Нөхөн сонгуульд 16800 сонгогч санал өгнө

Удахгүй болох УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалт гурван өөр гараад буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл маргаан дэгдээж болзошгүй байсан гурван өөр тоо нэг болжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 25 хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хороонд өгөх ёстой. Энэ дагуу 46 дугаар тойргийн сум, багийн Засаг дарга нар сонгогчдынхоо нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлсэн байна. Эндээс нэгтгэхэд 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд 16800 сонгогч санал өгнө гэсэн тоо гарчээ. Санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг ил болгож, сонгогчдод танилцах боломж олгохоор хуульд заасан.
Тэгэхээр энэ сарын 19-нөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалт ил болох юм.
