах талаар арга хэмжээ авсан нь юу л бол. Тиймэрхүү төрхтэй хүн тэр улсад хэдэн арван саяараа бий шүү дээ…
(Зууны мэдээ 193/2329)
Ц.БААСАНБАТ