Монгол хүний ходоод хогийн сав биш байлтай

Гэтэл өнөөгийн хүнсний хүртээмж, нийлүүлэлт, борлуулалтын байдал эмх замбараагүй төдийгүй сэтгэл зовоох хэмжээнд хүрснийг шүүмжлэн ярьж буй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Монгол Улс хэрэгцээнийхээ мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үндэсний үйлдвэрлэлээр боловсруулан хатуу хяналт, төрийн бодлого дор стандартын өндөр шаардлагад нийцүүлэн хүн амын хэрэгцээнд нийлүүлж байсан.Харин зах зээлд хөл тавимагц байдал өөрчлөгдсөн билээ. Хуудуу ихтэй өмч хувьчлал, эдийн засгийн хямралын улмаас үндэсний үйлдвэрүүд дампуурч, хүнс хоолоо гадаадаас авчрах моод Монголд дэлгэрсэн.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Хятад, Америкийн тахиа, Оросоос өндөг, зайрмаг, Чили, Аргентины ургамлын тос иддэг боллоо. Бразил кофе, франц дарс гээд дэлхийн бөмбөрцгийн улс болгоны идээний дээжийг амталж байна. Арай л Австралиас хонины мах, Өвөрмонголоос айраг зөөлгөсөнгүй. Чухам л хүнсэнд хэрэглэдэг болгоныг хилийн чанадаас л авчирсан бол гадаадынх юм чинь сайн байлгүй яах вэ гээд л гөвшөөд байлаа. Тэгтэл наймаачид чанар муутай, стандартын шаардлага хангаагүй, тэр ч байтугай хадгалах хугацаа дууссан, мөөгөнцөр үүссэн, савханцрын нян агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хил, гаалиар оруулж биднийгээ хооллоод байсныг өнгөрсөн хойно нь мэдлээ дээ.
Сүүлийн хэдэн жилд хоол хүнсээр дамжсан хордлого, харшил, халдварт өвчинд хүмүүс олноор нэрвэгдэж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Монгол Улсын хэмжээнд хүнсний хамгааллын асуудал хангамжийн тогтолцооны өнөөгийн өөрчлөлтөөс дэндүү холдсон гэхэд хилсдэхгүй. Зах зээлийн шилжилтийн үеэс хүнс хамгааллын задгай сүлжээнд орсноос үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид зөвхөн ашиг олох зорилгодоо хөтлөгдөн хүний биед хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулахдаа сэтгэл нь өчүүхэн ч эмзэглэхээ больжээ. Монгол Улсын хүнсний зах зээлд нийлүүлж байгаа нийт бүтээгдэхүүний 60-70 хувийг импортоор оруулж ирдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын судалгаагаар, хүнсний бүтээгдэхүүний ариун чанарыг шалгахад 22.7 хувийг нян хөгц, мөөгөнцөр, 14.1 хувийг химийн бодис, зургаан хувийг хүнд металлын бохирдол эзэлж байгааг нотолсон байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл залуужиж, 10 мянган хүн тутамд 166.7 нь хавдраар өвчилж байна. Уг өвчнөөр нас барагсдын зургаа нь хорт хавдраар хорвоог орхиж байна.
Хүний эрүүл мэнд хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй хоол хүнсийг хүн амд хүргэх, зохистой хэрэглээний соёл нэвтрүүлэх нь төрөөс хүнсний талаар явуулах бодлогын үндсэн чухал хэсэг учраас одоо л харанга дэлдье.
Монгол Улс НYБ-тай харилцан тохиролцсоны дагуу Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг 1988 онд боловсруулсан. Уг хөтөлбөрт Хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр хүртээмжтэй ханган, хоол тэжээлийн байдлыг дээшлүүлж, улмаар эрүүл мэндийг сайжруулах хэд хэдэн зорилтыг тусган, 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг ажил хэрэг болгох бодлогыг төр, засаг захиргааны байгууллага, агентлагууд хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрэв. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад хяналтын чиглэлээр 20 гаруй байгууллага тодорхой үйл ажиллагаа, үүрэг, хариуцлага хүлээн оролцож байгаа ч улсын хэмжээнд нэгтгэн зохицуулах, удирдан чиглүүлэх төв алга. Тус байгууллагуудын хийх хяналт шалгалт, зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ олгох ажил нь давхардсанаас бусдыг чирэгдүүлэх нь цөөнгүй байгааг анхаарууштай.
