Хоршоодын нуугдмал хөрөнгийг интерполоор эрэн сурвалжилж байна

Ерөнхий сайд М.Энхболд, Хууль зүйн сайд Д.Одбаяр, дэд сайд Ш.Сүхбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нар өчигдөр УМБГ-ын хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгах тусгай хэлтсийн ажилтай танилцлаа. УМБГ-ын дэд дарга, хурандаа Ц.Эрдэнэбат тэдэнд хоёр сарын турш хийсэн ажлаа тайлагнасан юм. Тус хэлтэс байгуулагдсанаасаа хойш нийт 66 тэрбум төгрөгийн хохиролтой 22 хоршоонд холбогдох хэргийг шалгаж байгаа аж. Тус хоршоодын хохирогчид болох 9100 хүнтэй уулзаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бөгөөд одоогоор 944 зээлдэгчийг тогтоожээ. Зарим хоршоодын эзэд Саудын Араб, Хятад зэрэг 10 гаруй улс оронд хөрөнгөө байршуулсан байж болзошгүй тул нуугдмал хөрөнгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнчлэн дээрх хоршоодын 36 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилж, холбогдох 27 хүнийг хорьж, 70 хүнийг батлан даалтад гадуур байцааж байгаа гэнэ. Тусгай хэлтэс анх 40 гаруй мөрдөн байцаагчтай байгуулагдсан бол өнгөрсөн долоо хоногоос 20 гаруй мөрдөн байцаагчаар хүч нэмэгдүүлжээ.
Мөрдөн байцаагчид уртасгасан цагаар, амралтгүй ажиллаж байгаа ч зарим хохирогчид мэдүүлэг өгөхгүй, зээлдэгчидтэй тодорхой гэрээ хийж, барьцаа авалгүй зээл олгосон зэргээс үүдэж шалгах ажил удааширч байгаа аж. Гэвч энэ сарын 20-ны өдрөөс өмнө хоршоонд холбогдох хэргийг прокурорт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тус хэлтсийнхэн зургаан хоршооны хэргийг прокурорт шилжүүлээд байсан бөгөөд өчигдөр найман хоршооны хэргийг нэмж шилжүүлсэн байна. Ерөнхий сайдын энэ удаагийн уулзалтад тус хэлтэстэй хамтран ажиллаж буй Шүүхийн магадлах шинжээчид, прокурор зэрэг албаны хүмүүс болон зарим хоршоодын хохирогчдын төлөөлөл оролцсон билээ. Шинжилгээний хэсэгт таван хүн ажиллаж байсан бөгөөд дөрвөн шинжээч нэмэгдэж ирсэн ч ажлаа дийлэхгүй байгаа аж. Иймд дахин таван шинжээч нэмж хуваарилах шаардлагатай гэж байв. Одоогоор хоршоодын хэргийг дөрвөн прокурор хянаж байгаа. Гэвч мөн л хүч хүрэлцэхгүй, нэг прокурорт л гэхэд 20 орчим хавтаст хэрэг хуваарилагдсан нь ажлыг хүндрүүлж байгаа гэв. Энэ мэтээр хийж буй ажлаа танилцуулж, гарч буй хүндрэлүүдээ ч хэлж байсан. Хоршоог шалгах хэлтсийнхэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсныхаа дараа мөрдөн байцаалтын ажиллагаанд шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Тухайлбал зарим хоршоод хөрөнгөө гадаадад байршуулсан эсэхийг газар дээр нь очиж шалгах томилолтын зардал, болон компьютер, техник хэрэгсэл дутагдалтай зэрэг бэрхшээл буйг дуулгав.
Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тодорхой арга хэмжээ авч, шийдвэр гаргахаар болсон юм. Мөн 40 шинэ компьютер өгөх шийдвэрийг газар дээр нь гаргасан бөгөөд тус хэлтсийн байранд нотариат ажлуулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгч байлаа. Цаашид үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршооны эрх зүйн орчинг өөрчлөхөөр Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамтай хамтран ярилцаж, намрын чуулганаар оруулах төлөвлөгөөтэй байгаагаа ч дуулгасан юм. Улсын хэмжээнд 845 хадгаламж зээлийн хоршоод байдгаас 22-т нь хавтаст хэрэг үүсгэн шалгаж буй. М.Энхболд сайд уулзалтынхаа төгсгөлд Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой мөрдөн байцаах ажлыг энэ сарын 20 гэхэд эцэслэн дуусгахыг даалгасан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зүгээс хийх ажлыг дуусгавар болгохыг шаардсан хэрэг.
Ардын эрх сонин 156 /434/
Г.Буян