Бэл муутай нь Чингүүнжаваар гоёж, мөнгөтэй нь онгоц онгоцоор нь хүмүүсийг зөөсөн сурталчилгаа

Төвөөсөө алс зайдуухан гурван сумаас УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойрог бүрддэг болохоор үндэсний телевизийг эс тооцвол бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа явуулах нь үр дүн муутай хэмээн зарим нэр дэвшигч тооцоолсон аж. Одоогоор МАХН-ын Ө.Энхтүвшинг эс тооцвол сонгуулийн сурталчилгааны нээлтээ уламжлалт аргаар буюу задгай талбайн шоугаар эхэлсэн нэр дэвшигч Хөвсгөлд лав алга. Ахынхаа суудлыг залгамжлахаар санаа шулуудан, Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Отгонсайхан түүнээс өрсөн төрсөн нутагтаа очиж, сонгогчидтой уулзаж, залуучуудын уулзалтыг зохион байгуулсан ч хамтлаг, дуучдад мөнгө цацахыг хүсээгүй бололтой. Тэрээр Арбулаг сумын бүх айл өрхийг гүйцээгээд, Цэцэрлэг рүү өчигдөрхөн явсан аж. Газар шорооныхоо төлөө тэмцэгч гэсэн тодотгол л түүнийг илүү чимж, хүч оруулж байгаа гэх.
О.Отгонсайханы хувьд хөрөнгө санхүүжилт төдий л элбэг хангалуун бус байгаа болохоор өөрөө биечлэн сонгогчидтой уулзах, санал хүсэлтийг нь сонсох маягаар одоохондоо сурталчилгаагаа хийж байгаа гэнэ. Аймгийн төвд хэдхэн өдрийн өмнө босгосон Хотгойдын хүү Чингүнжавын хөшөөг нээж, хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсоныг эс тооцвол тэрээр Мөрөнгийн сонгогчидтой төдий л тулж ажиллаж амжаагүй гэсэн.
Нэр дэвшүүлсэн намын зүгээс ч дорвитой санхүүжилтийг хотгойдын нутаг руу явуулаагүйтэй энэ нь холбоотой. Ардчилсан намын YЗХ-ны гишүүд ойрын үед уулзаж, цуглараагүй, олонх нь амарч буй дарга нь хөдөө орон нутагт томилолттой яваа учраас нөхөн сонгуулийн сурталчилгаанд зориулах хандиваа ч цуглуулж амжаагүйг ойрын эх сурвалж мэдээлж байлаа. Гэсэн ч угийн цэнхэр тодотголтой Хөвсгөлчүүдэд Ардчилсан намынхан найдлага тавьж буй.
Тэгвэл Ах намаас нэр дэв шигчийн хувьд нөхцөл байдал тун эерэг. Нутгийн олон нь түүнд ихэд элгэмсэг, сонгогчид ч ам сайтай байгаа нь өрсөлдөгчдөд нь ч илт анзаарагдаж эхэлсэн гэнэ. Өнөөдрийн байдлаар лав хамгийн бийлэгжүү сүртэй нь МАХН байгааг нөхөн сонгуулийн халуун цэгээс ирсэн хүмүүс ярилцаж суугаа.
Хөвсгөлийнхөн МАХН-ынхны мөнгө хөрөнгөтэйг гайхаж, баг болгонд шахуу барьсан сурталчилгааны гэрээр нь орж гаран сониучирхаж буй. Бас нээлтийн шоундаа оролцуулах хамтлаг дуучдыг онгоц онгоцоор нь ачиж ирэн тухай сүр бараатай яриа айлаас айл дамжин тэнүүчилсээр.
Хэдийгээр сонгогчдын ам ерөнхийдөө МАХН-аас нэр дэвшигчийн талд байгаа ч яваандаа нөхцөл байдал хаашаа ч эргэж болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа. Нөхөн сонгуулийн сурталчилгаанд эхнээсээ л баруун солгойгүй мөнгө цацаж буйгаас нь харахад Ах нам эл сонгуульд ихээхэн ач холбогдол өгч буй нь илт гэсэн дүгнэлтийг өрсөлдөгчдийн зүгээс аль хэдийнэ хийж амжсан тухай бор шувуу ч Хөвсгөлөөс нисч эхэлсэн гэнэ. Мөн нөхөн сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 1-н буюу хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцах шахам тохиож байгаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад бас нэгэн үнэгүй сурталчилгаа болох гэнэ. Сайдын албанаасаа түр хугацаагаар түдгэлзээд буй эрхэм нэр дэвшигч өнөөдрөөс нийслэлд ирж, бүх аймгуудын боловсрол, соёлын газрын удирдлагуудтай цахим уулзалтыг хийхээр зэхжээ.
Харин дээрх хоёроос бусад нэр дэвшигчдийн хувьд өчигдрөөс л гэр бараагаа Хөвсгөлд буулгаж, сурталчилгааны штабаа байгуулж эхэлсэн байна. Иргэний Зориг намаас нэр дэвшигч, эл сонгуульд оролцож буй цорын ганц эмэгтэй Ч.Базар намын дарга, эрхэм гишүүн С.Оюун, ерөнхий менежер болох УИХ-ын гишүүн М.Зоригт нарын хамт Мөрөнд очоод буй. Нэр дэвшигч бүсгүй төрсөн нутагтаа очсон даруйдаа л Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, нутгийн ахмад настнуудаараа золгосон сурагтай.
Тэдэнтэй зэрэгцэх шахам Мөрөнд буусан МУНН-ынхан сурталчилгааны штабаа байгуулж амжсан. Тус намаас нэр дэвшигч нь хөдөлгөөнийхөнтэй хүч хавсран сурталчилгаагаа хийж эхэлснийг эс тооцвол одоохондоо бусад нам, нэр дэвшигчдийн бараа сураг Хөвсгөлд дуулдаагүй л байгаа аж.
Ардын эрх сонин 156 /434/
З.Маараг