Ноён $-тай монгол төгрөгийг харьцах ханш чангарч эхэллээ

Такси үйлчилгээ, нийтийн тээвэрийн үнэ тогтвортой байхад наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ ханшийг нэмж хөөрөгдөж байна гэж иргэд бухимдаж эхлэв. Харин эдийн засагчдын үзэж буйгаар ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмсэн ч гэлээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэх хэмжээнд нөлөөлөхгүй. Манайхан дэлхийн зах зээл дээр нефтийн ханш нэмэгдлээ гэсэн сургаар л үнийн хөөрөгдөл үүсгэдэг. Хэдийгээр энэ нь тухайн үедээ худалдаа наймаа эрхлэгчдэд ашигтай байгаа ч араасаа дандаа сөрөг үр дагавар дагуулдаг. Хэрэглэгчид халаасаа тэмтэрсээр сүүлдээ туйлдан худалдан авах чадвар нь муудна. Үнийн дарангуйлалд өртсөн иргэд цалин хөлсөө нэмүүлэхээр шаардаж цухалдаж эхэлнэ. Улсын төсөв ядмагхан болохоор цалинг нь нэн даруй санасан хэмжээнд нь хүртэл нэмж чадахгүй. Үүнээс болж нийгэмд бухимдал үүсч үймээн самуун, жагсаал цуглаандаа тулдаг. Судалгаанаас харахад сүүлийн үед гараад байгаа жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийн 90 орчим хувь нь цалин амьдрал хүрэлцдэггүй. Амьдрал хүнд байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэм. Тэгвэл бидэнд ингэж жагсаад байх шаардлага алга гэсэн байна.
Тэгэхлээр жагсаал цуглаанд оролцогчид бүгд улс төрийн хийрхэлд автдаг бус зөвхөн тодорхой хэсэг л иргэдийн эмзэг талыг ашиглалаг аж. Үүний бас нэг жишээ нь жагсаалд оролцсон хүнд 3000-5000 төгрөг өгнө гэхэд л 1000-3000 хүн өлхөн цуглачихдаг байна. Эдийн засагчдын үзэж байгаар ойр ойрхон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмээд байх хэмжээгээр төгрөгийн ханш унадаг. Энэ уналтыг зогсохгүй бол төгрөг мөнгөн тэмдэгт байх чадвараа алдана. Уг нь төгрөг бусад хөрвөдөг мөнгөн тэмдэгтүүдтэй харьцах харьцаа чанга байж гэмээнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой болох юм. Ингэж чадвал иргэд бухимдалгүй амгалан тайван амьдарна. Дэлхийн улс орнуудын энэ жишгийг хатуу мөрдөх хэрэгтэй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт төгрөгийн ханш бага зэрэг чангарсан тухай таатай мэдээ сонсогдох болсон. Долдугаар сарын сүүлээр төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 1169 төгрөг болж өмнөх сараасаа 0.3 хувиар чангарсан гэсэн статистик үзүүлэлт гарчээ.
Харамсалтай нь төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1483.8 төгрөг болж нэг хувь, юаньтай 146.6 төгрөг болж 0.1 хувиар суларсан байна.
Орхон аймаг үнийн өсөлтөд хамгийн ихээр өртөв
Статистикийн газраас гаргасан мэдээллээр долдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараасааа 0.2 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. Гэсэн хэдий ч өмнөх сартай харьцуулахад хэрэглээний 287, бараа, үйлчилгээний 18.8 хувийнх нь үнэ өсч, 12.2 хувь нь буурч, 69 хувийнх нь тогтвортой байжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралт аймаг сумдад харилцан адилгүй байна. Энэ нь дэд бүтэц, хот суурин газраасаа алслагдсан эсэх, хил гаальтай ойр гээд нэлээд хэдэн зүйлээс шалтгаалдаг байна. Тухайлбал, Дархан-Уул, Өвөр-хангай, Булган, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Төв, Говь-сүмбэр аймагт бараа үйлчилгээний ханш 0.2-1.4 хувиар буурсан бол бусад аймагт 0.3-2.4 хувиар өесөн байх жишээтэй. Харин Орхон аймагт хэрэглээний бараа бүтээгдэхүүн хамгийн ихээр буюу 2.4 хувиар өсчээ. Үүнд хүнсний бараа 4.6 хувь, дотор мах, махан бүтээгдэхүун 8.4, төмс хүнсний ногоо 22.1, хувь хүртэл байна. Харин Говьсүмбэр аймагт талх, гурил 0.3 хувь, мах махан бүтээгдэхүүн 13.99, төрөл бүрийн өөх тос 1.6, хүнсний ногоо 10.6 хувиар буурсан нь хамгийн их бууралттайд оржээ.
Дундаж цалин 26.2 хувиар нэмэгдлээ
Өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 128.5 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.7 мянга буюу 26.2 хувиар нэмэгдсэн байна. Уул уурхайн олборлох аж үйлдвэр, төрийн удирлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн даатгал, цахилгаан эрчим хүч, шатдаг хий, усан хангамж, боловсрол, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн гүйлгээ хийдэг аж ахуйн нэгжид ажиллагсдын цалин улсын дундаж цалингаас 9.6-115.8 мянган төгрөгөөр их. Харин бусад салбарт ажиллагсдынх улсын дундаж цалингаас 0.6-60.3 мянган төгрөгөөр бага гарчээ. Хүмүүсийн ажиллах сонирхолтой байгууллага, чиглэлийг сонирхвол ихэнх нь уул уурхай, эрчим хүч, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллах хүсэлтэй байдаг аж. Учир нь дээрх статистикийн мэдээллээс харахад төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компанид ажиллагсадын цалин улсын дундаж цалингаас харьцангуй өндөр байдаг гэсэн үзүүлэлт гарсан байна.
(Өнөөдрийн монгол 151/321)