Ноцтой үр дагавар үүсэхэд нөлөөлсөн байгууллага, албан тушаалтнуудад хариуцлага тооцвол зохино

албан тушаалтнуудын
үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй байдлыг бий болгосон хэнбугай ч байсан нэг бүрчлэн тогтоож ил тод мэдээлж буруутай байдалд нь нийцэхүйц хариуцлага тооцвол зохино.
Ерөнхийлөгч Н. Энхбаяр ард түмэндээ хандан радио, телевизээр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш дүүрэн ой тохиосон бэлгэ дэмбэрэлтэй энэ жил бол Монголын ард түмэн та бидний цог хиймор улам бадарч хөх мөнх тэнгэр ивээж хөрст алтан дэлхий дэлгэнэж, хүн малын зоо тэнийсэн, эх түүхээрээ бахархаж ирээдүйгээ гэгээн тунгалагаар төсөөлж их ойгоо тэмдэглэж буй иргэд олны идэвх зүтгэл оргилсон цаг үе болж байна гэжээ. Тэгээд цааш нь Энэ бүтэн жил үргэлжилсэн их ойн баяр наадмын оргил үе нь Yндэсний их баяр наадам болж бүсийн болон орон нутгийн ёслолууд үргэлжилж Хэрлэнгийн хөдөө арлын наадмаар энэ зуны баяр наадам өндөрлөж байна хэмээн анхааруулжээ. Ерөнхийлөгч наадмын тухай хэлэхдээ зайлшгүй ард олноороо оролцсон үүх түүхээрээ бахархах уламжлал ёс заншлаа мэдэрсэн бие сэтгэлийн бяр тэнхээ сэлбэсэн баяр цэнгэл юм гэсэн. Тэрээр цааш нь гадаадын олон орны төрийн өндөр дээд айлчлал наадмын үеэр болсон нь манай наадмын бас нэг эерэг үр дүн гэж дүгнэв. Ард олондоо хандаж найр наадмаа дуусгаж намрын нөр их ажилдаа шуудран орохыг уриалжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн ажилдаа чанартай үнэн сэтгэлээсээ хандаж хадлангаа базааж, ургацаа хураах бэлтгэлээ түргэвчлэхийг сануулав. Энэ жил арвин их ургац хурааж авах бололцоо бий гэж тэрээр үзэж байна. Мал аж ахуй, газар тариалангийн бүхий л ажилд ХХААЯ-ыг шуурхай удирдлагаар хангаж ажиллах ёстойг санууллаа. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил эхлээгүй, тэр ч битгий хэл түүнийг засварлах тендер зарлаагүй байгааг БСШУЯ-нд сануулаад ажил цалгардуулж байгаа хүмүүст хариуцлага тооцож ажиллахыг анхааруулав. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн Сурагчдын өдрийн хоолны хөтөлбөр хэрэгжих ёстойг хэлж эхнээс нь сайн зохион байгуулж бэлтгэлийг сайтар хангаж ажиллавал зохино гэлээ. Орон сууц, цахилгаан станц, нүүрс таталт, Төрийн ордны өргөтгөл, Энхтайвны гүүр зэрэг ажлуудад ч Ерөнхийлөгч анхаарлаа хандуулахаа мартсангүй. Энэ бүх засвар төлөвлөсөн хугацаандаа дуусах ёстойг хэллээ. Тэрээр цааш нь мөрийтэй тоглоомын газрууд хаагдсаныг дийлэнх олны сэтгэлд нийцсэн ажил боллоо гээд Казиногийн хууль гаргах эсэхэд нухацтай хандаж, гаргасан тохиолдолд монгол хүн ордоггүй байх зохицуулалтыг хийх нь зөв гэв. Харин хадгаламж зээлийн хоршоонд (ХЗХ) анхаарлаа ихээхэн хандуулж, энэ талаар нэлээд ярив. ХЗХ олноороо дампуурсан нь ард түмэнд хүнд цохилт боллоо гээд Энэ нь төрөөс ядуурлыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааны баталгааг дээшлүүлэх бодлогыг ноцтойгоор алдагдуулж байгаа юм гэж хэлсэн. Мөн хууль хяналтын байгууллагууд шат шатандаа хууль тогтоомжийн хүрээнд эрчимтэй шуурхай, хамгийн гол нь шударга шийдвэрлэж иргэдийн хохирлыг аль болох гүйцэд барагдуулахад онцгой анхаарвал зохино. Ингэхдээ хоршоодын хууль бус үйл ажиллагаанаас гадна түүнийг ийм хэмжээнд газар авч, ноцтой үр дагавар үүсэх нөхцөл бололцоо бүрдэхэд нөлөөлж хутгалдаж холбогдсон тодорхой байгууллага, албан тушаалтнуудын үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй байдлыг бий болгосон хэнбугай ч байсан нэг бүрчлэн тогтоож ил тод мэдээлж буруутай байдалд нь нийцэхүйц хариуцлага тооцвол зохино хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгэнд нийгэм ихээхэн ач холбогдол өгч байх шиг харагдаж байна. Хоршоодын дампуурлын цаана тодорхой байгууллага, төрийн албан тушаалтан, бүлэглэлийн буруутай үйл ажиллагаа байгаа бололтой гэж ойлгогдсон. Төрийн тэргүүн үгийнхээ төгсгөлд шударга ёсыг тогтоох, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, эв нэгдлийг эрхэмлэх их үйлсэд ард түмнийхээ эрх ашгийг урьтал болгон та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно хэмээн хэллээ.
Ж.САНДАГДОРЖ
(Өдрийн сонин 2006-08-16 202)