Өмнөд солонгос цагаач ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байна

Надад өөр амьд явах арга байхгүй учраас би зөвхөн үхлийг л сонгож байна.
2004 оны дөрөвдүгээр сар… Өмнөд Солонгосын нэгэн материал хээлдэг үйлдвэрийн шөнийн ээлжинд 12 цагийн турш ажилладаг байсан 34 настай БНХАУ-ын иргэн Жон амиа хорлохоосоо өмнө үлдээсэн тэмдэглэлээс…
Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагын судалгаа Өмнөд Солонгост олон арван мянган цагаач ажилчид аюултай, хүнд нөхцөлд ажиллаж, хөдөлмөрийн мөлжлөг, алагчлалтай тулгарч байгааг илрүүлжээ. Ажил олгогчид нь цалинг өгөхөөс татгалздаг, хуулийн дагуу ажлын байраа өөрчлөхөд маш хэцүү учраас цагаач ажилчид хууль бусаар ажиллахаас аргагүй болдог байна.
Өмнөд Солонгос бол цагаач ажилчдын эрхийг хамгаалах хууль баталсан Ази тив дэх анхны улс. Гэвч 2004 оны наймдугаар сарын 17-нд Цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зөвшөөрөх хууль хүчин төгөлдөр болсноос хойших хоёр жилд ажил олгогчид нь цагаач ажилчдыг зодох, айлган сүрдүүлэх, бэлгийн дарамт үзүүлэх, алагчлах, үйлдвэрийн осолд орсон тохиолдолд нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийдэг. Гадаадын ажилчин иргэд хохирлоо барагдуулах нөхцөл боломж дутмаг зэргээр тэдний үндсэн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн гэх хэргүүдийн талаархи баримтыг Эмнести интернэшнл хэвлэн гаргаад байна. Мөн энэ бүхэн нь Засгийн газрын эрх баригчдын хамгаалалт муу байгаагаас үүдэлтэй бөгөөд Өмнөд Солонгосын цагаач ажилчдын хувьд эмзэг асуудал болсон аж.
Эмнести интернэшнл-ийн Зүүн Азийн бүсийг хариуцсан судлаач Ражив Нараяан Өмнөд Солонгос бол цагаач ажилчдыг хамгаалах хууль гаргаж байгаа бүс нутагтаа тэргүүлэгч улс юм. Одоо тус улсын Засгийн газар нь аюултай, хүнд нөхцөлд ажиллаж, ажлын байраа өөрчлөхөд тулгарч буй саад бэрхшээлүүд болон ажил олгогчид нь хөдөлмөрийн хөлсийг нь өгөхөөс татгалздаг зэрэг маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, эцэст нь тэдний эрхийг хязгаарлахгүй байх нөхцөлийг хангаж өгөх ёстой хэмээн мэдэгджээ.
2005 оны тавдугаар сарын судалгаагаар Өмнөд Солонгост 350 мянга орчим цагаач ажилчид байна гэсэн тооцоог гаргасан бөгөөд энэ нь тус улсын нийт ажиллах хүчний 1.5 хувийг бүрдүүлж байна. Эдгээр ажилчид нь Нигер, Шри-Ланка, Монгол, Бангладеш, Филиппин, Индонез, Непал, Хятад зэрэг 90 гаруй орноос ирдэг. Олонхи нь доод төвшний буюу хар ажил хийдэг ажээ.
Цагаач ажилчид нь солонгос ажилчдаас илүү олон цагаар, бага цалинтай байнгын хүнд, аюултай нөхцөлд ажилладаг бөгөөд ажлын байрандаа хэл амаар доромжлуулах болон бие махбодийн маш их хохирол амсдаг аж.