Хүнсний бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалж тээвэрлэдэггүй, технологийн горим зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг алдагдуулж багагүй хохирол үзүүлж байна. Иймээс манайд импортын төдийгүй үйлдвэрлэн бэлтгэн боловсруулж буй хүнсний зүйлийн чанар эрүүл ахуй, аюулгүй байдлын төвшин хангалтгүй байгааг нуух нь илүүц. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэж буйгаар монголчуудын хэрэглэж буй хоол хүнсний 20 хувь нь аюулгүй байдлыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, бид багагүй эрсдэлтэй хооллодог ард түмэн юм.
Монгол хүний хүнсний хэрэглээг мах, сүү, гурилгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэтэл сүүлийн жилүүдэд жимс, ногоо, жүүс, шоколад, төрөл бүрийн ундаа болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй айл ховор болжээ. Эдгээр хүнс эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэдгийг хяналтын байгууллагууд нэг бүрчлэн шалгаж тогтоох гэсээр тамирдаж байна.
Өнөө цагт эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг хүмүүс супермаркет, хүнсний бөөний төв, томоохон дэлгүүрээс хүнс хоолоо худалдаж авахыг чухалчлах болжээ. Гэвч хүн бүрт тэнд үйлчлүүлэх боломж хомс. Долоон буудлаас тор бариад ганц кг алим, оройн хоолны мах авахаар хот руу орох хүн тийм ч олонгүй болов уу. Ухасхийгээд л эцсийн буудал дээр ил задгай худалдаж буй жимс, ялаа шавсан лангуун дээрх махыг сонгох нь лав. Тэгэхээр хотын захын хороололд л эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний борлуулалт хийхийг хуульчилмар байна.
Нийслэлийн төв, гэр хороолол, зусланд зунжин айраг, цагаан идээ зарсан хүмүүсийг эрүүл хүнс түгээсэн гэхэд эргэлзэж байгаагаа Сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих сангийнхан ярьж байсан.
Түүхий гурил, цардуулаар амталсан ааруул, хурууд, ургамлын тосоор баяжуулсан шар тос, усаар арвижуулсан сүү, данболи исгэгч, элсэн чихэртэй айргаар хотынхон гэдсээ цайлгасан юм биш биз.
Сүүгээ аваарай, тараг, өрөм байна шүү хэмээн хашгирах дуу чихэнд хадахад бид сэрдэг болсоор хэдэн жилийг ардаа орхив. Ченжүүд өглөө бүр сүүгээ лаборатори руу үүрч аваачаад шинжлүүлдэггүйг мэдсээр байж худалдаж авна. Хот руу ирж буй өглөөний вагоноор ачиж, хэрэглэгчдэд хүргэдэг сүүнд малаас хүнд халдварладаг бруцеллёз, сүрьеэ, ликоз өвчний нян байхгүй гэдэгт итгэж боломгүй. За яахав, сүүг буцалгаж ууя. Айраг, саамыг яах вэ. Гүү барьж байгаа айлд малын эмч дагуулж очих уу. Энэ мэтчилэн олон асуулт хариу нэхнэ. Монгол хүний ходоод хогийн сав биш байлтай.
Нийслэл, дүүргийн Засаг дарга нар эрхбиш үүнийг анзаарч байгаа гэдэгт найдъя. Түүнээс гадна махны асуудлыг цэгцэлнэ гэсээр хэдэн оныг ч үдэв дээ. Мах магнаг мэт үнэд ороод л байх боловч эрүүл ахуйн талаас хяналт, шалгалт алга. Олон мянган хүн нягт суурьшсан нийслэлд төвлөрсөн нядалгаа, бойны газрын асуудлыг шийдвэл сайнсан. Дэлгүүр болгоны лангуун дээр өөх алаглан буй махыг нэгбүрчлэн шинжилдэг гэхэд итгэхэд бэрх. Зарим үед хоол идээд байна уу, хор зооглоод байна уу гэх эргэлзээ төрнө. Бохир орчинд хоол хүнсний үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүстэй хариуцлага тооцъё. Эс тэгвээс юу ч болж мэднэ.
