Ерөнхийлөгч амралтаа авч, спикер хууль нухаж сууна

Намар хаяанд ирж, хадлан тариалангийн цаг эхэлснийг сануулсан үгийг ард түмэнд хэлснийхээ маргааш өдөр буюу өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр амралтаа авчээ. Түүний амралт тийм ч удаан үргэлжлэхгүй, Ердөө л дөрөв тав хоног гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ярьж байна.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг сануулсан төрийн тэргүүний үгийг ард иргэдэд биш, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад зориулбал илүү тохиромжтой санагдсан. Мөн бооцоот хонжворт тоглоомын газруудыг хаасан явдал сэтгэлд нь ихэд нийцсэнийг ч Ерөнхийлөгч дурдаад авсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамныхны боловсруулж буй Казиногийн тухай хуулийн төсөлд тун болгоомжтой хандахыг анхааруулахаа мартсангүй. Yнэнийг хэлэхэд, түүнийг чухам ямар тэмдэглэлт явдлыг тохиолдуулж ийн өөрийн байр сууриа илэрхийлэх болсныг олон хүн ойлгож чадалгүй үлдсэн.
Ер нь монголчууд төрийн тэргүүнийхээ янз бүрийн найруулга-тай үгийг сүүлийн хэдэн өдөр монголчууд өдөр өнжилгүй сонсч буй гэхэд хилсдэхгүй. Хэдхэн өдрийн өмнө тэрээр олон улсын монголч эрдэмтдийн хуралд оролцогчдод зориулан цөөнгүй хуудас үгийг уншиж, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан бол Хааны эрэлд олон улсын цэргийн сургуулилтад оролцогсдод ч үгээ дайсан билээ. Далд давхар утта бүхий сонсголонтой үгсийг сонгох гэж Ерөнхийлөгчийн эрхэм зөвлөхүүд тэрүүхэндээ тэвдсэн биз.
Харин өчигдөр тэд зөөлөн буйдандаа тухалж өнжив. Учир нь Төрийн тэргүүн маань Их Тэнгэрийн аман дахь харшдаа хэдэн өдөр амсхийхээр шийдсэн байлаа. Магадгүй, адал явдалд дуртай төрийн өндөрлөг хаа нэгтээ голын эрэг дээр уурга дэгээ шидсэн шигээ загасчилж суугаа ч юм бил үү.
Тэгвэл УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хувьд амралт гээчийг мартсан бололтой. Хаврын чуулган албан ёсоор завсарлаж, амралтаа
эхэлчихээд байхад л саарал ордонд ажлын цагтай уралдах шахам эртлэн ирж, өрөөндөө бүгсээр зуныг өнгөрүүлж буй. Наадмын дараахан Буриадыг зорьж, Байгаль нуурын эрэгт хэд хоногийг өнгөрүүлснээр л түүний хувьд энэ жилийн амралт гүйцсэн байж мэднэ. Алс баруун хязгаар нутаг, тойргийн сонгогчдоо ч мартсан мэт чимээгүйхэн суух түүнд саарал ордны сахиул нэрийг Төрийн ордныхон өгөөд буй. Арга ч үгүй, биз,
тэрээр сүүлийн хоёр зуныг лав ийн өнгөрүүлсэн гэсэн.
Хэнхэг нь дэндсэн гэмээр эрхэм спикер өнгөрсөн хавар баталсан хуулиудад гарын үсэг зурж батламжлах, үг, үсэг, утгын бичил засвар, найруулга хийх, дагалдах журам тогтоолын төслийг гаргахаар толгой өндийх завгүй суугаа гэнэ. Яаруу сандруухан баталчихсан зарим шинэ хуулиудынхаа цоорхойг нөхөж, хуудуутай заалтуудад редакцийн засвар хийх нь түүний хобби. Гайгүй хэдэн хууль гаргачихвал энэ төрд төлөх өрөө барагдуулж байгаа нь тэр хэмээн ярьдаг Ц.Нямдорж дарга ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг ч нухаад эхэлчихсэн гэнэ.
Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс бусад Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ шахуу ээлжийн амралтаа авчихсан. Харин мань эр Засгийн газар амарна гэж байхгүй шүү, цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудал их байна хэмээн сануулсаар өрөөгөө сахин үлдсэн. Тэрээр уржигдар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын ажлыг яаравчлахыг сануулсан бол өчигдөр хуучнаар 805 дугаар ангийн байрыг зорьсон юм.
Ерөнхий сайд М.Энхболд Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийг наадмын өмнөхөн байгуулсан билээ. Тэднийхээ ажлын явцтай танилцахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, УМБГ-ын дэд дарга тэргүүтэнг бараа болгон тийшээ зүглэсэн юм.
Ардын эрх сонин 156 /434/
З.Маараг