Хүн зодсон хятад барилгачдыг шалгаж эхлэв

Тэдний ингэж ямаан омог гаргасан нь нутагтаа байгаа иргэдийн буруугаас үүдсэн үү гэвэл үгүй. Ерөөсөө л тэд энэ нутаг дэвсгэрт хэнээс ч айж ичихээ байсан, ямар нэг асуудалд холбогдвол мөнгөөр зохицуулчихдаг мэт байдалд дадсан гэмээр. Уг нь хилийн дээс гарч хүний нутагт амьдарч байгаа хүн бага ч болов айдас, дэгтэй байдаг даа.
Дээрх үймээн самууныг үүсгэгчид нь Цунчин гэх барилгын компанийн ажилчид. Тус компани Баянгол дүүргийн ҮI хорооны нутагт, хуучнаар Хүхэрт нэртэй хүнсний захын орчимд 12 давхар сууц барьж байгаа аж. Тэднийхтэй гэрээ байгуулж XIII хороололд барилга бариулахаар болсон манай иргэн очиж шаардлага тавьснаас л хэрэг манджээ. 9000 ам.доллар төлсөн байтал өдөрт очиж ажиллах ёстой барилгачид ирдэггүй гэнэ. Дуртай дургүй гурав, дөрвөн хүн ирж, ажил нь ч урагшлахгүй болохоор гэрээний дагуу 20 гаруй хүн ажиллуулъя гэж хэлэхээр очсон Д.Ганхүү, туслах Ё.Ганболдтойгоо хамт нүдүүлж орхижээ. Туслах нь ч нүүр амаа угааж, хувцасаа сольсон гэж хэлсэн. Харин Д.Ганхүүгийн уруулын дээд хэсэгт халцарснаас гарсан цус хатаж, цамц нь ч шороо, толбо болжээ. Хөлийн шилбэ, мөр гээд биеийн нь хэсгүүд хөхөрч, арьс нь шалбарчээ.
Тэр үеэр хажуугаар нь гарсан хүмүүс хэрэндээ л монголчуудаа хамгаалахаар зодоон цохионыг зогсоох гэж үзсэн ч өнөөх хятадууд чулуу, мод шидэж хавьтуулаагүй аж. Аргаа бараад цагдаа дууджээ.
Yймээнийг зогсоох гээд 30 орчим минутын дараа Баянгол дүүргээс ирсэн цагдаа нараас ч барилгачид айсангүй. Сүүлдээ Цагдаагийн тусгайн арав, дахиад Баянголын цагдаагийн гээд нийт 20 орчим хүнээр хүч нэмэгдүүлж байж хэргийг намжаажээ. Тэгээд өчигдөр Цунчин компанийн дөрвөн хятад барилгачин мөрдөн байцаалтад шилжиж, хэрэг шалгагдаж эхэллээ. Тэдний эзэн болох Ван Шү Ли захирал ажилчдаа зодоон хийж байх үеэр хаана байсан нь тодорхойгүй байна. Задарсан тэдний гар хүрсэн хоёр цагдаа Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар явсан аж.
Энэ барилгад туслах ажилчнаар 10 орчим монгол хүн байжээ. Бас л зодуулж, хөөгдөж туугдаад одоо зургаан хүн үлдсэн гэсэн. Гэрээний дагуу шаардлага тавиад зодуулсан хоёр монгол хүний хэргээс үүдээд нэг туслах ажилтан ч цагдаад мэдүүлэг хүргүүлж байгаа аж. Хөдөөнөөс ирсэн гэмээр монгол цамц өмссөн 40 орчим насны тэр эрийн хэлснээр Ван Шү Ли захирал, ажилчид нь бас л байнга зодож дарамталдаг гэнэ. Хэн нэгэн нь чанга дуугарвал хэдэн талаас шавж ирээд бөөн хэрүүл шуугиан үүсгэдэг нь энгийн үзэгдэл болсон гэлээ. Тэрээр энэ бүхнийхээ дараа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар чухам юу хийж байдаг юм бол гэж хэлээд авна лээ.
Б.ХАЖИДМАА
(Өдрийн сонин 2006-08-16 202)