Би Эс нь 33 настай Непал улсын иргэн, Дэйжу хотын өмнөд хэсэг дэх хуванцар үйлдвэрлэдэг нэгэн компанид ажилладаг байжээ. 2005 оны аравдугаар сарын 7-нд түүний зүүн гар хуванцар үйлдвэрлэдэг машинд цохигдон дугуйны эргэлтэд орж зүүн мөр хүртэл гар нь юу ч үлдэлгүй бяцарчээ. Миний гарыг машинаас салгаж авахад машин дотор яс дуугарах чимээ сонсогдсон гэж хүмүүс ярьж байсан. Тэнд ямар ч анхны тусламж үзүүлээгүй хэмээн Би-Эс ярьжээ.
Эхнээсээ тус хуванцрын үйлдвэр уг ослын талаар нууцалсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн газарт мэдэгдчихвий гэхээс сэрэмжилж, найзад нь түүнийг хаана байгааг хэлэхээс татгалзаж, тэднийг айлган сүрдүүлж байжээ. Таван сарын дараа тус компани нь Би Эс-ийн эмчилгээний зардлыг төлөхөө зогсоосон бөгөөд гар нь одоог хүртэл эдгээгүй, ажиллаж чадахгүй байна. Тэрээр өөрийн хадгалсан мөнгөөрөө эмчилгээнийхээ зардлыг төлж байгаа бөгөөд нөхөн төлбөр авахаас нааш Непал руугаа буцахыг хүсэхгүй байна.
Ражив Нараяан Олонхи цагаач ажилчин өөрсдийн эрхээ сайн мэддэггүй бөгөөд шударга байдалд хүрэхдээ олон саад бэрхшээлтэй тулгарч, зовж шаналж байна. Мөн тэд алагчлал болон бусад зөрчлөөс өөрсдийгөө хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэл, холбоо байгуулах үедээ албаныхны айлган сүрдүүлэлттэй тулгардаг хэмээн ярьжээ.
Олон олон гадаадын ажилчин өөрийн улс дахь гадаадад ажиллах хүч гаргадаг жуулчлалын агентлагуудад ихээхэн хэмжээний төлбөр төлдөг. Гэвч бодит байдалд дээр амласнаас бага цалин авдаг бөгөөд ажил олгогчид нь тэдний цалинг хугацаанд нь өгөхөөс татгалздаг учраас тэд хугацаатай өрийн зээлээ төлөхийн тулд тогтмол цалин олгодог шинэ ажил олгогчийг хайх болдог.
2005 оны судалгаанаас үзэхэд ярилцлагад оролцсон цагаачдын 80-аас илүү хувьд Цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зөвшөөрөх тухай хуулийн цоорхойгоос болж ажлын байраа өөрчлөхөд хүндрэл учирч байгааг олж тогтоосон бөгөөд ямар нэгэн байдлаар хууль ёсны баримт бичиггүй шинээр ажил олгогчдыг олоход хлбар болгох ямар ч заалт тус хуульд тусгагдаагүй аж.
Бичиг баримтгүй цагаач ажилчид нь байнга цагдаагийн мөрдлөг мөшгөлт дор хэзээ мөдгүй баривчлагдах аюултай тулгардаг. 2006 оны нэгдүгээр сард явуулсан судалгаагаар таван цагаач ажилчны нэг нь зодуулж, шийтгүүлэн хоригдож байгаа, мөн таван ажилчдын хоёр нь байнга хэл амаар доромжлуулдаг, тэдний гурваас илүү хувь нь бусдад мөрдөгддөг, мөн хүчирхийлэлд өртөн нүцгэлүүлж байсан гэх зөрчлийг олж илрүүлээд байна.
Ражив Нараяан Өмнөд Солонгосын эдийн засагт эдгээр гадаадын ажилчид ихээхэн тус нэмэр болж байна. Гэвч тэдний хөдөлмөрийг мөлжсөн, эрхийг нь ноцтой зөрчсөн, осол аюултай нөхцөлд ажиллуулсан гэх зэрэг олон ноцтой хэрэг гарч байна хэмээн ярьжээ.
